Categories
мэдээ нийгэм

Жижиглэн худалдаа эрхлэгчид хуурай өлсгөлөн зарлаж эхлэв

Хар хорин захын гадаа гудамж талбайд жижиглэн худалдаа эрхэлдэг хүмүүс I хорооллын 32-ын автобусны буудлын орчимд гэр барьж, хуурай өлсгөлөн зарлаж эхлэв. 14 хүн өлсгөлөнд оролцож байна. Тэд морин цагт буюу өнөө өглөө 11.40 цагт эсэргүүцлээ эхэлсэн юм. Өлсгөлөнг зохион байгуулагч С.Мишиг хэлэхдээ “Одоогийн байдлаар 14 хүн хуурай өлсгөлөнд оролцож байна. Бид ажилгүйдэл, ядуурлаас ангижрахаар тэмцэж байгаа юм. Бид 100 гаруй хүний ажлын байрны төлөө тэмцэж байна. Биднийг цахим бүртгэлд хамруулж, улсад татвар төлөх байдлаар шийдэлд хүрэх боломж бий. Гэсэн ч энэ боломжийг засаг захиргааныхан бий болгохгүй байна” хэмээн ярив.

Баянгол дүүргийн удирдлагын зүгээс жижиглэн худалдаа эрхлэгчдэд ажлын байр санал болгосон хэмээн мэдээлсэн. Харин С. Мишиг хэлэхдээ “Баянгол дүүргээс бидэнд нэг ч удаа ажлын байрны санал тавиагүй” гэлээ.

Нийслэлийн нутаг дэвсгэрт ил задгай талбайд, зөвшөөрөлгүй бүсэд худалдаа эрхлэгчид, мөн ТҮЦ буюу түргэн үйлчилгээний цэг ажиллуулж байгаа иргэд хууль тогтоомж, захирамж, журмыг зөрчиж архи, тамхи хэрэглэх, ил задгай бие засах, хог хаях зэргээр орчин тойрноо бохирдуулдаг, оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулж байгаа хэмээх шалтгаанаар нийслэл болон дүүргүүдийн Засаг дарга нарын захирамж гаргаж, зөвшөөрөлгүй худалдаа эрхэлж байгаа иргэдийг нүүлгэх, газрыг албадан чөлөөлөх ажиллагаа явуулсан билээ.

Б.Эгшиг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *