Categories
мэдээ цаг-үе

Ц.Оюунгэрэл: Дулаан, цахилгаанаа жорлонгоосоо “үйлдвэрлэчихдэг” зургаан давхар орон сууцтай Сиатлд танилцсан

Related image

Соёл спорт, аялал жуулчлалын сайд асан Ц.Оюунгэрэл “Жорлонгоо өөрчилье” ном бичжээ. “Ногоон нүдэн лам”, “Миний ажлын ноу хау”, “Гэрт болсон яриа” зэрэг олон бестселлер номын зохиолч тэрбээр хэсэг сэтгүүлч, эрдэмтдийн урилгаар жорлонгийн хувьсгал, шинэхэн номынхоо тухай ярьсан юм. “Жорлонгоо өөрчилье” номын нээлтийг Дэлхийн жорлонгийн өдөр буюу арваннэгдүгээр сарын 19-нд хийхээр төлөвлөжээ.


-Та жорлон ярьдаг сайд, бас УИХ-ын гишүүн байлаа. Яагаад жорлонг судалж эхэлсэн бэ?
-Соёл, спорт, аялал жуулчлалын сайд болоод Монголд сая жуулчин авчирна гэж мөрөөдсөн юм. Эхлээд өөрөө жуулчин болж, жуулчдын аялах сонирхолтой газруудаар мөнгөө төлөөд, амарч эхэлсэн. Манайханд ор хөнжил, халаалт, хоол, жорлон гээд олон түвэгтэй асуудал байлаа. Хамгийн гол нь хээр бие засч чаддаггүй хүмүүс ирэхэд сая жуулчин авчрах мөрөөдөл маань жорлонгоос болоод унтраад болдоггүй. Би сайд байхдаа Аялал жуулчлалын үндэсний төвийнхөнд үүрэг өгсөн юм. “Та нар жорлон судлаад, бүх явган аяллын маршрут, хээрийн аяллын газруудад тохиромжтой жорлонгийн зураг төсөл авчирч, жорлон хий” гэлээ. Үүрэг авсан нөхөд жил алга болов. “Жорлон юу болж байна” гэхээр “Зөндөө олон юм байна. Судалж барахгүй байна” гэцгээдэг. Сүүлдээ би өөрөө хүч хавсраад, судалж эхэллээ. Янз бүрийн жорлон байдаг юм билээ. Үнэтэй, хямд шийдэлтэй ч байна. Ихэнх нь халуун оронд зориулагджээ. Улсын төсвөөр ажилладаг, мөнгөгүй шахуу ганц байгууллага ард нь гарч чадахааргүй технологийн шийдлийн асуудлууд тулгарлаа. Тэр байгууллагыг маань ч удахгүй татан буулгачихлаа. Яам маань ч татан буугдлаа. Би ч амар сайхандаа жаргав.
Чөлөөт гишүүн болсныхоо дараа Хог хаягдлын тухай хууль боловсруулахаар Монголынхоо бүх л хог хаягдал овоорсон газруудаар явлаа. Тойргийнхоо гудамж, хашаа, хороо, айлуудын жорлон, хаана үмхий самхай газар байна тэр бүхнээр явсан. Бүх цэвэрлэх байгууламжтай танилцлаа. Бидний хог хаягдал хаашаа явж, юу болж дуусч байгаа гинжин хэлхээг эхнээс нь дуустал үзэх гэсэн юм. 2012 онд Хан-Уул дүүргийн сонгогчдодоо газар, хогны асуудлыг шийдэхээр амлаж гарч ирсэн юм л даа. Бүтэн жил хогоор аялаж, сүүлдээ өмхий үнэрийг ялгаж сурлаа. “Энэ бол химийн бодисны үнэр байна” гэж таньдаг боллоо. Судлаад байтал манай цэвэрлэх байгууламжид тодорхой технологийн шат дамжлага дутуу суурилагдсан байгаа юм. Ямар шат дамжлага дутахаараа Монголд цэвэрлэх байгууламжаас өмхий үнэртдэг юм. Орос, Германд яагаад үнэртэхгүй байна гэсэн чинь нөхөд цэвэрлэх байгууламжийнхаа лагийг хатаагч машин руу хийгээд, брикетэн түлш болгож, түүнийгээ уурын зуухандаа түлчихдэг юм билээ. Энэ түлшийг Монголд үйлдвэрлэчихье гэж бодлоо. Цэвэрлэх байгууламжийнхан дээр очоод “Лагийг чинь түлш болгоё. Машин нь ямар үнэтэй юм. Улсын төсөвт тусгая” гээд ярьж эхэлтэл “Ээ гэгээн минь, Ц.Оюунгэрэл гишүүн минь тэгж л болохгүй шүү. Хамаг мөнгөө зарцуулж, үйлдвэр оруулж ирээд, түлш хийтэл авах газар олдохгүй. Тавин жил энэ лагийг авах газар олдоогүй” гэв. Яагаад авах газар байдаггүй юм бэ, нүүрснээс хямдхан түлш гарна биз дээ гэсэн чинь “Манай Монголд лагаар хийсэн түлшийг хэзээ ч зуухныхаа ам руу оруулахгүй. Гал голомтоо та нараар бузарлуулахгүй гээд уурын зуухныхаа амыг хаагаад зогсоно шүү. Гадаадад л экспортлодоггүй юм бол зуухандаа хийхгүй” гэцгээлээ. Оросууд Монголд цэвэрлэх байгууламж барихдаа галаа дээдэлдэг монголчуудын соёлтой тулгараад, ялгадаснаас түлш гаргадаг дамжлага хийгээгүй юм байна.
Ингээд бид сүүлийн 50 жил лагаа хуримтлуулж, хашаандаа овоолсон. Гэр хорооллын айлын ялгадас овоорч байгаатай адил цэвэрлэх байгууламжийн лаг овоорч байна. Ялгадасны гаралтай түлшнээс өөр ямар хэлбэрээр лагаа багасгаж болох вэ гээд судалж эхэллээ. Хотын өмхий үнэрийг арилгамаар байна, лаг авдаг газар хаана байдаг юм бэ, хэлж өгөөч гээд “Дээс томж, найзыгаа аваръя” гэдэг үлгэр шиг л хүн болгоноос асууж явлаа. З.Энхболд дарга жорлон их сонирхдог. УИХ-ын дарга нэг удаа над руу мессеж явуулчихаж. “Чиний сонирхоод байсан лагийг авдаг үйлдвэр гараад ирчихэж” гэжээ. Билл Гейтсийн сангаас санхүүжилт аваад цоо шинээр хийгдэж байгаа Омни процессор гэдэг лагийг цэвэр ус, цахилгаан болгож хувиргадаг машин бүтээгдсэн байлаа. Лаг шатаадаг машинаас гарсан цэвэр усыг Билл Гейтс өөрөө ууж байгаа видео байна гээд линкийг нь надад илгээжээ. Тэрийг үзээд “Энэ л манай Монголд хэрэгтэй юм байна” гэж бодсон. Энэ машиныг яаж олж үзэх вэ гэсэн чинь дэлхийд хоёрхон байдаг гэнэ. Нэгийг нь Сенагалын нийслэл Дакарт суурилуулж туршиж байгаа. Нөгөөх нь үйлдвэрлэсэн газраа АНУ-ын Сиатл хотод байдаг. Дакар явж чадахгүй юм чинь Сиатл руу холбогдоод “Наад машиныг чинь нүдээрээ үзмээр байна” гээд Билл Гейтсийн сан руу захиа бичиж гарав. Таван сарын дараа Нью-Йорк руу ажлаар явж таарлаа. Тэндээсээ үргэлжлүүлж томилолт аваад, Сиатлаар оров.
