Categories
мэдээ нийгэм

Хүйтрэхээс өмнө шүлхий өвчний тархалтыг зогсоох үүрэг өгчээ

Улсын онцгой комиссын даргын тушаалаар томилогдсон комиссын Шуурхай бүлэг нийслэлийн Багануур дүүрэг, Хэнтий, Сүхбаатар, Дорноговь аймгуудад 2017 оны 9 дүгээр сарын 19-22-ны өдрүүдэд ажиллалаа.

Шуурхай бүлгүүдийг УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле нар ахлан ажиллаж байна.

Багануур дүүрэгт хяналтын постоор нэвтэрч байгаа тээврийн хэрэгслүүдээс хураамж авахгүй байх, дүүргийн Онцгой байдлын хэлтсээс офицер томилж, ээлжээр ажиллуулан удирдлагаар хангахыг үүрэг болголоо.Хэнтий аймагт 2017 он гарснаас хойш гамшгийн улмаас учирсан хохирлыг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд зориулж аймгийн Засаг даргын нөөц сангаас нийт 110,0 сая төгрөгийг зарцуулсан байна.

Мал, амьтны гоц халдварт шүлхий, цэцэг өвчний улмаас нийт 800 гаруй малыг зориудаар устгасан байна. Хэдийгээр Улсын онцгой комиссын 2017 оны 02 тоот албан даалгавраар шүлхий өвчин гарсан болон эрсдэл хадгалагдаж байгаа аймгуудаас эрүүл бүс рүү, эрүүл бүсээс өвчний голомттой аймгууд руу хийх малын шилжилт хөдөлгөөнийг хориглосон ч халдвар их байгааг аймгийн удирдлагууд хэлэв.

Мөн шүлхий өвчний вакцины чанарын асуудалтай холбоотой гомдол зарим малчидаас ирэх болжээ. Энэтхэг улсад үйлдвэрлэгдсэн шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинаар тариулсан мал дараагийн вакцин тарих хугацаа болоогүй байхад өвчний халдвар авсан, дархлаа муу тогтсон, харин ОХУ-аас оруулж ирсэн вакцинаар тариулсан мал хамгаалах чадвар өндөр байгаа гэж малчид, иргэд ярьж байна.

Уг асуудалтай холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле нэг эмчид ноогдох малын тоог тодорхой болгох, вакцины чанар, тээвэрлэлт, хадгалалт, хамгаалалтанд хяналт тавьж, шалгах, вакцин тарьж буй малын эмч нарын ажилд хяналт тавих, нарийн тооцоо судалгаа хийх, өвөл болохоос өмнө шүлхий өвчнийг бүрэн дарахыг аймгийн удирдлагуудад үүрэг өгчээ.

Энэ онд гарсан мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний 3 удаагийн тохиолдол Увс аймгийн Зүүнговь сум, Булган аймгийн Бүрэгхангай сум, Төв аймгийн Аргалант сумдаас ирсэн отрын айлуудын малаас илэрчээ. Вакцинжуулалтын ажлыг 4 сумын 209 өрхийн 57,000 гаруй малд зааврын дагуу хийж, 221,130 мкв талбайд ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийсэн. Одоогийн байдлаар нийт 500 гаруй малыг зориудаар устгасан байна.

Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин Дорноговь аймгийн Алтанширээ суманд гоц халдварт шүлхий өвчний шинж тэмдэг илэрчээ.

Өнөөдрийн байдлаар уг өвчнөөр өвчилсөн 75 малыг зориудаар устгаж, 28 малыг тусгаарлан, 27,600 мкв талбайг ариутгаж, халдваргүйжүүлж, нийт 43,360 малыг вакцинжуулахаас 27,365 малыг (63,1 хувь) вакцинжуулж, Алтанширээ, Дэлгэрэх, Сайншанд, Өргөн сумдыг бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн ажиллаж байна.

Санамсаргүй түүврийн аргаар 400 гаруй малд тандалт судалгаа хийхэд шүлхийн вакцин тариулсан малд 58 хувийн дархлаа тогтсон байсан.Гамшгийн үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Дорноговь аймгийн Засаг даргын нөөц сангийн хөрөнгөөс 85,8 сая төгрөгийг зарцуулжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *