Монгол Улсын гавьяат тамирчин, Уулын спортын ОУХМ Б.Гангаамаа ахлагчтай Монголын багийн нийт 13 тамирчин Хойд Чуйгийн нурууны далайн түвшнээс дээш 4044 метрт орших “Актру” ноён оргилд гарчээ. Тус багийн бүрэлдэхүүнд уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит “Сутайн бор” клубын тамирчид багтсан байна.Монголын уулчид бүтэн багаар буюу 13 уулчин “Актру” уулын оргилд энэ сарын 27-ны өдрийн 15 цагт хөл тавьсан бөгөөд энэ удаагийн авиралт цаг агаарын хувьд нэлээдгүй хүнд нөхцөлд болсон, Актру ууланд зургаан өдөр тасралтгүй цас шуурч 80 см зузаан цас тогтсон, шуургатай байсан аж.
Дашрамд сонирхуулахад, “Актру” уул нь ОХУ-ын Алтайн Бүгд Найрамдах улсын Кош-Агчийн районы нутагт орших Хойд Чуйгийн нурууны ноён оргил юм. Алтайн хэлээр “Актру” гэдэг нь “цагаан сууц”, “цагаан бууц” гэсэн утгатай. “Актру” уул нь Их Актру, Бага Актру гэсэн хоёр хэсгээс бүрддэг. Уулын ихэнх хэсэг нь мөсөн голтой. Эдгээр мөсөн голоос Актру гол эх авдаг байна.