Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

АТГ-аас прокурорт хаягласан олны анхаарал татсан хэргийн эзэд

Төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүст хамаатай эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусчээ. Орон сууцны санхүүжилтийн корпорацийн захирлаар ажиллаж байсан А.Гантулга, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Р.Эрдэнэбүрэн, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат, Гаалийн ерөнхий газрын Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын дарга Б.Оюундэлгэр, Зам тээврийн яамны газрын даргаар ажиллаж байсан Р.Онон нарын хэргийг АТГ шалгаж дууссан байна. Ингээд тэдний хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар харьяа прокурорын байгууллагад хүргүүлээд байгаа юм. Тэднээс гадна төрийн өндөр албан тушаалтнуудтай үгсэн хуйвалдаж улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт М.Тулга нарын нэр бүхий долоон хүнийг яллагдагчаар татжээ. Мөн Хөгжлийн банкны албан тушаалтнуудад холбогдох хэрэгт Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярыг яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлсэн байна. Эдгээр эрхмүүдийн холбогдсон хэргийг эргэн сануулъя.

1.3 ИХНАЯД ТӨГРӨГИЙН ЗӨРЧИЛ ИЛЭРСЭН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДУУЛИАНТХЭРГИЙН БУРУУТНУУД

Хөгжлийн банк 2012-2016 оны хооронд “Чингис”, “Самурай” бондыг санхүүжүүлсэн билээ. МАН-ын Засгийн газар байгуулагдаад бондын зарцуулалтад шалгалт хийж, 1.3 их наяд төгрөгийн зөрчил илрүүлсэн тухай өнгөрсөн жил бахархалтайгаар мэдээлж байв. “Чингис”, “Самурай” бондын хөрөнгийг үр ашигггүй, эргэн төлөгдөх баталгаагүй зарцуулсан асуудал сөхөгдөхөд Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат нарын хүмүүс нэр холбогдсон. Энэ асуудлаар Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбатыг албан тушаал эрх мэдлээ урвуулан ашиглаж, улсын хөрөнгийг хувьдаа завшсан гэх үндэслэлээр саатуулан шалгасан. Түүнийг цагдан хоригдсоны дараа 20 гаруй тэрбум төгрөгийг хувийнхаа данс руу шилжүүлж мөнгө угаасан байж болзошгүй гэх мэдээлэл цацагдаж байв. Үүнээс гадна хэргийг шалгах явцад хувийн чанартай гүйлгээнүүд нь хуулийнхны анхаарлыг татаж эхэлсэн гэдэг.

Тухайлбал, таван сая иенийн гүйлгээ хийсэн нь илэрч байсан юм. Хөгжлийн банкны удирдлагууд ямар ч тооцоо судалгаагүй бондын мөнгийг баруун солгойгүй урсгасан мэт эрх баригчид мэдээлж байв.

АЛБАН ТУШААЛАА АШИГЛАЖ НЭГ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗУВЧУУЛСАН А.ГАНТУЛГА

АН-ын засаглалын үед Төрийн орон сууцны корпораци(ТОСК)-ийн захирлаар ажиллаж байсан А.Гантулга улсаас нэг тэрбум төгрөг зувчуулсан хэрэгт буруудсан билээ. Тэрбээр уг албан тушаалыг хашиж байхдаа танил талдаа давуу байдал олгож, их хэмжээний мөнгө үрэн таран хийсэн гэгддэг. Түүнийг “Албан тушаалын байдлаа хэтрүүлж, хувийн компанитай гэрээ байгуулан нэг тэрбум төгрөгийн зээл олгож, ТОСК-д онц их хэмжээний хохирол учруулсан” гэсэн үндэслэлээр АТГ-аас жилийн өмнөөс шалгаж эхэлсэн билээ. А.Гантулга нь “Үндэсний барилга консорциум” компанийн захирал Д.Цэндтэй 2013 оны арваннэгдүгээр сард хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ байгуулж, дээрх нэг тэрбум төгрөгийн зээлийг олгосон аж. Харин тус консорциум нь ямар ч ажил гүйцэтгээгүй гэж тухайн үед хэвлэлүүдээр шуугиж байсан.

Хэрэг мандсан цагаас АТГ-аас А.Гантулгыг зургаан сар шалгасны дараагаар яллагдагчаар татсан юм. Тэрбээр 2016 оны гуравдугаар сарын 17-ны өдөр ажлаа хүлээлгэн өгөхдөө Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшинэ гэдгээ зарлаж байсан. Харамсалтай нь АТГ түүнийг шалгаж байсан болохоор Хан-Уул дүүргийн Сонгуулийн хороо бүртгэхээс татгалзсан. Ингээд тэрээр нийслэлд нэр дэвшиж чадаагүй юм.

“ҮНЭ ТОГТВОРЖУУЛАХ” ХӨТӨЛБӨРӨӨР 300 ГАРУЙ ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХЭРЭГТ ХОЛБОГДСОН Р.ЭРДЭНЭБҮРЭН

“Эрэл”-ийн Д.Эрдэнэбатын туслахаар ажиллаж байгаад улс төрд орж ирсэн Р.Эрдэнэбүрэн нь Шинэчлэлийн Засгийн газрын үед Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байв. Тэрбээр “Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах” хөтөлбөрийн хүрээнд хууль бус шийдвэр гарган, бусдаас авлига авсан байж болзошгүй гэх үндэслэлээр эрүүгийн хэрэгт холбогдсон. Тодруулбал, Р.Эрдэнэбүрэн нь “Үнэ тогтворжуулах” хөтөлбөрийн хүрээнд барилгын 301.6 тэрбум төгрөгийн зээл авч байжээ. Үүнийг материал үйлдвэрлэгч дотоодын аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээл авч үйлдвэрлэлээ өргөтгөх, барилгын гол нэрийн материалын дотоодын нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахад зориулж 71 компанид 174.7 тэрбум төгрөг, зайлшгүй импортлох шаардлагатай барилгын материалын улирлын шалтгаантай нийлүүлэлтийн хязгаарлалтыг арилгахад зориулж 55 компанид 125.4 тэрбум төгрөг шаардлагатай гэж авч байсан гэнэ. Гэтэл тэрбээр уг мөнгийг хэрхэн юунд зориулсан тухай тайлангаа тавиагүй нь АТГ-ын хараанд өртсөн юм. Энэхүү их мөнгөн дүнтэй хэрэгт Р.Эрдэнэбүрэнгээс гадна БХБЯ-ны хоёр ажилтан шалгагдсан.

АВТОЗАМЫН АЖЛААР ДАМЖУУЛЖ ХӨРӨНГӨЖСӨН Р.ОНОН

Зам тээврийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байсан Р.Ононг хууль бусаар хөрөнгөжсөн хэмээн АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж эхэлж байв. Тэрбээр Халзанбүргэдэй-Солонготын даваа чиглэлийн 100 км авто замын гүйцэтгэл нь 38 хувьтай байхад уг газарт шинээр зам тавихаар Засгийн газарт зөрүүтэй мэдээлэл өгч, тогтоол гаргуулсан гэгддэг. Мөн Замын-Үүд хилийн боомтын ачааны шалган нэвтрүүлэх цогцолборт 8.7 км хатуу хучилттай замын ажлыг гүйцэтгэхээр ТЭЗҮ хийхэд 20 тэрбум төгрөгөөр гүйцэтгэх боломжтой гэхэд нь Халзанбүргэдэй-Солонготын чиглэлийн замын хөрөнгийг баталсан яг тэр өдрийнхөө Засгийн газрын хуралдаанд давхар оруулж ирээд 33 тэрбумаар хөрөнгийг нь батлуулсан. Ийм замаар Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид санхүүжилт шийдэж өгсөн тухай хэвлэлүүд хэсэг шуугисан.

Р.Ононг хууль хяналтын байгууллага шалгах болсон шалтгаан нь хөрөнгө орлогын мэдүүлгээс нь үүдэлтэй байв. Цалингаас өөр орлогогүй, төрийн албан хаагч гэж мэдүүлсэн хэрнээ асар их хөрөнгө дээр сууж байсан нь АТГ-ынхны анхаарлыг татжээ. Р.Онон нэг тэрбум шахам төгрөгийн үнэтэй орон сууцанд амьдардаг. Баянзүрх дүүргийн нутаг дахь “Кристалл таун” хотхонд аавынхаа нэр дээр авсан гурван өрөө байртай. “Таван богд” компаниас 150 сая төгрөгөөр худалдан авсан “Ланд круйзер-200” автомашинтай байсан юм. Гэтэл эдгээр хөрөнгийнхөө эх үүсвэрийг тайлбарлаж чадалгүй мөрдөн байцаагчийн асуултад бүдэрсэн хүн.

Ингээд Р.Онон Халзан бүргэдэй-Солонготын даваа чиглэлийн зам барих хөрөнгөөс үүсгэн байгуулсан нууц компаниараа дамжуулан 200 сая төгрөг шилжүүлэн авсан нь илэрчээ. Тухайн үед хяналтын туслан гүйцэтгэгч нэрээр тус компаниас “Эн Би Си Си” ХХК-ийнхаа данс руу 2015 оны хоёр болон аравдугаар сард хоёр удаа 200 сая төгрөг шилжүүлээд авчихсан талаар мэдээлэл байдаг.

ГААЛИЙН БАЙЦААГЧДЫН АВЛИГЫН ХЭРЭГ

ГЕГ-ын Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байсан Б.Оюундэлгэр, тус газрын ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан Ж.Баттогтох, Гаалийн ерөнхий газрын Замын-Үүд дэх гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч Ч.Насанбат, гаалийн улсын байцаагч М.Дөлгөөн нарыг бусдаас хээл хахууль авсан хэрэгт холбогдуулан 2015 оноос хойш АТГ шалгасан.

Тухайн үед ГЕГ-т ажиллаж байгаад халагдсан хэсэг хүн Б.Оюундэлгэрийн талаар холбогдох газарт нь матсанаар хэрэг мандсан гэдэг. Б.Оюундэлгэр нь Б.Цэнгэлийг ГЕГ-ыг удирдаж байх үед Төрийн захиргаа, гадаад хамтын ажиллагааны газрын даргаар томилогдон ажиллахдаа Б.Баттогтох нартай хамтран нэг хүнээс 2.5-5 сая төгрөгийн хахууль авч гаалийн байцаагч болгодог байсан гэх мэдээлэл бий. Мөн Ж.Баттогтох нь гаалийн байгууллагад 20 гаруй жил ажилласан байж. Тэрбээр гаальд ажиллаж байгаа хүмүүсээс олон сая төгрөг авч Замын-Үүд, Алтанбулагийн боомтод томилуулдаг байсан аж. Харин Ч.Насанбат, М.Дөлгөөн нарын хэрэг нь Б.Оюундэлгэр нарын хэргээс тусдаа. Замын-Үүд дэх Гаалийн газарт ГЕГ-ын Зөрчилтэй тэмцэх хэлтсийнхний хийсэн шалгалтаар БНХАУ-аас “Норд Бенз” маркийн гурван ачааны машинд 70 тонн тавилга ачсан байсны 40 тонныг нь чулуун хавтан гэж гаалийн бүрдүүлэлт хийж өгсөн байдаг.

М.МӨНХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *