Тусгаар тогтнолын талбайд эмч нар цуглаж, цалингаа нэмүүлэх шаардлага тавьж байна. Жагсаалыг Эрүүл мэндийн үйлдвэрчний эвлэлээс зохион байгуулав. Уг цуглааныг “Цагаан жагсаал” гэж нэрлэж, эмч нар цагаан халааттайгаа жагссан юм. Цуглаанд нийт 20 аймаг болон нийслэлийн эмч, эмнэлгийн ажилчид оролцов. УИХ-ын дарга М. Энхболдод салбарын эрүүл мэндийн үйлдвэрчний эвлэлийн хорооноос шаардах бичиг хүргүүлэв. Хариуг аравдугаар сарын 11-нээс өмнө салбарын ҮЭ-ийн хороонд ирүүлэхийг хүслээ. Шаардах бичигт “Хүн амын өсөлтөөс шалтгаалж, эмч эмнэлгийн ажилчид ачаалал ихтэй, таатай бус нөхцөлд ажилладаг ч цалингийн хэмжээ 400-660 мянган төгрөгийн хооронд байгаа нь амьдралын наад захын хэрэгцээнд хүрэхгүй байна” хэмээн бичжээ.
Цуглаанд оролцож буй эмч, эмнэлгийн ажилчид ингэж ярилаа.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч Д.Мөнхцэцэг
-Цалингаа хэдий хэр хэмжээгээр нэмүүлэхээр жагсаж байна вэ?
-Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг 50-иас доошгүй хувиар нэмүүлэх шаардлага хүргүүлж байгаа. Бидний авч буй үндсэн цалин 400.000-650.000 хооронд хэлбэлздэг. Хэн ч бодсон хэцүү тоо. Бид улс орныхоо өнөөгийн байдлыг бодолцон тэнгэрт тулсан тоо хэлээгүй. Хамгийн багадаа 50 хувиас дээш нэмүүлэхийг хүсэж байна.
-Өдөрт хэдэн цаг ажилладаг вэ?
-Би Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвд ажилладаг эмч. Дүүргийн эмнэлгүүд 2014 онд батлагдсан стандартаар явдаг. Энэ стандартад Дотрын эмч хэвтүүлэн эмчлэх тасагт арван өвчтөн эмчлэх заалттай. Бид өдөрт 25-30 өвчтөн үздэг. Ядарч, цөхөрч байна. Төр засаг энэ байдлыг харгалзаж үзээд шаардлагыг минь хүлээж авна гэдэгт итгэж байна.
Өмнөговиос ирж жагсаалд оролцсон эмч М.Энхзултай ярилцлаа.
-Цалинг 50-н хувиар нэмэхэд та бүхний хэрэгцээг бүрэн хангаж чадах уу?
-Хангалттай хэвийн хэмжээнд хүрэхгүй. 50 хувиас доошгүй л нэмэгдүүлэхийг хүсэж байна.
-Өмнөговь аймагт эмчийн ачаалал хэр байдаг вэ?
-Манай аймаг бүсийн оношлогоо үйлчилгээний цэг. Ажлын ачаалал их. Эмч, сувилагчдын хүрэлцээ муу. Нарийн мэргэжлийн эмч цөөхөн.
–Өвөл ирж байна. Улс орны эдийн засаг хямарсан үед цагаа олсон цуглаан мөн үү?
-Эрүүл мэндийн салбарынхан туйлдаа хүрсэн. Жагсахаас өөр аргагүй, нэн ядуугийн түвшинд очоод байна. Амьдралаа дээшлүүлэх хөдөлмөрийн үнэлэмжээ дээшлүүлэхийн тулд хийсэн цуглаан юм гэв.
Б.Амартүвшин