Билл Гейтсийн сангийнхан “Бид мөнгийг нь өгөх нь өгсөн. Тэр машиныг “Жаники био энержи” гэдэг компаниар хийлгэж байгаа. Тэр компанид очоод машиныг нь үзэх уулзалт товлож өгье” гэсэн. Би Билл Гейтсийн сангийн ажилтныг дагаж, “Жаники био энержи” гэдэг компанид очлоо. Уг нь сансрын хөлөг, нисгэгч нарт зориулсан тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг компани юм байна. “Яаж байгаад жорлон үйлдвэрлэдэг болчихсон юм бэ” гэсэн чинь Билл Гейтс үйлдвэрийн эзэн Петер Жаники дээр очсон юм билээ. Билл Гейтс “Сантехник, усны мэргэжлийн хүмүүсээр цэвэрлэх байгууламж шийдүүлэхээр шинэ шийдэл гаргахгүй байна. Цоо шинэ шийдэл гаргах зохион бүтээгчид жорлонгийн салбарт хэрэгтэй байна. Хэний ч санаанд оромгүй машин хийгээд өгөөч” гэж л дээ. Тэгээд Питер Жаникиг дагуулж Африкт хэдэн зуун мянган хүн шавааралдаж амьдардаг ядуусын хорооллыг харуулаад “Энэ хүмүүст тохирох цэвэрлэх байгууламж хийгээд өг” гэж захиалсан юм байж. Нөгөө хүн хэсэг хугацааны дараа айл бүр хаягдлаа соруулаад ирвэл түүнийг нь нийлүүлээд шатаадаг машин зохион бүтээсэн. Буурай хөгжилтэй орнуудын нүхэн жорлонгийн асуудлыг шийдэх гэж хийсэн өтгөн лагуудыг шатаадаг машин. Дэд бүтэц татаж, ус гүйлгэх шаардлагагүй.
Би Жаникитэй уулзаад “Танай Омни процессортой танилцаж, чадвал авах гэж ирлээ” гэсэн юм. Монголд тохирох, манай асуудлыг шийдчих машин байна уу гээд “Гүүгл мапээр авсан Улаанбаатарт 15 га газарт хуримтлагдсан лагийнхаа зургийг үзүүлэхэд ”Наадах чинь их нөөц байна шүү” гэж хошигносон. Машин нь овор багатай. Омни процессор машиныг нэг га талбайд бүх холбогдох хэсгүүдтэй нь угсарч болох юм билээ. Үнэр тараахгүйгээр түүхий эдээ цуглуулахад зориулсан битүү агуулах харагдсан. Энэ агуулахаас битүү конвейрээр дамжин, өтгөн лаг машин руу орохоор бүтээгджээ.

Хүний ялгадас, цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэр ус, цахилгаан болгож хувиргадаг машин. Омни процессорын дэргэд. 2015 он.

Омни процессорын түүхий эд нь өтгөн ялгадас, лаг, шатаж болох хог хаягдал юм байна. Хаягдлыг хатааж, дараа нь өндөр температурт шатаан, бүх нянг устгаад, хаягдлаас гарах уурыг ашиглан цахилгаан гаргана. Уурыг конденсацид оруулж ус “үйлдвэрлэнэ”. Халуун уур, усыг халаалтад хэрэглэж болно. Шаталтаас ялгарах үнс нь барилгын материалын түүхий эд болно.
“Та хүйтэн цаг ууртай газарт зориулсан анхны машинаа Монголд зориулж хийж өгөөч” гэж гуйлаа.Тэр хүнтэй уулзсанаас хойш хоёр жилийн дараа 2017 оны эхээр Энэтхэгт болсон “Өтгөн ялгадас ба лагийн менежментийн дэлхийн IV хурал”-ын үеэр дахин тааралдлаа. Билл Гейтсийн сангаас намайг тэр хуралд ирж оролцооч гэж урьсан юм. 1000 хүн цугласан том хурал болсон. Тэр дунд Питер Жаники гуай гол илтгэгчээр уригдаж, Омни процессор од боллоо. Илтгэж дууссаны дараа түүнийг олж уулзахад намайг шууд таньж байна шүү. “Чамайг ирээд явснаас хойш хичнээн олон хотын даргаас хүсэлт ирсэн гээч! Өндөр хөгжилтэй ч хүйтэн цаг агаартай хотод маш их асуудалтай юм байна. Тэгээд бид Омни процессороо хүйтэн хотод зориулж өөрчилж байгаа” гэж ярилаа. “Тэдэнд эхэлж машинаа нийлүүлээд бөөнөөр нь үйлдвэрлэж хямдхан болоод ирэхээр нь Монголд нийлүүлье” гэсэн юм.
Хурлын үеэр би 80-аад танилцуулга сонссон. Дэлхийн жорлонгийн халуун цэг нь Ази, Африк юм билээ. Энэтхэг, Хятад хоёр хүн ам ихтэй ч жорлонгийн асуудлаараа Хятад хамаагүй хол явчихсан. Энэтхэгчүүд жорлонгийнхоо асуудлыг урт хугацаанд орхигдуулчихсан улс.
-Хятадууд ялгадсаа бордоо болгож ашигладаг байх шүү?
-Хятад ялгадсаа бордоо болгож, газар тариаланд ашигласан мянган жилийн туршлагатай гэнэ. Орчин үед бохир нянг устгаж ашиглах технологи яригдаж байна. Дээр үед ялгадсыг борог аргаар бордоо болгочихдог байж. Хятад, Солонгос, Японд хэрэглэгдэж байсан арга юм билээ. Тэр аргыг Энэтхэгт хэрэглэж байгаагүй гэнэ. Орчин үед Африк, Энэтхэгийн асуудлыг шийдэх гээд дэлхийн жорлонтой холбоотой бүх зохион бүтээгчид тэнд цугларчээ. Африкчууд бас цэвэрлэх байгууламж бариад, цугларсан өтгөн лагаа хааш нь ч хийдэггүй юм байна. Халуун орон учраас бүр ч хурц асуудалтай. Тэд бас монголчууд шиг гал шүтдэг. Галын шүтээнтэй учраас галд түлш хийхгүйгээр лагийн асуудлыг шийдэхээр Омни процессорыг захиалсан юм билээ.
-Омни процессор нь хэр үнэтэй эд вэ?
-Нэлээд үнэтэй гарах байх. Дакарт байгаа ганц ширхэг Омни процессорыг үнэгүй суурилуулаад, судалгааны явцад гарсан зардлыг орлогоосоо нөхөж Билл Гейтсийн санд төлсөн юм билээ. Зах зээлийн үнийг нь хараахан тогтоогоогүй. Шинэ процессорыг хотууд худалдаж авч эхлэхэд л үнийн баримжаа нь мэдэгдэх байх.
“Жорлонгоо өөрчилье“ номондоо энэ мэтчилэн 31 сэдэв хөндсөн. Түүний 15 нь жорлонгийн технологи. Арав нь цэвэрлэх байгууламж,септик танк, лагийн тээвэрлэлт, боловсруулалттай холбоотой технологи. Зургаа нь бодлоготой холбоотой. Жорлонгийн хууль, Септик танкны дүрэм гэх мэт зарим хууль, дүрмийг тайлбарласан бодлогын сэдэвтэй. Эндээс бодлого боловсруулагчид, жорлонгоо сайжруулах гэж байгаа иргэд, жорлонгийн бизнес хийх гэж байгаа хүмүүс ашигтай мэдээлэл олж авна. Энэ сэдвүүд жорлонгийн бизнес яаж хийх схемтэйгээ бий. Дэлхийн жорлонгийн хөдөлгөөнийхөн жорлон бизнес болж байж асуудал шийдэгдэнэ гэж үздэг юм билээ.
Өтгөн ялгадас лагийн менежментийг сайжруулах хөдөлгөөн өрнөж байна. Монголчууд сэргэлэн учраас дэлхийн гол хөдөлгөөнүүдэд нэгдэж, том давалгаануудаас ашиг хүртэх чадвартай хүмүүс. Дэлхий нийтээр хүйтэн дайн дуусаад ардчилал эхлэхэд бид эгнээнд нь нэгдэж, ардчилал зах зээл рүү шилжиж чадсан. Одоо түүнтэй адил дэлхий нийтээр жорлонгоо өөрчлөх хөдөлгөөн өрнүүлж байхад бид бас нэгдэж, маш хүчтэй давалгаан дундаас олон ашигтай технологи, шийдлүүд олж аваад, асуудлаа шийдэж болохоор санагдаад ийм ном бичсэн юм.
-Монголчууд малаас гардаг ялгадсаа түлж ирсэн. Орчин үед технологийн тусламжтайгаар хүнээс гардаг ялгадсыг ч түлш болгох боломжтой болжээ. Аргал, хүний ялгадсыг харьцуулж сонирхож үзсэн үү?
-Би гал тахьдаг соёлдоо гүн хүндэтгэлтэй хандаж байгаа. Тийм учраас ялгадаснаас түлш гаргах технологийг аль болох сурталчилаагүй. Тэр дундаас ганц л зүйлийг номондоо оруулсан. Ингэж түлш хийгээд, ашиглах боломж байна шүү гээд европчуудын хэрэглэдэг технологийг цухас дурдсан. Түлшнээс өөр эцсийн бүтээгдэхүүн болгодог аргуудыг хайсан. Хүний ялгадсыг бас био бордоо болгодог юм байна. Хөрс эрүүлжүүлэх био нүүрс гаргаж авдаг юм байна. Био нүүрсийг уул уурхайн химийн хоронд идэгдсэн газруудыг эрүүлжүүлэх “эм” болгож ашигладаг юм билээ.
-Манай гэр хороололд бас септик танк гэж нэрлээд байгаа соруулах боломжтой, хөрсөнд бохир нэвчүүлдэггүй савнуудыг хэрэглэж болохоор санагдсан. Зарим оронд Септик танкны дүрэм мөрдүүлдэг гэж та дурдсан байна лээ?
-Дэд бүтэц хөгжөөгүй газруудад орчин үеийн ариун цэврийн байгууламж хэрэглэе гэхэд септик танк буюу соруулдаг цооногууд хэрэг болдог. Өмнө нь цементээр хийдэг цооногууд байсан. Дараа нь бид болох болохгүй ёмкостууд хэрэглээд байгаа юм. Биологийн идэвхтэй бодиснуудыг устгадаг химийн бодис агуулсан цооног хэрэглэж болохгүй. Өтгөн ялгадас лагаас био бодис гаргаж авахын тулд химийн бодис ороогүй түүхий эд хэрэглэх учиртай. Зөв ёмкост хийх зураг схем, септик танкны дүрмийг номондоо оруулсан. Бас нэг сонирхолтой септик танкны жишээ бий. Тэр нь хаймран септик танк. Орчин үед янз бүрийн хийцийн маш сайн хаймрууд гарсан байна. Тэлэлт сайтай, хагардаггүй, хөрсөнд бохир нэвчүүлдэггүй, эдэлгээ сайтай. Кембрижийн оюутнуудын бүтээсэн хаймраар хийсэн, хоосон үед нь эвхээд аваад явчихдаг нүүдлийн септик танк байна. Бохирыг халуун нөхцөлд задлах явцад үүссэн хийг тусгай уутнуудад хурааж аваад, гал тогоонд хийн зуух ажиллуулахад ашиглачихдаг. Тэр септик танкийг Кембрижийн оюутнууд зохиожээ. Тэд доктор хамгаалах явцдаа патент аваад, туршаад, бэлэн бүтээгдэхүүнтэй, саятан болоод гарч байна. Түүнийг нь Монголд захиалъя гэсэн чинь “Уучлаарай, ойрын гурван жилд армийн захиалгатай” гэсэн. Цэргийнхэн чинь бас өтгөн шингэнээ яахаа мэддэггүй юм байна шүү дээ. Эзгүй хээр газар цэргүүд очиход мод түлээ, гал, жорлон байхгүй. Гэтэл оюутнуудын бүтээсэн септик танк олон асуудлыг нь шийдчихнэ. Хаймран септик танк хийгээр дүүрээд, бөмбийгөөд ирэхээр хийг нь соруулж, хийн уутанд хураагаад, түүнийгээ гал тогооны хийн плитканд залгачихна. Дахиад нэг хийн уутаа дүшиндээ залгаад усаа халаагаад усанд орчихно. Бордоо нь ялзмагтаад ирэхээр гялгар уутанд савлачихна. Ууттай ногоонууд нь хүлэмжинд дүүрэн. Тэр нь цэргийнхний хэрэгцээг бүрэн хангачихдаг. Хаймран септик танкийг Угандагийн малчид хүртэл аваад, малынхаа ялгадсыг өөрийнхөө ялгадастай хамт хийгээд боловсруулж байна лээ. Ганцхан айлын ялгадас хангалттай хий ялгаруулж чадахгүй. Тэгэнгүүт септик танк руугаа малынхаа ялгадсыг цуг хийгээд, байнга хий үйлдвэрлэж ахуйдаа хэрэглэдэг байна.
-Хүн олонтой сургуулиуд цахилгааны хэрэгцээгээ өөрсдөө хангачих юм биш үү?
-Ялгадсаасаа хий гарган авч ахуйн хэрэгцээгээ хангадаг орон сууц байна. Буллит төв гээд зургаан давхар орон сууцтай Сиатлд танилцсан. Жорлон нь хөөсөөр ялгадсаа хөөдөг, байрны зоорийн давхарт том том ялгадас бордоошуулах савнууд байрлуулсан юм билээ. Тэр савнуудад хөөсөөр туугдаж ирсэн өтгөн ялгадсыг халаагаад, метан хий ялгаруулдаг. Тэр хийнүүдийг авдаг цоргонуудтай. Хийн баллоноос зургаан давхар байрны бүх гал тогоо, халаалт дулаан шийдэгддэг. Халаалт, дулаан, цахилгаанаа жорлонгоосоо “үйлдвэрлэдэг” байшингийн тухай бас номдоо бичсэн.

Царцаа Намжил эрдэм сурахгүй мөртлөө харсан үзсэнээ тогтоогоод явдаг шүү дээ. Түүн шиг би сантехникийн мэдлэггүй, энэ талаар “номын дуу” сонсоогүй мөртлөө харсан үзсэн бүхнээ хураагаад, “Жорлонгоо өөрчилье” гэдэг ном биччихсэн шүү.

Хамгийн гол нь жорлонгийн тухай ярихгүй болохоор жорлонгоо сайжруулахад мөнгө хуваарилагддаггүй юм байна. Гомдол гаргахгүй болохоор хэн ч анзаардаггүй. Ард түмэн юу хүсч байна түүнд л татварын мөнгө зарцуулагддаг шүү дээ. Иргэд жорлонгоо өөрчилье гэж ярихгүй бол төлсөн татвар нь өөрт нь, жорлонд нь зарцуулагддаггүй юм байна. Энд тэндгүй жорлон ярьдаг болъё. Хүмүүс жорлон гэдэг үг амнаасаа унагаж сураагүй байгаа учраас ичингүйрлээ даван туулахад нь тусалъя гээд номынхоо нэрэнд жорлон гэдэг үг оруулсан. Жорлон гэдэг том бизнес, дэлхийн нийтийн хөдөлгөөн болчихсон юм байна гэдгийг ойлгуулахаар ном бичсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *