Categories
мэдээ цаг-үе

Түүхэн болон орчин цагийн сэдэв рүү ойж, буусан “Зүрхний хилэн”


Кино үзсэн олон хүний зүрхийг хилэгнүүлэх тул ингэж нэрлэсэн болохоос бус Ж.Пүрэвийн “Зүрхний хилэн” романтай огтхон ч хамаагүй гэх түүхэн сэдэвтэй кино есдүгээр сарын 29-нд нээлтээ хийлээ. Монголчууд манжийн дарлалд орсноос 100 гаруй жилийн дараахь буюу 1867 оны цаг үед энэхүү “Зүрхний хилэн” конины гол үйл явдал өрнөж байгаа юм гэж кино бүтээгчид тайлбарлаж байна. Эрболд алба гувчуураа нэхсэн манжийн худалдаачинтай сөргөлдөн хоригддог ч хэн ч оргож зугтааж байгаагүй “Батгүн”-ий шоронгоос бусад нөхдийн хамт зугтаж буйгаар үйл явдал эхэлнэ. Монгол ноёдын амласан эрх чөлөөний бичгийг авахын тулд эрчүүд тэмцэх бөгөөд Манжийн амбан ч тэднийг дарахын тулд олон арга сэднэ.

Монгол Улсад Манж улсаас томилогдон ирж байгаа амбан сайд Фунь Жоу 35 орчим настай, зарчимч эр. Тэрээр өмнө нь хар тамхины дайнд оролцож гавьяа байгуулаад дараа нь тэндээсээ Монголд болж байгаа асуудлыг шийдвэрлэхээр томилогдож ирсэн, Манж Чин улсынхаа төлөө гэх сэтгэлтэй хүн аж.

Фунь Жоу өөрийн албандаа ирээд, гүйцэтгэж буй нэгэн том ажил нь хятадаас ихээхэн хэмжээний хар тамхийг тэмээн жингээр оруулж ирэх үйл явдал байлаа. Энэ зохиолын нэгэн гол зөрчил хэсэг гэсэн үг. Монгол залуус буюу шилийн сайн эрчүүд хар тамхийг эх орондоо оруулахгүйн тулд жин тээж буй хятад цэргүүдтэй дайтан, тэднийг буудан хороож, хар тамхийг шатааж устгана. Хятад цэргүүдийг хороож, хар тамхины наймааг нь үгүй хийсэнд Фунь Жоу амбан сайд ихэд хилэгнэж, шилийн сайн эрчүүдийг бариулахаар хүч илгээдэг ч тусыг эс олов оо. Эцэс сүүлд нь Манж амбаны сэдэж олсон нэгэн мэргэн санаа нь “Шилийн эрчүүдийг, шилийн эрчүүдээр нь бариулах” байлаа. Шоронд хоригдож байсан зургаан эрийг суллахдаа хар тамхи устгачихаад, уул хадаар амьдарч яваа зургаан эрийг барьж ирвэл нэг хүний толгойг хоёр мянган лангаар тооцож, та бүхнийг шагнана гэв ээ. Тэд адил шилийн эрчүүд учир явдал суудлыг нь андахгүй мэдэж газар дээр нь бариад амбаны өргөөнөө аваад ирлээ. Гэтэл Фунь Жоу амбан “Хоёр мянган лангийнхаа тал хувь нь монгол эрчүүдээр шатаалгасан хар тамхины үнэ. Үлдсэн төлбөрт нь энэ хэмээн Монгол ноёны охин, нэгэн сайн эрийн дурлалт бүсгүйг хороож орхив.

Миний өмнө өвдөг сөхөрвөл бүсгүйг хороохгүй хэмээн худал амлаж, залууг өвдөг сөхрүүлэхдээ “Монголчууд та нар Манж Чин улсын өмнө үргэлж мөнхөд сөхөрч байх болно” гэж доромжлон инээмсэглэнэ. Түүний эл мэт үйлдэлд уурсан, хилэгнэсэн монгол эрчүүд хүчээ нэгтгэн Манжуудтай дайтаж тэднийг хороогоод, Фунь Жоу амбаныг мориор чирж, хээр талд аваачин том чулуугаар толгойг нь бяц хагалан хороож буйгаар кино төгсгөл болж байгаа юм.

Бичиг үсэг тайлагдаагүй ч монголын шилийн сайн эрчүүд бол эх орныхоо төлөө хамаг бүгдийг хийдэг, хамгийн эх оронч сайн хүмүүс юм гэсэн нэг талыг барьсан, өрөөсгөл ойлголтыг энэ киногоор өгчээ. Хүнийг зодож, алж, аливааг хулгайлж, хүчээр шийдэх нь зөв гэсэн санааг өгсөн мэт. Угтаа бол шилийн эрчүүд гэдэг нь айлын мал хулгайлж, хулгайлсан адуунаасаа хэд гурвыг ядарсан ардад үнэгүй тараачихдаг л байсан эрчүүд. Үнэгүй олдсон зүйлсийг үнэгүй тараах нь тийм ч нинжин сэтгэл биш биз ээ.

Ер нь киногоор “Манж Чин улс Монголыг эрхшээлдээ байлгасан, манай дайснууд юм. Манж хүмүүсийг үзэн ядах ёстой” гэх яг үнэн бодит биш түүхийг харуулжээ. Манжууд монголыг эрхшээлдээ байлгахын тулд монгол эрчүүдийг хооронд нь муудалцуулж, эсвэл мөнгө төгрөг амлаж байж, нэгийг нөгөөгөөр нь даруулахаас биш, өөр үндэстэн монголчуудыг дийлэхгүй гэдэг санааг ч илэрхийлсэн байна. Энэ нь орчин цагийн гадаад харилцаа, улстөрчид муудалцахаараа бусдын хоол болдог, монголчууд хоорондоо муудалцах нь гадныханд ашигтай гэх санааг илэрхийлэх мэт ажээ.

Ер нь киноны үйл явдалд жүжиглэлтийн болон логикийн олон алдаа гарах юм. Тухайлбал, Эрболдыг эргэхээр эхнэр нь шоронд ирэхдээ “унждаг ногоон шүрэн” ээмэг зүүсэн байв. Гэтэл тэр ээмгийг нэгэн монгол ноёны хатны залуугийн дүрд тоглосон эмэгтэй зүүчихсэн байгаа нь урам хугалах мэт.

Үүнээс гадна шилийн сайн эрс Эрболдын гэрт ирээд, цайлж суух зуураа түүний бяцхан хүүг дамжуулан тэвэрч өхөөрдөнө. Гэтэл нэгэн эр хүүг “Үү ниа ниа, үү ниа ниа” гэх юм. Энэ мэтээр ярьж хэлэлцэж, өөр хоорондоо “маазарч” үзэгчдийг нир хийтэл инээлгэх нь нэг л итгэл төрүүлэхгүй байсан бөгөөд өнөөгийн инээдмийн кино мэт байх ажээ. Орчин цагт л залуус бие биенээ “ниа, ниа” хэмээн өхөөрдөн дууддаг болсон билээ.

Харин графикийн аргаар хийсэн, алан хядалт, манжуудаас зугтаан хясаанаас морьтойгоо үсэрч байх зуураа хад бугуйлдан зүүгдэж, амь гарч байгаа, тэмээн жинтэй давхиж яваад нуурт унаж, мөсөн доогуур жараахай мэт сэлж буй зэрэг нь үнэмшилтэй байсан бөгөөд үзэгчдийг хэд, хэд уулга алдуулж буй нь энэ киног аврах юм.

Монгол ноён алба сэнтийгээ алдахгүйн тулд нас бие гүйцсэн өөрийн үзэсгэлэнт охиноо Манж Чин улсын амбанд өгөх гэхэд охин ихэд эсэргүүцэж, өөрийн сэтгэлт ядуу эртэй гэрлэх гэж зүтгэнэ. Энэ үед бүсгүйн ээж “Ямар хэцүү хувь тавилан, яс зурж байдаг хорвоо юм бол оо” хэмээн халаглан, харуусна. Уг нь тухайн үед Монголчуудыг Манж Чин улс эзлэн, олзлоод байсан, хамгийн том дайсан мэт үзээд байх учиргүйсэн. Угаас тухайн үед Манж амбан зэрэг албан тушаалтнууд монгол овогтой хатантай гэрлэж байж баталгааждаг байсан бөгөөд одоогийнхоор нэгэн эрх баригч нам гэсэн үг билээ. Монголчуудыг эвлэрүүлэн барьж байсныг тэднийг дайсан мэт үздэг өнгөцхөн үзлийг энэ кинонд харуулжээ. Мөн 1613-1687 оны үед Амарлингуй хатан хойд Алтан улс буюу зүрчид аймгийг нэгтгэн, Мин улсыг устгаж, бүх дундад улсыг нэгтгэн захирч, дайчин гүрнийг үүсгэн байгуулсан түүхтэй билээ. Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, З.Жарантав, Ё.Цог, ардын жүжигчин Н.Сувд, С.Сарантуяа, Г.Мягмарнаран зэрэг ахмад уран бүтээлчид тоглосон болоод ч тэрүү. Киноны зарим хэсгийн хувцаслалт аж байдал нь Драмын театрт түүхэн жүжиг үзэж буй мэт сэтгэгдэл төрүүлэх аж.

Үзсэн хамаг хүн сайн, сайхан кино болжээ гэх юм. Ер нь манж 200 жилийн турш монголчуудыг бутаргалгүй барьснаар, одоогийн төр улс тогтсон түүхтэй шүү дээ. Энэ тухай дурсахыг ч хүсээгүй бололтой, есөн эрүү шүүлт зэрэг хатуу чанд дэглэмийг харуулан, албан хүчээр Манж бол монголчуудын дайсан юм гэх санааг энэ киногоор илтгэжээ. Уг нь киноны зохиолыг Манж судлалаар мэргэшсэн түүхийн ухааны доктор Ц.Цэрэндорж зэрэг хүмүүс хянаж, зөвлөсөн гэнэ лээ. Гэхдээ зохиолыг жүжигчин Э.Алдар, Б.Тамир нар ярилцаж байгаад 14 хоногт биччихсэн аж. Залуучууд түүх мэдэхгүй тул багцаалдуулаад л авсан нь энэ байх. Гэхдээ ахмад жүжигчид хүртэл түүхээ мэддэггүй хэрэг үү. Дөрвөн улирал дамнасан зураг авалттай, Монголынхоо дөрөв, таван аймгаар явж байгалийн үзэсгэлэнг харуулсан, түүхэн бүтээлийн хувцас, хэрэглэл зэргийг нэлээд бэлтгэсэн зэрэг нь орчин цагт гарч буй бусад монгол кинонуудаас нэг алхам өссөн байдал гэж хэлж болохоор юм. Киноны шилийн сайн эрчүүдийн дүр яг тодорч чадаагүй бөгөөд хамгийн урам хугалсан нь Э.Алдарын дүр байлаа. Тэрээр дүүгүүр Дүгэр хэмээх хамгийн алдартай шилийн эрийн дүрийг бүтээж байгаа боловч томоотой хөвгүүн шиг бүлтэлзээд гэмгүй царай гарган сууж байдаг нь яавч шилийн эр биш мэт байх ажээ. Харин Манжийн амбан Фунь Жоугийн дүрийг жүжигчин Б.Барслхагва яг л гаргачих шиг болсон шүү. Мөн Ж.Алтаншагайгийн дүр сайн болсон.

Хоёр жил үргэлжилж байж бэлэн болсон энэхүү киноны дууг МУГЖ Г.Ариунбаатар дуулжээ.

Урлаг нийгмээ хөтлөх ёстой байтал энэ кино бол нийгэмдээ хөтлөгдчихсөн байна. Өөрөөр хэлбэл орчин цагийн залуус хятад мэт улсуудыг үзэн ядсан, зодож, дарангуйлах нь зөв гэсэн санааг алга ташин дэмжинэ, хар тамхины тухай өгүүлэх нь тэдэнд хамгийн ойр сэдэв болчихсон. Мөн алба сэнтийд суухын тулд хэрэгтэй, хайртай бүхнээ ч золиход бэлэн дарга нарыг илтгэж, түүх рүү нэг ороод л, орчин цаг руу нэг хэвийгээд нисч буугаад, ойгоод байх аж. Түүхэн ч биш, орчин үе ч биш саармаг байдлыг өгүүлэх “Зүрхний хилэн” киноны тухай өгүүлэхэд иймэрхүү байна. Савангийн дууриас хэтрэхгүй монгол кинонуудаас залхсан залуус, өөр сэдэв үзэхийг хүсч түүн рүү хошуурч байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *