Categories
мэдээ цаг-үе

Хармагтайн ордын БОДИТ ҮНЭН

Хармагтай гэж том ордтой болсон тухай мэдээлэл чих дэлсээд удаж байна. Хоёр дахь Оюу толгой ч гэдэг нэрийг хэдийнэ зүүгээд амжиж. Тийм учраас энэ ордыг эхлээд товчхон танилцуулъя. Улаанбаатараас 420 км, Цагаан суваргын ордоос 170 км, Оюу толгойгоос 120 км зайд Өмнөговь аймгийн Манлай сумын нутагт оршдог. Одоогоор алт, зэсийн баялаг орд гэдгээрээ нийтэд тархаад байна. Харин нөөцийг нь Оюу толгойтой жишээд нэг харъя.

ОЮУ ТОЛГОЙ

Оюу толгой ордын олборлолтын нөөц нь гурван тэрбум 380 сая тонн хүдэр, 31.1 сая тонн зэс, 1328 тонн алт, 7601 тонн мөнгө, 81600 тонн молибдени.

ХАРМАГТАЙ

680 мянган тонн зэс, 70 тонн алт, нийт 203 сая тонн хүдрийн нөөцтэй.

Нөөц гэдэг утгыг газар дор ийм хэмжээний цул алт юм уу зэс булаатай байгаа гэж ойлгож болохгүй. Хүдрийг нь баяжуулж байж зэс, алтны агууламжийг тогтоодог. Харамсалтай нь манайхан хүдрийг нь харуулчихаад цул алт мэтээр ухуулан сурталчилж тархи угаасаар иржээ. Хармагтайн хувьд порфирын орд мөн. Гэхдээ цагаан суваргаас жижигхэн. Хамгийн гол нь зэс, алтны агууламж маш ядуу орд. Жишээ нь Хармагтайн дундаж зэсийн агуулга нь 0.34 хувь байхад Оюу толгойнх 1.16 хувь. Оюу толгойгоос 100 дахин, Цагаан суваргаас 20 хувиар бага хүдэртэй, ийм л орд юм байна.

Гэхдээ нөөцөөсөө урьтаад тухайн ордын эдийн засгийн үнэлгээг нь чухалчлах шаардлагатайг уул уурхайн салбарын учир мэдэх хүмүүс хэлдэг. Энэ үнэлгээгээр нь аваад үзвэл Хармагтайн ордын лицензийг эзэмшиж буй “Занаду майнз” компани өнөөдөр 107 сая австрали долларын үнэлгээтэй байна. Энэ нь уул уурхайн салбартаа тийм ч ихэд тооцогдохгүй. Хөрөнгө оруулагчид ч тэдний төслийг эдийн засгийн өндөр өгөөжтэй байна гэдэгт нь эргэлзэж байгаа аж.

“Занаду майнз”-ын эзэмшиж байгаа Хармагтайн лиценз нь 30 жилийн хугацаатай. Тэд үүнийгээ ашиглалтын лиценз болгож, Засгийн газартай Тогтвортой байдлын гэрээ хийхээр хөөцөлдөж байгаа тухай мэдээлэл бий. Үүнийг дагаад хардлага, сэрдлэг ч хөврөөд эхэлжээ. Учир нь Монгол Улсын Засгийн газраас бидний мэдэх, манай нэр бүхий дөрвөн том орд дээр тогтвортой байдлын гэрээ байгуулсан нь цөм хэл ам дагуулсан түүхтэй. Тогтвортой байдлын гэрээгээр ордоо хамгаалж авч үлддэг. Эндээс угаасан мөнгөө оффшорт нуудаг гэх хэрүүл тасардаггүй. Үнэхээр Хармагтайд тогтвортой байдлын гэрээний асуудал яригдвал ийм маргаан өрнөх нь гарцаагүй.

Гэвч хайгуулын тусгай зөвшөөрөл ийм удаан, бүр 30 жилээр үргэлжилдэггүй. Үргэлжиллээ гэхэд зөвшөөрлийн хугацаа нь дууссан бол шууд ашиглалтын лиценз болгодог туршлага бий гэнэ. Тэгвэл Хармагтайн ордыг 2002-2003 онд өнөө Роберт Фридланд өрөмдөж байсан гэдэг юм билээ. Эндээс дүгнэхэд хайгуулын зөвшөөрлийнх нь хугацаа дуусах болоогүй байх магадлал өндөр. Дээрээс нь Хармагтайн ордод ямар нэгэн хөрөнгө оруулалтын гэрээ хийхдээ тулаад юу юугүй ухахад бэлэн болчихсон юм байхгүй. Тэгж яривал “Занаду Майнз”-ийн захирал Эндрю Стьюарт мөнгө хайгаад, хувьцаа босгочих санаатай Колорадод таваргаж яваа сурагтай. Хармагтай ордын тухай чин үнэн ердөө энэ.

Хармагтайтай зэрэгцээд “Хүрэл үнэг” гэдэг орд мөн дуулдаж эхэлсэн. Хятадын хилээс 190 км зайд Дорноговь аймагт оршдог. Оюу толгой, Цагаан суваргын ордтой геологийн тогтцоор нэг байршилд байдаг. Хайгуулын явцад тус ордоос 0.5-1.5 хувийн зэсийн агууламжтай хүдрийн дээж илэрсэн. Мөн алтны нөөц ч илрэх боломжтой. 1200 метрийн гүнд өрөмдлөг хийхэд тонн тутамд 1.5 грамм алт байгааг тогтоосон гэх зэргээр мэдээлэл хөвөрдөг. Гэхдээ энэ нь худлаа, нарийн яривал “Хүрэл үнэг” нь орд ч биш. Тэгвэл яагаад энэ ордуудын талаар шуугиад байгаа юм. Сандайлсан эрдэнэсээ мэдээгүй байхад дэлхий олчихжээ гэх мэтээр сүржигнээд байна вэ. Ердөө л монголчуудыг мэдлэг, мэдээлэлгүйгээр нь далимдуулж дарлаж байгаагийн нэг хэлбэр бололтой.

Гадны зарим нөхдүүд мөнгө босгохын тулд Монголд ийм том орд олчихлоо гэдэг сурталчилгааг хөрөнгө оруулагчдад зориулж шоуддаг. Уул уурхай эрчимтэй яригдаж эхэлсэн үеэс уул ус, газар шороогоо хайрлах дүр эсгэсэн эх орончид, улстөрчдөөр тархиа угаалгаж, баялгаа цөлмүүлэхгүй гэдэг бат итгэлтэй болчихсон монголчууд үүнийг нь өлгөж авдаг. Ингээд “Дахиад Оюу толгой шиг баялагтай орд олдож. Гадныхан манай хэдэн улстөрчидтэй нийлээд хувааж идэх нь” хэмээн шуугидаг аж.

Бодит байдал дээр өнөөдөр Монгол Улсад илэрчихээд байгаа орд шиг орд нь Оюу толгой, Таван толгой. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дэлхийн стандартаар үнэлүүлчихээд байгаа хүн тоох орд энэ хоёроос өөр бараг байхгүй гэдгийг судлаачид хэлж байна. Оюу толгой шиг том ордын олдох магадлал дэлхийд 100 мянгад нэг. Харин мянгад нэг тохиолдох магадлалтай дундаж ордын жишээ нь “Бороо гоулд”. Одоогоор Оюу толгойг давах орд Монголд илрээгүй. Тэгвэл Монгол Улс баялаг ихтэй, алт сандайлсан гуйлгачин гэдэг нь худлаа юм уу гэдэг асуулт ургаж таараа. Бид баялагтай нь үнэн. Гагцхүү дараа дараагийн Оюу толгойг олж илрүүлэх хайгуулын хөрөнгө оруулалт бараг байхгүй болчихсон л улс юм байна. Энэ бол нүцгэн үнэн.

Манай хайгуулын салбарт 2010 онд 173 сая, 2011 онд 300 сая, 2012 онд 326 сая ам.доллараар тоологдож байсан хөрөнгө оруулалт одоо эрс буурчээ. Хайгуулын салбарт хүч үзэж байгаа тоотой хэдэн компанийн зах зух нь дээр дурдсан “Хармагтай”, “Хүрэл үнэг”-ээр занималдсан компаниуд.

Өнөөдөр дэлхийд нийтдээ 3000 гаруй хайгуулын компани байдаг гэсэн тоо бий. Үүний 2000 гаруй нь Торонто, үлдсэн нь Австрали болон Лондонгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, санхүүжилт босгодог. Аз нь таарвал тэд хөрөнгийн бирж дээр мөнгө босгоод лиценз худалдаж авдаг. Лиценз аваад бүх юм болчихдог амар ажил биш.

Хөрсөнд ямар элементүүд агуулагдаж байгааг геофизикийн нарийвчилсан судалгаагаар тогтооно. Үүний тулд эхлээд газартаа өрөм тавина. Нэг өрөм нь өнөөгийн ханшаар 100 ам.доллар. Нэг цооногийг 100 метр гүн өрөмдлөө гэхэд арван мянган доллар. Бүтэн орд олохын тулд дор хаяж 200 цооног өрөмдөнө. Нэмж гарах зардлуудаа тооцоод бодоход хайгуулын нийт өртөг нь өнөөдрийн ханшаар дөрвөн сая ам.доллар болж байна. Ингэж мөнгө зарж хайгуул хийсний эцэст газар дороос юу ч олохгүй “шатаж” болдог өртөг өндөртэй, эрсдэл ихтэй бизнес ажээ. Юм илэрлээ гэхэд нөөцөө бодоод ТЭЗҮ-ээ хийгээд дуусахад багадаа 20, 30 сая ам.доллар шаардлагатай. Ийм өртөгтэй салбарт хөрөнгө оруулалт багасвал зогсох нь ойлгомжтой биз ээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *