Categories
мэдээ цаг-үе

Бид эрх мэдэлд хүрэхээрээ хонзон авдаг атгаг санаанаасаа салах хэрэгтэй

“Өдрийн сонин”-ы 2017.09.29-ний баасан гаригийн №211(5778) дугаараас авч нийтлэв.

Эрх мэдэлд хүрч, эдийн засгийн боломж нь сайжраад ирэхээр хүний зан чанар их өөрчлөгддөг гэдэг. Хуучин муусайн найзуудтайгаа дуугарахаа больж, ядарч зүдэрсэн үедээ хамт зүтгэж байсан хүмүүсээ голдог гээд олон янзын өөрчлөлтийн тухай ярьдаг. Гэхдээ иймэрхүү ахуйн чанартай гэмээр өөрчлөлт бол юу ч биш юм. Үүнээс цаадах, хүний амь амьдрал, хувь заяагаар нь тоглочихоод юман чинээ боддоггүй хүмүүс олон байна. Ер нь монголчууд хэн ч ялгаагүй УИХ-ын гишүүн болох, төр засагт боломжийн ажилд орох зэргээр гайгүйхэн албан тушаалтай болонгуутаа хамгийн түрүүнд хийдэг тогтсон нэг ажилтай болжээ.

Тэр нь хонзон авах. “Чи муу өмнө нь ингэж байл уу, одоо тэгвэл чамайг ажилгүй болгоно доо”, “Надтай муудалцдаг хэн бэ, шоронд хатаана даа”, “Миний хүнийг танай намынхан ажилгүй болгож байсан, одоо хариугаа авъя” гэсэн хэт богинохон, харалган бодолтнууд олширсноос төрийн ажил зогсонги байдалд орж, албан тушаалтнууд нэг нэгнээсээ хонзонгоо авахад л хамаг цаг хугацааг зарцуулдаг болжээ. Энэ нь УИХ-д сонгогдож байгаа гишүүд болон жил хүрэхгүй зайтай солигдож байгаа Засгийн газрын олон үйл ажиллагаа, халаа сэлгээнээс тодоос тод харагдаж байна. Өөрөө Ерөнхийлөгч болчихоод өмнөх Ерөнхийлөгчөө шоронд хорьчихож байгаа нь шударга ёс гэхээсээ өшөө авалт гэж л харагддаг. Олон түмэн ч тэгж ойлгодог. А.Сүхбат аварга УИХ-ын гишүүн болоод Монголын бөхийн холбоог булаан авч байгаа нь шударга ёс тогтоож байгаа хэрэг огтхон ч биш юм. Эрх мэдэлтэй болонгуутаа өмнө нь авч чадаагүй зүйлээ хүчээр хийх гэж буй оролдлого. Олон жилийн хүслээ биелүүлж, хонзонгоо авч буй хэрэг л гэж харагддаг.

Энэ мэт олон жишээ бий. Өмнөх парламентад байсан М.Батчимэг гишүүн сонины эрхлэгчтэй муудалцаад Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль санаачилж, тогтмол хэвлэлийг устгангаа алдсан. Ж.Батзандан гишүүн гадаад нөхөртэй эмэгтэйтэй түнжин хагарч “гадаад эхнэр, нөхөртэй хүн төрийн албанд ажиллахыг хориглох тухай” заалттай хууль батлуулчих дөхсөн нь ердөө хэдхэн жилийн өмнө болсон явдал. Г.Уянга гишүүний ээж нь түрээслэгчидтэйгээ муудалцжээ. Охин нь гишүүн болж түрээслэгч нарыг ахиж сэхэхгүй заалттай хууль өргөн барьж батлуулчих дөхсөн гэдэг. Өөрийг нь байнга шүүмжилдэг хэдэн шар сониныг хаалгах гэж Ц.Нямдорж гишүүн Садар самуунтай тэмцэх тухай хууль санаачлан өргөн барьж байлаа.

Хэдхэн хоногийн дараа тамгаа өгөх гэж буй Ж.Эрдэнэбатын Засгийн газар төрийн албаны 51 хувийг өөрсдийн хүнээр дүүргэсэн гэдэг нь өмнөх Засгийн үед ажилд орсон хүмүүсийг халж, нөгөө намаас өс хонзонгоо авсны тодоос тод илэрхийлэл юм.

Монголчууд биднийг ноён зантай гэдэг. Үг даадаггүй, хуйсгануур, түргэн ууртай, өөрөөсөө бусдыг үнэлдэггүй бас бусдад итгэдэггүй. Нэг өглөө босоход өөрөө ч мэдэлгүй нэг хүний дайсан болчихсон байдаг. Яагаад гэхээр хэн нэгэн очоод хов ярихаар шууд итгэчихдэг хүн олон болсон. Хов ярьсан хүнийг хөөгөөд гаргахгүй, цаад наад учрыг нь тунгаалгүйгээр улам итгэж шадарладаг. “За тэр ч арай тэгэх хүн биш ээ” гэсэн уужимхан бодлын оронд “тэр муу тэгээд байхдаа яадаг юм” гээд өрвөсхийгээд ирнэ. Ялангуяа төрийн өндөр албан тушаалд очсон хүмүүс хов үгэнд итгэж, олон хүнтэй шууд л дайсан болдог.

Үүнээс л өнөө айхтар хэлмэгдүүлэлт, хонзон авалт эхэлдэг. 1937 оны хар хэлмэгдүүлэлтийг Коминтерний заавраар хийсэн гэх ч энэ нэр дор өөрийнхөө дургүй олон хүнийг өш санаж буудан хороосон явдал хэдэн мянгаараа тоологдоно. Эхнэртэй нь суух гэсэн өчүүхэн сэтгэлээс үүдэлтэй Лхүмбийн гэгч зохиомол хэргийн гайгаар гэмгүй олон зуун хүн хэлмэгдэж, үүнийг бодож олсон ногоон малгайтан өөрөө энэ эргүүлэгтээ орж алга болсон гэдэг. Орчин цагт энэ хэлмэгдүүлэлт ажлаас нь халах, бизнесийг нь булааж авах, шоронд хорих гэх мэтээр үргэлжилсээр байгаа. Ард түмний эв нэгдлийн илэрхийлэл болох ёстой Ерөнхийлөгчийн “30 айлтай эвлэршгүй тэмцэнэ” гэж хэлсэн үг ч энэ нийгэмд сэтгэл сэртхийлгэм эвгүй сонсдож байна.

Өнөөдөр Монголын улстөрийн нэг үе солигдож байна. Шинэ Ерөнхийлөгч, шинэ УИХ-ын гишүүдтэй болсон. Одоо дахиад шинэ Засгийн газартай болох гэж байгаа. Энэ цаг үед дахиад хоморголон халахаа больж, хонзон авахаа хойш нь тавих хэрэгтэй байна. Мөрөөрөө ажлаа хийж байгаа хүмүүсийг биш алдаа дутагдал гаргасныг л халдаг эрүүл тогтолцоог бүрдүүлэх цаг болсон. Тэгвэл төрийн алба төрлийн алба байхаа больж, дөрөв дөрвөн жилийн хугацаатай ажлаас нь хоморголон халдаг өшөө авалт зогсоно. Хэрэв ингэж чадах юм бол аль нэг улстөрийн намын төлөө үхэн хатан зүтгэдэг төрийн албан хаагч гэж байхгүй болж, нийгмийг хамарсан их улстөржилт, сонгууль дагаж хөөрч хөөсөрсөн бүхэн ном журмандаа орж, нийгэм эрүүлжинэ гээд олон олон сайн үр дагавартай. Одоо бол сонгуульд ялалт байгуулсан нам, түүнийг дагасан хэдэн хүний өшөө авалтаар ажлаасаа халагдах төрийн албан хаагчдын айдас хүйдсээс үүдэлтэй чөтгөрийн тойрог үүсчихжээ. Нэг нь ялаад нөгөөхийн тавьсан хүмүүсээ халдаг. Дараа нь нөгөө нь ялж баахан халаа сэлгээ хийдэг. Ийм л чөтгөрийн тойрог үүсээд олон жил боллоо. Хуучин нийгмийн үед дургүй хүнээ дээш нь гаргадаггүй, хэлмэгдүүлж бараг л үр удмаар нь устгадаг байсан бол одоо тэгж чадахаа больсон. Шорон оронд хийж, шүүх цагдаад дуудаж үхтэл нь дарамталдаг ч хэсэг хугацааны дараа дарамтлуулсан хүн нь төрд гараад ирдэг. Тэгээд нөгөөдүүлээ нухчих санаагаа хэрэгжүүлдэг. Ийм л хорон, хэзээ ч урагш явдаггүй тойргийг задлах ухаан одоогийн улстөрчдөөс гарах ёстой. Тойргоор дороо эргэлдэх биш, урагшаа шулуун шугамаар алхмаар байна. Чөтгөрийн тойргийг задлахад улстөрчдийн уужим ухаан, холч бодол, хонзон санадаггүй сэтгэл их чухал даа.

Нэг нам сонгуульд ялаад өөрийн гишүүдээ ажилтай болгоход яагаад болдоггүй юм гэх хүн байдаг. Намын гишүүд гэлтгүй ард олноо ажилтай байлгах нь төрийн үүрэг. Сонгуульд ялж төрд гарсан эрхмүүд сонгуулиар амлаад байсан үйлдвэрүүдээ барьж, дагуул хотуудаа хөгжүүлж, зөвхөн нүүрс зэс гэлтгүй мах, сүүгээ экспортлох ажлаа эхлээч. Бүтээн байгуулалт өрнүүлж байж ажлын байр нэмдэг болохоос төрийн албаны хэдхэн орон тоонд нэгийг нь халж нөгөөг нь тавих нэрээр асуудлыг шийддэггүй. Их бага гэлтгүй хөрөнгө оруулалт татаж, бүтээн байгуулалт өрнүүлэх зарчмаар ажлын байр нэмж гэмээнэ энэ улс орон чинь хөгжиж, ядарч зүдэрсэн ард түмний чинь нуруу тэнийх буй за.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *