Анх удаа сонсоход шууд л сэтгэлд бууж хэдэн ч өдөр амнаас гарахгүй аялагддаг дуу байдаг. Үг, аялгуу нь хэзээний л мэддэг дуу шиг дотно, санаанаас гарахгүй өнжинө. Үүнтэй адил тоглосон дүр болгон нь хүний анхаарлыг татаж, инээдэм бэлэглэдэг, бүтээсэн дүрүүд нь одоо ч мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авч, үзэгчдийн сэтгэлийг баясгадаг нэгэн жүжигчин бий. Тэр авьяаслаг жүжигчин бол “Мөнгөн буйл”-ын Гочоогийн дүрээр олонд танигдсан, Соёлын тэргүүний ажилтан Жанцангийн Дорлигжав агсан юм. “Мөнгөн буйл” кинонд Гочоо заан,
“Эрийн тэнгэр тэтгэвэл дээ
Гоогоо минь дээ хө
Эрсэн бүхнээ олно доо
Гочоо минь ээ хө
Сайны ерөөл байвал даа
Гоогоо минь дээ хө
Санасан бүхнээ бүтээнэ дээ
Гочоо минь ээ хө…” хэмээн хөгжилтэй дуулан жолоо барьдагсан. Барилдвал барилдчихдаг, наймаа байвал хийчихдэг, хэлэмгий гэж жигтэйхэн, хэлэх гэснээ толгой сүүл холбон хэлэхдээ эргэн тойрныхноо хөгжөөж, тэрэндээ таарсан нүүрний хувирал гаргачихдаг нэг тийм сүйхээтэй харчуул хөдөөгүүр байдаг даа. Гочоо заан бол Монголын хөдөөд байдаг тийм ховор эрсийн сонгодог дүр.
Гочоо заан хотод ирээд хотын улстай наймаа хийж ярьж хөөрч байгаа нь үнэхээр биширмээр. “Хотод юм элбэгшээд хөдөөний биднийг харахаа больжээ” гэхийн оронд “Хотод юм элбэгшээд хөдөөгийн бидний гарыг харахаа больж. Өөх ихтэй гахайн мах, үржил ихтэй тахианы мах гээд л дутуу юм алга шив дээ” хэмээн хээвнэг өгүүлэх.
Дээр үед цээжиндээ эрдэмтэй хүмүүс гэж бэлэн цэцэлдэг, уран цэцэн үгтэй хүмүүсээ монголчууд ихэд хүндэлдэг байсан сан. Тэр хүмүүсийн улбааг Ж.Дорлигжав асан Монгол кинонд мөнхөлж чадсан.
Тэрээр Баянхонгор аймагт 1943 онд төрсөн бөгөөд мэргэжлийн ямар нэг сургууль соёлд сураагүй ч төрмөл авьяасынхаа ачаар аймгийнхаа Соёлын ордонд жүжигчнээр ажилд орсноор их бүтээлийнхээ замыг нээсэн байдаг. Ж.Дорлигжав агсны бүтээсэн дүрүүдэд задаргаа хийж, судлаад мэргэжлийн сургуулиар ч сураад олж авч чадахгүй, донж маяг, хийц нуугдан байдгийг тогтоосон байдаг юм. Учир нь түүний бүтээсэн тайз, дэлгэцийн дөч гаруй дүрүүдийн дийлэнх нь монгол ахуйтай уялддаг. Жинхэнэ монгол эр, монгол хүний яс чанар, хэв маяг, донжийг яг байгаагаар нь, амьдлаг гаргасан байдаг бөгөөд үүгээр нь түүнийг “Монгол жүжигчин” хэмээн тодотгодог. Төрх байдал, хөдөлгөөний хэмнэл, нүүрний хувирал, хэлж буй үгс бүхэн нь хөдөөд буй эгэл монгол эрийн шинжийг агуулсан байдаг. Түүний тоглосон “Харуул занги” киног энд онцлох нь зүйтэй. Энэ кинонд Монгол хүний үнэн чанар, ур ухааныг Ж.Дорлигжав асан Цэрэнжав зангийн дүрээр тод томруун харуулсан. Харуул зангийн “Чандруу болон хийсмэрүүд. Монголыг монголоор нь барьж идүүлэх санаа бий вий” хэмээн хэлдэг алдартай үг бий. Харуул занги гэж чухам ямар хүмүүс байсан, монголчууд эх орныхоо тусгаар тогтнол, хил хязгаарын бүрэн бүтэн байдлын төлөө хэрхэн тэмцэж байсан, тэгэхдээ хүмүүст хэлэх гэсэн санаагаа яаж уран нарийнаар ойлгуулж, биеийнхээ хэлэмжээр өөрсдийгөө хэрхэн цэгцтэй илэрхийлдэг байсныг энэ киноноос бэлхнээ харж болно. Ж.Дорлигжав агсны кино бүр хүмүүсийн сэтгэлд хүрсэн бөгөөд бүтээсэн дүрүүд дундаас нь инээдмийн төрлийнх нь дүрүүдэд үзэгчид дуртай.
Ж.Дорлигжав агсан амьдрал дээрээ ч гүндүүгүй монгол эр. Аймгийнхаа Соёлын ордонд тасралтгүй арван жил ажиллаж байгаад 1976 оноос 1994 он хүртэл Улсын драмын театрт жүжигчнээр ажилласан бөгөөд урлагийн чиглэлээр ямар нэгэн сургуульд сураагүй түүнийг мэргэжил нэгтнүүд, найзууд нь “Төрмөл авьяастан, Монгол хөрстэй, монгол үнэртсэн уран бүтээлч байсан” хэмээн бахархан тодотгодог юм. Өнөөгийн монгол кинонуудын дүрүүд дунд түүнтэй эн зэрэгцэх нь бүү хэл бараадах хэмжээний дүрийг шинэ үеийн уран бүтээлчид хараахан гаргаж амжаагүй байна. Кино бүр дээр л бариу өмд өмсөөд, эмэгтэйлэг хоолойгоор налиганан зогсох эрчүүдийг гаргадаг болсон болохоор хайран сайхан Монгол эрс минь яачихав даа гэж сэтгэл эмзэглэхдээ хуучны сайхан кинонуудаа дахин дахин үзэж Гочоо заан, Далайцэрэн, Цахиур Төмөр мэтийн монгол эрсийг “эрдэг” билээ.
Монголын хошин урлагийн хамтлаг, продакшнууд сураггүй байхад хошин урлагт ганцаарчилсан үзүүлбэрээр толгой цохидог байсан нь Ж.Дорлигжав агсан. Дөрөвдүгээр сарын 1-нд болдог “Эв эе” хошин бүтээлийн тоглолтод зүг бүрээс л хошин шогийн чиглэлээр уран бүтээл туурвидаг жүжигчид цуглахад Ж.Дорлигжав агсныг гүйцэх нь үгүй. Тийм ч болохоор түүнийг Монголын хошин шогийн ганцаарчилсан төрлийг үндэслэгч гэдэг.
Түүний тоглосон дэлхийн болоод Монголын тайзны сод бүтээлүүд мөн дэлгэцийн олон арван кино бий. “Маш нууц”-ын Жамьяндоо, “Хоёр эзний ганц зарц”-ын Панталоне, “Отелло”-гийн Людовик, “Найрын ширээний ууц”-ын Дорж, “Алтан түлхүүр”-ийн Карабас Барабас, “Гарваа”-гийн Жамбаа, “Буцах хаяг”-ийн Балдорж, “Ээдрээ”-гийн Богд зэрэг дахин давтаж гаргаж чадахааргүй дүрүүдээс гадна “Ингэх гээд байсан юм”, “Тэнгэрийн муухай арилдаг”, “Тууврын замд” кино нь түүний уран бүтээлд дээгүүр байр суурь эзэлдэг. Угаас өөрөө хөдөөний эр, хөдөөний ахуйд өсч торнисон болохоор аливаа бүтээлд монгол эрийн дүрийг гаргахдаа тултал нь гаргаж, хийцийг нь яв тав шингээдэг уран бүтээлч байжээ, Ж.Дорлигжав агсан. Уран бүтээлч нь одоо бидний дунд байхгүй ч үлдээсэн бүтээлүүд нь Цагаан сар, баяр наадам, тэмдэглэлт өдрүүдээр цэнхэр дэлгэцээр амилж монголчуудад, монгол эрст монголоороо байхыг сануулсаар байдаг нь урлагийн нэг сайхан тал билээ.