Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн Ж.Батзандан БНСВУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав

Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд эрхэмсэг хатагтай Доан Тхи Хуонгийг өнөөдөр (2017.10.05) хүлээн авч уулзан, хоёр улсын бизнес, худалдааны эргэлтийн талаар санал солилцов.

Уулзалтын эхэнд Бүрэн эрхт Элчин Сайд Доан Тхи Хуонг “95 сая гаруй хүн амтай Вьетнам Улсын бизнес эрхлэгчид Монгол Улсад хөрөнгө оруулж, бизнес эрхлэхийг ихээхэн сонирхож байна. Манай улсад чулуун эдлэлийн урлал өндөр хөгжсөн. Төр засаг ч анхаарал тавьж, экспортод чулуун бүтээгдэхүүнээ гаргадаг. Тухайлбал энэ чиглэлээр бизнес эрхлэгчид Монгол Улсын зах зээлийг сонирхож байна. Мөн Монгол Улсаас мах экспортлох хүсэлтэй бизнесмэнүүүд бий. Гэвч тээвэрлэлтийн асуудал хүндрэл үүсгэдэг. Усан замаар 45 хоног тээвэрлэх нэг л гарц одоогоор байна. Тиймээс цаашид Монгол, Вьетнам, Хятад улс гурван талт хэлэлцээр байгуулж, тээвэрлэлтийн шинэ гарцыг бий болгох шаардлагатай байна. Үүнд дэмжлэг үзүүлж өгнө үү” хэмээн хүсэлт тавилаа.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан хариуд нь “Хоёр улсын бизнесийн харилцааг хөгжүүлэхэд идэвхтэй хамтран ажиллах таны хүсэлтийг таатай хүлээн авч байна. Хоёр улсын хооронд бизнес эрхлэх хүсэлтэй бизнесмэнүүд олон байдаг. Тэднийг холбож, төр засгийн зүгээс шаардлагатай дэмжлэгийг үзүүлэх, тухайлбал, таны хэлсэн гурван талт хэлэлцээр байгуулах тал дээр Засгийн газарт санал хүргүүлж ажиллая” гэв.

Тэрбээр мөн Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн иргэдийг төлөөлж парламентад ажилладгийн хувьд тус дүүргийн бизнес эрхлэгчдийг Вьетнам Улсад аялуулж, бизнесийн арга туршлагаас судлуулах хүсэлт тавилаа.

Уулзалтын төгсгөлд талууд бодитой бизнес төслүүд дээр хоёр улсын бизнес эрхлэгчид хамтарч ажиллан, гаргасан бүтээгдэхүүнээ гуравдагч орнууд руу экспортлох боломж бүрэн бий гэдэгт санал нэгдэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *