Categories
мэдээ улс-төр

Д.Амарбаясгалан: Дараагийн Ерөнхий сайдыг тодруулахдаа Удирдах зөвлөл нэг нэр дээр тогтохыг хүсээгүй

МАН-ын Бага хурал түр завсарлах үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ. Тэрээр “Өнөөдрийн Бага хурлаараа ээлжит XXVIII Их хурлаа арваннэгдүгээр сарын 20, 21-нд зохион байгуулахаар шийдвэрлэлээ. Өглөө хуралдсан Удирдах зөвлөлийн хуралдаанаас Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Н.Энхболдын нэрийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэн Бага хурлаар хэлэлцүүлэхээр болсон. Өнгөрсөн хоёр сарын хугацаанд МАН дотор бодол санааны тэмцэл өрнөсөн. Засгийн газраа огцруулсан. Дараагийн Ерөнхий сайдыг тодруулахдаа Удирдах зөвлөл нэг нэр дээр тогтохыг хүссэнгүй. Бага хурлынхаа гишүүдэд сонголт хийх боломж олгох, гишүүдийнхээ эв нэгдлийг баталгаажуулахын тулд ийм шийдвэр гаргасан. Удирдах зөвлөлийн хурал дээр ярьсан гол зүйл бол ялагч нь намынхаа эв нэгдлийг хангаж, намын гишүүдийнхээ санаа бодлыг тусгасан Засгийн газрыг байгуулан, эдийн засаг, нийгмийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх ёстой гэж хэлэлцээд өнөөдөр Бага хуралдаа оруулж ирж байна” гэв.

Уг Бага хурлаар намын даргын улс төрийн илтгэлийг хэлэлцэж байна. Дараа нь МАН-ын Хяналтын ерөнхий хорооны 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд хийсэн дүгнэлтийг хэлэлцэнэ. Түүнчлэн удахгүй болох Их хурлын төлөөлөгчдийг сонгох журмыг батална. Хамгийн сүүлд Ерөнхий сайдад нэр дэвшигчээ тодруулах юм байна. Өнөөдөр орой Ерөнхий сайдад нэр дэвшигч тодрох бололтой.

МАН-ын дүрмээр Бага хурлын үеэр заалнаас нэр дэвшүүлэх боломж бий.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *