Дорнод болон Сүхбаатар аймагт өчигдөр буюу энэ сарын 04-нд гарсан хээрийн гурван түймрийг бүрэн унтраасан талаар ОБЕГ-аас мэдээлэв.
Тухайлбал, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Баян-Өлзийт багийн “Баянцагаан” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлага өчигдөр 13.30 цагт ирсэн бөгөөд аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 28 иргэн ажиллаж бүрэн унтраасан байна. Түймэрт “Баян Сэмитал” компанийн эзэмшлийн 62-93 УНҮ улсын дугаартай “Пикаб” загварын хагас ачааны автомашин шатжээ. Мөн өдөр тус аймгийн Чойбалсан сумын Сүмбэр багийн “Ар толгой” гэдэг газар хээрийн түймэр гарсныг бүрэн унтраажээ. Энэхүү түймэрт иргэн Б-гийн 700 боодол өвс, Э-гийн эзэмшлийн 66-29 ДОР улсын дугаартай “Приус-20” загварын суудлын автомашин шатсан байна.
Түүнчлэн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Шинэбулаг багийн “Баруун бунхан” гэдэг газарт гарсан хээрийн түймрийг аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, орон нутгийн 33 иргэн хамтран бүрэн унтраажээ.