Categories
мэдээ нийгэм

“Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” төслийн сургалт боллоо

“The Mongolian Mining Journal” сэтгүүлийн дэргэдэх “Хөгжлийн төлөөх сэтгүүл зүй” ТББ-аас Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг GIZ-ийн ЭТИС хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” төслийн энэ жилийн хаалтын сургалт болж байна.

Энэхүү сургалт нь орон нутгийн сэтгүүлчдийг уул уурхайн, эдийн засгийн сэдэвт мэргэшүүлэх зорилготой. Монгол Улсын эдийн засгийн тулгуур салбар уул уурхайн үйл ажиллагаа нь орон нутагт төвлөрдөг. Тиймээс орон нутгийн сэтгүүлчдийн хувьд эдийн засгийн мэдээллийг түгээхэд уул уурхайн салбарын мэдээллийн ил тод байдлыг ойлгох нь их чухал байдаг. Иймд уул уурхайн мэдээллийн ил тод байдлын талаар хоёр өдөр үргэлжлэх сургалтын эхний өдөр нийт 21 аймгийн сэтгүүлч нарт “Монголын олборлох үйлдвэрлэлийн засаглалыг сайжруулах” төслийн зохицуулагч Ш.Цолмон болон “Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн”-гийн Монгол дахь зохицуулагч Н.Дорждарь сонсгол тавьжээ.

Мөн өнөөдрийн семинарт үргэлжлүүлэн орон нутгийн гэрээний ил тод байдлын талаар болон эрдэс баялгийн салбарын талаар ил тод болж буй мэдээллийг хэрхэн ашиглах талаар “Монголын олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга”-ын Ажлын албаны зохицуулагч Б.Дэлгэрмаа илтгэл танилцуулжээ. Энэ удаад Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ төслийн сургалтыг зохион байгуулахад нь “Монголын олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга” дэмжин оролцож байгаа ажээ.

Семинарын эхний өдөр ийнхүү уул уурхайн салбарт чиглэх бол семинарын хоёр дахь өдөрт сэтгүүлзүйн салбарт төвлөрнө. Тухайлбал сэтгүүлчдийн нийтлэг гаргадаг алдаа, түүнээс зайлсхийх тухай, улс төрийн коммуникацийн дэлхийн чиг хандлага, медиа зах зээлд гарч буй өөрчлөлт хандлага зэрэг чухал сэдвээр оролцогч сэтгүүлч нар суралцаж, илтгэл сонсох юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *