Categories
мэдээ цаг-үе

Б.Баярмаа: Би жаран Ерөнхийлөгч бэлтгэж байна гэж бодох учиртай. Ерөнхийлөгчийг бэлтгэж байгаа хүн өөрийгөө ч хөгжүүлэх хэрэгтэй болно

Буянтогтохын Баярмаа. Ховд их сургуульд сэтгэл судлалын багшаар таван жил ажиллаад, Төв Хятадын Багшийн их сургуульд Засгийн газрын тэтгэлэгээр сэтгэл судлалын чиглэлээр докторантурт суралцаж буй. Тэрбээр МУБИСийн Сэтгэл судлалын анги төгссөн. Ховдын Мөст сумынх. Түүнийг “Багш” буландаа урилаа.


-Яаж багш болсон бэ. Хүүхэд байхдаа ямар мэргэжилтэй болохыг хүсдэг байв?

-Хүүхэд байхдаа сэтгүүлч болохыг хүсч байлаа. Есдүгээр ангидаа “Өндөр босго” гэж жүжгийн уралдаанд оролцоод, түрүүлсэн юм. “Мөнгөгүй сурагчийн дүн“ гэсэн нийтлэл бичсэн юм л даа. Тэр нь “Манай багш нэг удаа реферат бич гэсэн даалгавар өглөө. Би компьютер байхгүй, гараар бичээд өгсөн чинь 70 оноо аваад, бусад хүүхдүүд компьютерээр бичээд 99, 100 авлаа” гэсэн утгатай. Түүндээ Мэдээлэл зүйн багшийнхаа нэрийг биччихсэн. Тэрнээсээ болоод “Сургуулийн нэр хүнд унагаасан” гэгдээд, сүүлдээ сургуулиа солиход хүрсэн юм. Тэр үед багш нарын зүгээс нэг хэсэг нь дургүйцэх хандлагатай болчихсон байлаа. Энэ үеэс л хүүхдэд тусалдаг, хэцүү байдалд орсон үед нь хүнийг босгож ирдэг мэргэжил эзэмшье гэж бодох болсон. Аравдугаар ангидаа “Найрамдал” зуслангийн Харшийн сүлд модны наадамд ирэхдээ сэтгэл зүйч мэргэжил байдгийг мэдэж авсан даа. Тэр жилдээ конкурсдэж энэ мэргэжлийг сонгосон юм.

-Хүүхдэд ирж болох дарамт багш, орчны нөлөө хүүхдэд яаж тусдагийг биеэрээ мэдэрсэн байх нь?

-Тийм. Анх Ховд их сургуулийн багш болоход Ж.Ванчинхүү захирал надаас “Чиний амьдралын эцсийн карьер юу вэ” гэж асууж байсан. “Монголын номер нэг хүүхдийн сэтгэл зүйч болох” гэж хариулж байлаа.

-Хөдөө багшлахаар очиход ямар мэдрэмж төрсөн бэ?

-Эхэндээ баруун бүсэд бараг л цөлөгдөж байгаа юм шиг санагдсан. Гэвч баруун бүс угсаатны соёлын маш том төв юм билээ. Очоод багшлахаасаа өмнө зүү ороох, уран хатгамлын чиглэлээр сургалт явуулдаг Одонтуяа гэж эмчтэй танилцаад, сумдад ажилгүй байгаа эмэгтэйчүүдэд халамжийн сургалт хийж эхэлсэн юм. Зүү ороох оёдлын сургалт хийж явахдаа эхэндээ чухал гэдгийг ойлгоогүй. Дараа нь зүү ороох оёдол маш нарийн шинжлэх ухааны үндэстэй юм байна гэдгийг ойлгосон. Тухайн үедээ хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдэд сэтгэл заслын зөвлөгөө өгөх хүний эрхийн байгууллагатай хамтарсан төсөлд сэтгэл зүйчээр оролцсон юм. Улаан загалмай нийгэмлэгтэй хамтарсан, хүний эрхийн төсөл байсан. Хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдэд заслын зөвлөгөө өгөх ажил хийв. Даалинг зүү ороож оёвол зарах боломжтой. Тэр хүмүүсийг тодорхой хэмжээгээр орлогын эх үүсвэртэй болгох үүднээс зүү ороох оёдлоор даалин оёулж эхэлсэн. Гэтэл хүчирхийллийн дарамтын түвшин асар их буурсан дүн гарсан. Зүү ороох оёдол хийсний дараа түгшүүрийн түвшин маш богино хугацаанд үр дүнтэйгээр бууж байгаа нь ажиглагдсан. Үүнийг мэдрээд, зүү ороох оёдол маш үнэ цэнтэй заслын техник юм байна гэдгийг ойлгосон. Монгол сэтгэл судлаачдаас гаргасан сэтгэл заслын техник байдаггүй. Уламжлалт зүү ороох оёдол нь сэтгэл заслын том техник юм байна. Нэг мм урагшаа яваад, нэг мм хойшоо явдаг. Ардын дууны Алигэрмаа яаж арван хэдэн жил хугацаагүй цэргийн албанд явсан нөхрөө хүлээсэн юм бол гэж би гайхдаг байлаа. Зүү ороох оёдол хүний сэтгэлийн хөдөлгөөнийг барьдаг. Зоригийн чанарыг дээшлүүлдэг шинжлэх ухааны үндэстэй зүйл гэдгийг анзаарлаа.

-Өвчтөнүүд, хоригдлуудаар зураг зуруулах, хөгжим сонсгох гээд урлагийг анагаах ухаанд ашигладаг юм билээ. Монголын нөхцөлд зүү ороох оёдлыг санал болгож байгаа юм байна?

-Монголын уламжлалт зүү ороох оёдол нь цор ганц, давтагдашгүй. Энэ бол дэлхийн хэмжээнд гарах боломжтой заслын техник. Төв Хятадын Багшийн их сургуульд сурах хугацаандаа эмчилгээний урлагийн чиглэлээр зүү ороох оёдлоо улам илүү судлах зорилготой байгаа.

-Зүү ороох засал гэхээр эмэгтэйчүүдэд илүү хамаатай болоод явчихав уу даа. Харин та хулгай хийдэг хүүхдүүдтэй ажиллаж, муу зуршлыг нь бас зассан гэсэн үү?

-Хулгай хийдэг хүүхдүүдээр зураг зуруулж оношлоод, дараа нь ярилцлага хийнэ. Хулгай хийдэг хүүхдийг хөдөлмөрөөр дамжуулж засдаг. Зургаан сарын хугацаанд тэр хүүхдэд даалгавар өгнө. Хулгайч хүүхэд гэдэг үүднээс хандаж болохгүй. Хүүхдэд ганцхан буруу зуршил байна. Түүнийг нь засах юм. Сайн талыг нь илрүүлээд, хүүхдэд итгүүлж үнэмшүүлэх, сэтгэл зүйн маш олон техникүүд байдаг л даа. Нэг муу зан чанараа өгөөд, нэг сайн зан чанар авдаг тоглоомын аргууд, бусад аргуудаар дамжуулаад засна. Сайн зан чанар худалдаж авсан бол ангидаа сайн үйл хийх учиртай. Сайн үйл хийснийх нь дараа багш ангийнхных нь өмнө магтах, нийгэмшүүлэх, хамт олноор засах аргууд бий. Хүүхдэд итгэл хүлээлгэх, эцэг эх, багш нь хүүхдийг хайрлах ёстой. Хичнээн муу хүүхэд байсан ч багш хайрлаж, халамжлаад, итгэл хүлээлгэхэд муу зан чанарууд нь засагдах боломжтой гэдгийг л олж харсан.

-Асуудалтай хүүхэд гэцгээдэг. Гэтэл эцэг эх нь багшаас илүү хүүхдэдээ нөлөөлнө шүү дээ?

-Хүүхдэд ирж байгаа нөлөөллийн ихэнх хувь нь гэр бүлийн орчноос хамаарна. Хүүхдийг бага насанд нь зодож шийтгэхээс маш олон зүйл хамаарч байгаа. Тамхи татдаг, хулгай хийгээд байгаа хүүхдүүдийн дотоодод үүссэн сэтгэцийн гэмтэл гэж байдаг. Тэр зүйл нь зайлшгүй засагдах ёстой. Хүүхдийг ямар нэг байдлаар уйлуулах, яриулах, гадагшлуулах техникүүд ашигладаг. Эцэг эхийн зүгээс аль болох анхаарах зүйлсийг бас хэлж өгдөг. Хүүхэд эцэг эхтэйгээ хамт амьдардаг. Гэтэл эцэг, эхийг нь засах боломжгүй учраас хүүхэд эцэг эхээсээ яаж өөрийгөө хамгаалах вэ гэдэг талаар ч зөвлөдөг.

-Тэр нь юу байх вэ?

-Хүүхдийн дотоодод дархлаа суулгахыг хүсдэг. Жишээлбэл хөзрийн аргаар тоглоом тоглоно. Маш олон дайснууд чамайг бүслэнэ, янз бүрээр хэлнэ. Чамайг хүн муу хэлэхэд чи яах вэ гэх мэтээр эхлээд тоглоомын аргаар сургана. Дараа нь “Сая баахан дайснуудтай тулалдаад ялж гарсан шигээ эцэг эхээс ирдэг муу үгнүүдийг (муу сурдаг, чи юу ч чаддаггүй гэх мэт) яаж гадагшлуулж гаргах вэ гэдгийг хүүхдэд хэлж өгдөг.

-Эцэг эхчүүд тэвчээр алдарч, хүүхдэдээ гар хүрэх үе байдаг. Хүсээгүй мөртлөө хүүхдээ дарамтанд оруулчихдаг. Амьдралд учирч байгаа дарамтуудыг тэсч гарахыг хэрхэн сургах вэ?

-Амьдралд сайн, муу зүйл тохиолдоно. Гэхдээ тэр сайн мууг тэсэх чадварыг хүүхдийн дотоод дархлаа болгож үлдээх ёстой. Одоо аав, ээж нь 20 мянган төгрөг өгөөгүйгээс болоод ч юм уу, нийллэгт оруулсангүй гээд амиа хорлох тохиолдол байна. Ийм байж болохгүй. Амьдралд маш олон саад бэрхшээл тохиолдоно. Чи бол ийм хүн. Тийм учраас чи давж гарах ёстой гэсэн дотоод итгэл үнэмшил суулгах ёстой. Монгол хүүхдийг хэт эрхлүүлж болмооргүй санагддаг. Хэт эрхлүүлэх, энхрийлэх, эсвэл үл хайхрах нь хүүхдийг сайн зүйлд хүргэхгүй. Заримдаа томчууд “Энэ бол хүүхэд, юу ч ойлгохгүй” гэж бодоод “Чи энийг хий” гэж тушаадаг. Энэ байр сууринаасаа томчууд буух учиртай. Хүүхэд өөрөө бие даасан статустай болж яваа. Тэр хүнд ээж, аавын зүгээс адил тэгш байр сууринаас хандах учиртай. Хүүхэд өөрөө тодорхой хэмжээгээр сонголт хийх эрхтэй, өөрөө шийдвэр гаргах боломжуудыг бий болгох ёстой. Мэргэжил сонгоход “Ээж аав ингэж хэлсэн учраас” гээд хүүхдүүд их дагадаг. Ийм хүүхэд амьдралд шийдвэр гаргахдаа бусдын үгээр явдаг, өөрийнхөөрөө байж чаддаггүй хүн болж өсдөг. “Боловсрол муу байна” гэж сургууль, багш нарыг шүүмжилдэг. Боловсрол гэрт явж байх ёстой. Тодорхой хэмжээний мөнгө хүүхдэдээ өгч байх хэрэгтэй. Хүүхэд худалдан авалт хийж байж суралцана. Хүүхэд алдаж болно. Хүүхдийг алдаа болгон дээр нь загнадаг чичилдэг. Болохгүй гэж хориглодог байж таарахгүй. Хүүхэд алдаа гаргах боломжийг ээж, аав олгох ёстой. Насанд хүрч ээж ааваасаа холдсоны дараа алдаа гаргаж үзээгүй хүүхэд илүү том алдах эрсдэлтэй байдаг.

-Хөдөө стрессгүй орчин гэцгээдэг. Гэтэл гэмт хэргийн мэдээлэл харахад хөдөө хүүхэд маш олон хэргийн хохирогч болсон байх юм?

-Цагдаагийн газартай хамтраад хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд, хулгайн хэрэгт холбогдсон хүүхдүүдтэй ажилласан. Норвегийн хүүхэд хөгжлийн төслөөр сумдаар яваад, дотуур байрны хүүхдүүдээр зураг зуруулж авахад гэр бүлд нь хүчирхийлэл байна уу гэдэг зурагт гарч ирдэг. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн нөхцөлд ч хүүхэд гадагшлуулж хэлж чаддаггүй. Хүүхдэд өөрт нь өөрийгөө яаж хамгаалах, хүн хүрч болдоггүй хил хязгаар гэж байдгийг ээж, аавууд сайн зааж өгөх хэрэгтэй. Хөдөө хүүхдэдээ анхаараад байдаггүй, ойр тойрны хүмүүстээ итгэл хүлээлгэдэг. Гэтэл бэлгийн хүчирхийлэл ойр дотнын хүмүүсээс ирэх нь бий.

-Бага ангийн багш нар маш их ачаалалтай ажиллаж байна. Олон хүүхдэд хүртэхгүй гээд асуудал их бий. Гэсэн ч бодит байдлыг яаж хүлээж авсан нь дээр вэ?

-Хүүхдийн сайн тал нь юу байна түүгээр нь дамжуулж засах хөгжүүлэх учиртай. Уураа бусдад гаргахгүй, хаалганы цаана үлдээж чаддаг байх ёстой. Олон хүүхэд хэцүү, дарамттай байна гэдэг сэтгэл зүйгээсээ гарах хэрэгтэй. Завгүй, заримдаа мөнгөгүй үе байна. Гэсэн ч би жаран ерөнхийлөгч бэлтгэж байна гэж бодох учиртай. Ерөнхийлөгчийг бэлтгэж байгаа хүн ямар байх ёстой вэ, өөрийгөө ч хөгжүүлэх учиртай. Би тэгж л боддог.

-Сэтгэлээс чинь гардаггүй хүүхэд байдаг уу?

-Бага ангийн нэг хүү ангийнхаа хүүхдүүдийн балыг хугалж, хувин руу хийгээд байжээ. Ангийн багш нь загнаад, бусад багш нарт хэлж, хорлон сүйтгэгч гэж чичилсэн. Тэр хүүхэдтэй намайг уулзаач гэсэн юм. Хүүгээр зураг зуруулаад зургаар оношлосон. Хүүгийн ээж, аав салсан байсан. Тэгээд хүүхдүүд ээж, аав гээд ярихаар ээж, ааваа ярьж байгаа хүүхдүүдийн балыг л хугалж хаяад байж. Ээж аавтайгаа хамт байгаа хүүхдүүдэд нэг талаар атаархаж, нөгөө талаар өөрийнхөө дутуу дулимаг байдлыг маш ихээр мэдэрч байгаа учраас тэрийгээ гадагшлуулах арга нь буруу байсан. Багш хүүхдүүдийн өмнө сурагчаа шийтгэнэ гэдэг буруу. Хэзээ ч багш хүн хүүхдийн алдааг олон хүүхдийн өмнө зарлаж байгаад шийтгэж болохгүй. Үнэхээр шийтгэх гэж байгаа бол өөрт нь хэлээд “Ингэж болохгүй шүү, чамд ийм сайн тал байна, энэ чинь болохгүй байна” гэж ойлгуулах ёстой.

-Бал хугалж байгаа үйлдэлтэй нь тэмцэх биш энэ хүүхдийн ямар нэг юм болохгүй байна гэсэн дохио гэж хүлээж авсан нь дээр юм байна?

-Тийм. Илэрхийлж гаргаж байгаа хэлбэр нь л тэр. Хүүхдийн алдааг дөвийлгөх, шийтгэх, чичлэхээс татгалзах хэрэгтэй. Ээж аавууд хүүхдээ алдаа гаргахаар зоддог, цохиод авдаг. Үүнийгээ болих ёстой. Хүүхдийн сэтгэцэд гэмтэл учруулдаг. Дотоодод бий болсон би чадна, бүтээнэ гэсэн итгэлийг нураадаг.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *