Categories
мэдээ цаг-үе

Аймгийн начин Х.Лувсанжамц: Бид нар ингээд хаяад явчихвал эзэнгүй болно шүү дээ, эх орон минь

Д.АРИУНД.АРИУН

ХИС-ийг Олон Улсын Харилцаа, Эдийн Засагч мэргэжлээр дүүргэж, өдгөө АНУ дахь Virginia Interna­tional University (VIU)-д Global Logistic буюу Олон улсын mээвэр зуучлалын чиглэлээр магистрын зэрэг хамгаалахаар суралцаж буй аймгийн начин Х.Лувсанжамцтай ярилцлаа.

-Хэрхэн Америкт суралцах болсон талаар яриагаа эхлэх үү. Тэр дундаа бөхчүүд магистрын зэрэг хамгаалж байна гэхээр хүмүүс их сонирхдог байх?

-Миний хувьд арван жилдээ хятад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай сургууль төгссөн болохоор Хятад явж сурах боломж илүү байсан. Гэвч АНУ-д суралцсанаар өөрийгөө улам нээж хөгжүүлэх, бас нийгэмдээ хийж бүтээх зүйлс илүү болно гэсэн үүднээс энд байсан үеэлтэйгээ холбогдож, VIU-ийн тухай олж мэдээд, элсэлтийн материалуудаа бүрдүүлж эхэлсэн л дээ. Нуулгүй хэлэхэд аюулгүй байдал талаас гэрийнхэн маань санаа зовж байсан. Буудалцаан боллоо гэхчлэн бүтэхгүй зүйл л бидэнд мэдээлэгдэж байдаг болохоор тэр. Азаар гэх юмуу сургууль маань Америктаа хамгийн аюулгүй тайван орчинд байрладаг Fairfax хотод байдаг болохоор өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд тэдэнд маань эмээх зүйл огт гарсангүй. Ердөө 30 орчим минут яваад л Вашингтон Д.С. рүү ороод ирдэг. Тэнд бол бүх элчин сайдын яамд байрладаг, үндсэндээ бол АНУ-ын төдийгүй дэлхийн нийслэл юм даа.

Дээрээс нь энд ирснээр хувь хүнийхээ хувьд өөрийгөө хөгжүүлсэн, олон зүйлийг өөртөө нээж, өөрийгөө оллоо. Ажлын өндөр туршлагатай хүмүүстэй нэг баг болж, Энэтхэг, Араб, Йордан, Испани, Хятад гэхчлэн олон орноос ирсэн оюутнуудтай найзалж, өөрийгөө сорьж, тэднээс их зүйлс суралцаж байна. Орон орны хүмүүс өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой байх юм. Жишээ нь, Энэтхэг оюутнууд маш шаргуу байхад Арабууд их няхуур. Зарим тохиолдолд бид нарт чирэгдээд, хэт их асуулт асуугаад байгаа харагдавч, олж авсан мэдлэгээрээ илүү гарчихсан байх жишээтэй. Тэгэхээр тэр бүх хүний арга барилаас суралцаж байгаа минь өөрөө бас их том боломж юм даа.

-Америкт ирэхдээ англи хэлний түвшин хэр байсан бэ. Шууд магистрын ангидаа орсон уу?

-Сургуульдаа ирээд англи хэлний түвшин тогтоох шалгалт өгсний дараа нэг жил гаруй хэлний бэлтгэлд суусан.Цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэе гэвэл шууд л эх оронд нь очиж, тухайн хэлийг үзэх хэрэгтэйг энд ирээд илүү ойлгосон. Зөвхөн хэл үзээд зогсохгүй, хэлний бэтгэлийн шат нь ахиад ирэх тусам академик түвшинд судалгаа шинжилгээ хэрхэн хийх, илтгэх чадвараа хэрхэн дээшлүүлэх зэрэг хөтөлбөрүүд нэмэгдээд явчихдаг нь их таалагдсан. Миний хувьд оюутан байхдаа англи хэл сонирхохгүй, хятад хэлтэй л байхад хангалттай гэж бодож байсан маань буруу байсныг одоо ухаарч байх жишээтэй. Дээрээс нь англи хэлний хичээлийн цаг дээрээ төмөр өргөөд зогсохыг илүүд үзэж явсандаа одоо харамсдаг шүү. Залуус маань энэ алдааг битгий давтаасай. Англи хэлний мэдлэг өдөр ирэх хэрээр шаардлагатай болж байна.

-Сонсоод байхад эцэг, эх тань боловролд чинь их анхаарсан байна. Хятад сургуульд сургаж, дээрээс нь дэлхийн их гүрэнд магистр цол хамгаалуулна гэдэг бас л их хүч хөдөлмөрийг тэднээс шаардаж байгаа. Ачийг нь хариулах тухай мэдээж бодно биз?

-Өө, тэр бол байнга шүү дээ (инээв). Аав ээж хоёр маань үргэлж намайг сонсч, дэмжиж байдагт нь баярлаж явдаг. Одоо барилдмаар байна, сурмаар байна гэхэд үргэлж л урам хайрлаж, хажууд бас зогсоостой. Монголд байхдаа сайн барилдаж баярлуулахсан гэж хичээдэг байсан бол одоо сайн сурахсан гэж боддог болжээ. Үнэндээ албатай юм шиг бэлдэж өгсөн юмыг нь идэж, хэрэглэчихээд явдаг байснаа бодохоор баярлалаа гэж байсан маань ховор санагддаг.Иймд “Өдрийн сонин”-оороо дамжуулаад хайрт аав ээж хоёртоо хүү нь хязгааргүй их хайртай, та хоёроороо бахархаж явдгаа хэлье.

-Таны аав бас бөх хүн байдаг гэсэн байх аа?

-Тийм. Миний аав улсын начин А.Хатансайхан гэж хүн бий. Барилдахгүй болсноосоо хойш хэсэг хувийн бизнес эрхэлж байгаад одоо Зам Тээвэр Хөгжлийн Яам, Авто тээврийн үндэсний төвийн Замын Үүд дэх салбарын даргаар ажилладаг. Би доороо ганц охин дүүтэй. Тэр маань саяхан манай сургуульд сурахаар тэнцэж ирээд хичээлдээ орчихсон яваа.

-Аавынхаа улсын начин болж байсан үеийг санадаг уу?

-Ёстой санадаггүй юмаа.(инээв)Бусдаар бол аавынхаа заалны бэлтгэл, барилдаан бүрт нь хамт явдаг байсан. Бөхийн өргөөнд дээлийнх нь захыг мушгиад л сууна шүү дээ. Харин жаахан томроод ирсэн чинь аав минь барилдахаа болиод миний дээлийн захыг мушгиад суудаг болсон байсан.

-Хэдий боловсролдоо анхаарч байгаа ч хувийн амьдралаа давхар зохицуулаасай гэх битүүхэн шахалт аав ээжээс нь ирэх юмуу?

-Өө байнга шүү дээ.Аав л их хэлдэг юм. ”Хүүе чи оройтлоо” эсвэл ”Эмээ чинь чамайг оройтлоо гээд байна, чи хурдан хүүхэдтэй болооч” гэх жишээний.Гэр бүл зохиох тал дээр өөрийгөө арай л бэлтгэгдээгүй байна гэж боддог. Хоёрдугаарт зорьж, бүтээхсэн гэсэн зүйл олон байна. Гэхдээ сайн хүнтэй таарвал ”би зорьсон юмтай” гээд яваад байхгүй байх л даа.

-Тэгвэл ямар охид илүү таалагддаг вэ?

-Өөрийн бодлоо тулгаад байхгүй бусдыг сайн ойлгож, хүндэтгэдэг хүн байвал зүгээр болов уу. Амар амгалан байдлыг эрхэмлэдэг болохоор хурц ааштай хүн надтай ер нь тохирохгүй байх.

-Сургуулиа төгсөнө гэдгийг эн тэргүүнийхээ зорилго болгосон юм байна. Төгсөөд юу хийх төлөвлөгөөтэй байна?

-Энд ирэхээсээ өмнө би “Сод Монгол” компанийн тээвэр ложистикийн албанд ажилладаг байсан. Одоо миний суралцаж байгаа чиглэл бас Global Logistic буюу Олон улсын тээвэр зуучлал. Иймд сургуулиа төгсөөд мэргэжлийнхээ дагуу нэг жил дадлага хийнэ гэж зорьж байна. Угаасаа манай төгсөгч нар Америкт үлдээд нэг жил албан ёсоор ажиллах эрхтэй байдаг. Тэр боломжийг алдахгүйгээр FedEx, DHL зэрэг эндхийн томоохон буухиа шуудангийн газруудад ажиллах сонирхолтой. Хятад хэлээ ашиглаж Amazon зэрэг Хятадаас их хэмжээний тээвэрлэлт хийдэг газруудад дадлага хийхэд ч болохгүй юу байхав.

-Усыг нь уувал ёсыг нь дага гэдэг. Унаган хятад хэлтэй, энэ их гүрний талаар илүү өргөн мэдээлэлтэйн чинь хувьд асууж байгаа юм шүү. Манайхны дунд яваад байдаг ”хятад үзэл” ямар санагддаг вэ?

-Үнэнийг хэлэхэд тийм ч сайхан санагддаггүй шүү. Манайхан хэт туйлшраад ”хятадууд муу муухай” гэдгийг цөөн хэдэн боловсролгүй, бүр хөдөөний, хариуцлага муутай хятад дээр үндэслэж ярьдаг. Тийм өчүүхэн зүйлсийг дэвэргэхийн оронд энэ улсаас авах, суралцах зүйлсдээ илүү анхаарахсан. Саяхан би уншиж байлаа. Европоор аялж байсан нэг хятад нөхөр10 мянган ам.доллароор хундага виски авч уусан тухай. Тэр жуулчдыг л Монголд авчирмаар байна шүү дээ, өөрсдөөсөө түлхэх биш. Дэлхийн хамгийн их мөнгө үрдэг жуулчдаар хятадын залуу үе тодорсон байна лээ. Жишээ нь, хоёр хятад залуу ойрхноор нь Монголд аялахаар шийдэж, интернэтээр Монголын тухай мэдээлэл сонирхтол нөгөө бидний болсон болоогүй хятадуудын эсрэг мэдээллүүд хамгийн түрүүнд гарч ирсэн байдаг. Тийм зүйлийг уншсан хүмүүс манайд аялах уу? Иймд өнөөгийн цахим зуунд бид ярьж бичиж буй зүйлстээ илүү болгоомжтой хандах хэрэгтэй байна. Америкт бол дэлхийн бүх үндэстэн ястан амьдардаг. Хуулийн дагуу хүн шударгаар ажиллаж, хөдөлмөрлөөд явахад хэн ч биднийг үндэслэлгүйгээр хардаж, сэрдэж, дайрч доромжлохгүй. Иймд манай хууль хатуу байж, хүнд хүрэх цагт бид олон зүйлд санаа зовохоо болих байх.

-Монгол, Америк дахь оюутны амьдралд хэр их ялгаа ажиглагдав?

-Мэдээж бэлтгэл байхгүй учраас энд сурах нөхцөл илүү бүрдсэн. Монголын маргааш олон гэж бид ярьдаг бол энд богино хугацаанд их зүйлийг амжуулж сурчээ. Олдсон жаахан чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэхийг хичээдэг. Сургуулийн маань монгол оюутны холбоо их идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Бид хамтдаа долоо хоног бүр сагс тоглож, амралтынхаа үеэр байгалийн үзэсгэлэнт газрууд болоод Америкийн бусад хот мужуудаар аялдаг.

-Үүний хажуугаар бэлтгэл хийх боломж гарах юм уу?

-Ойр амьдардаг бөхчүүдтэйгээ хамт зодог шуудгаа өмсөөд зааланд барилдана шүү. Хичээл сургууль, ажил төрөл гээд яаж ч ядарч байсан тал бүрээс цуглаад бэлтгэлээ хийх сайхан байдаг. Улсын начин Д.Лхагвадорж ах, ОУХМастер МУГТамирчин С.Миарагчаа, Олимпийн хүрэл медальт С.Ням-Очир гээд олон хүн бий. ОУХМастер н.Баясгалан гээд ах маань удахгүй энд чөлөөт бөхийн дэвжээ нээхээр ажиллаж байна. Сонирхуулахад энэ жилийн Вашингтон ДС дэх монголчуудын баяр наадмын барилдаанд миний бие сургуулийнхаа нэр дээр барилдаж, үзүүрлэсэндээ баяртай байгаа.

-Тэгэхээр та нар маань бас нутгаа битүүхэндээ их л санадаг байх нь?

-Мэдээж улсын баяр наадмаар ч юмуу томоохон ойн арга хэмжээний барилдааныг харахад сэтгэл огшиж, эх орон, ээж ааваа санана. Тэр тусмаа хамтдаа барилдаж явсан үе тэнгийн бөхчүүдээ харахад дахиад нэг хоёр жил барилдаж байгаад ирсэн бол дээр байж уу гэж бодогдох жишээтэй. Гэхдээ мэдээж энд ирсэн зорилгоо мартаж болохгүй л дээ.

-Наадмын өмнөхөн Ерөнхийлөгчийн сонгууль болж, тэр тусмаа бүр бөх хүн ялалт байгууллаа шүү дээ?

-Мэдээж сайхан санагдсан. Тамирчин хүн ерөнхийлөгч болсноор хүмүүсийн дунд байдаг ташаа ойлголтыг бага ч болтугай өөрчилсөн болов уу. Бөх хүн гэхээр мэдлэггүй гэх ойлголт өөрөө буруу. Харин ч спортоор хичээллээд аливаа зүйлийг хүлээж авах чадвар илүү сайжирч, тэсвэр хатуужилд суралцдаг. Сонгуулийн үеэр ажиглагдсан зүйл гэвэл залуучууд маань улс төрд хэт их туйлширч, өөрийн гэх үнэт зүйлгүй болсон шиг санагдсан. Гэхдээ мэдээж хүн бүр тийм биш л дээ. Улс орондоо ихийг хийх хүсэлтэй мэдлэгтэй, нам гэж туйлширдаггүй хүн илүү олон. Цахим ертөнцөөр хов жив ярьж, бусдын тухай бичих биш, хувь хүнийхээ хувьд өсч дэвжих зүйлд цаг заваа зарцуулаасай залуус маань.

-Америкт байгаа монголчууддаа хандаж хэлэх зүйл гэвэл?

-Монгол руугаа буцаасай гэж их хүсдэг. Энд сурч, ажиллаж олж авсан мэдлэг туршлагаа Монголдоо гаргаасай. Ц.Элбэгдорж ерөнхийлөгч ”Монгол бол хязгааргүй боломжийн орон” гэсэн нь үнэн санагддаг. Монголд очоод юу хийх билээ, очоод ажлын байр олдохгүй байх гэх хандлага энд илүү давамгайлдаг санагдсан. Нөгөө талаас Монголд буй зарим нь ”Чи жаргал хөөж гадаад явсан бол Монголын асуудал чамд хамаагүй” гэх хандлагатай. Миний бодлоор монгол хүн Монголдоо хэрэгтэй, Монголоо л хөгжүүлнэ. Хүнд ажилласан ч монгол хүндээ ажилладаг байя. Бид нар ингээд хаяад явчихвал эзэнгүй болно шүү дээ эх орон минь.

-Тэгвэл Америкт ирж, суралцах хүсэлтэй залуустаа хандаж хэлэх зүйл байна уу?

-Мэдээж мөнгө маш хэрэг болно. Иймд болж өгвөл илүү зардал битгий гаргаасай. Наад захын жишээ гэхэд Америкт сурах хүсэлтэй гээд хэдэн зуун эсвэл хэдэн мянган ам.долларыг бусдад өгдөг. Болсон болоогүй зуучлагч нартай холбогдож байхаар тухайн сонирхсон сургуулийнхаа вэб сайт руу нь түрүүлж ороосой. Жишээ нь манай сургуульд ажилладаг монгол оюутан маань өөрийн гэсэн сошиал хуудсаараа Virginia International Universi­ty-д сурах хүсэлтэй хүмүүст тусалж, сонирхсон асуултад нь үнэ төлбөргүй хариу өгч байдаг. Энэ мэт олон боломж нээлттэй байхад манайхан аль болох яаралгүйгээр суралцах сургууль, мэргэжлээ сайн судалж байгаад ирээсэй.

Д.АРИУН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *