Categories
мэдээ соёл-урлаг

Тувагийн алдарт “Ят-Ха” хамтлагийн тоглолт болно

“Ят-Ха” хамтлагийнхан Монголд анх удаа зохион байгуулах тоглолтынхоо талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ сарын 24 буюу ням гаригийн 19.00 цагт “On’Off Production Music House”-д болох энэхүү тоглолтыг Дэлхиийн хөөмийн холбоо санаачлан “On’Off Production” болон “Bro’s records”-той хамтран зохион байгуулж байгаа ажээ.

Фольк рок чиглэлээр уран бүтээлээ туурвидаг “Ят-Ха” хамтлаг 1992 онд байгуулагдсан бөгөөд Тувагийн алдартай хамтлагийн нэг юм. Тус хамтлаг үндэсний язгуур урлагийг орчин үеийн этно, панк рок хэлбэрт оруулан тоглож олон улсад нэрд гарчээ. “Ят-Ха” хамтлаг тува, урианхай түмний уламжлалт язгуур урлагийг олон оронд хүргэхэд хамгийн их нөлөө үзүүлсэн байна. Тухайлбал тус хамтлагаас “Хун Хуур Тү”, “Алаш” зэрэг баруунд нэрд гарсан хамтлаг, уран бүтээлчид төрөн гарчээ.

“Ят-Ха” хамтлагийнхан 1990-ээд оны сүүл үеэс Европ болон бусад тивд аялан тоглож, алдарт  ”Irish” хамтлаг болон “Грэмми” шагналыг долоон удаа хүртэж байжээ. Мөн “The Chieftans” хамтлагтай Америкийн олон хотуудад уригдан тоглож байжээ. Түүнчлэн Алма-Атыд болдог “Voise of Asia” наадмы тусгай байр, “Rock-Pereteria” наадмын шилдэг хамтлагийн шагналыг хүртэж, OХУ-ын “Golden Music” наадмын шилдэг дуучны шагнал зэрэг олон нэр хүндтэй шагнал хүртжээ. Тус хамтлагийнхан одоогоор 14 цомог гаргасан байна.

Дэлхийн хөөмийн холбооноос монгол угсаатан, нүүдэлчин ард түмний язгуур урлаг, хөөмийг түгээн дэлгэрүүлэх, хөөмийн голомт Монгол Улсад тоглолтыг нь зохион байгуулахаар төсөл хэрэгжүүлж байгаа ажээ. “Ят-Ха” хамтлагийн Монголд хийх тоглолт уг төслийн нэг хэсэг гэдгийг тус холбооны тэргүүн, “Hosoo & TransMongolia” хамтлагийн ахлагч Д.Хосбаяр онцоллоо. “Ят-Ха” хамтлагийн тоглолтод манай улсын “Дэлхий” хамтлаг оролцож ая дуугаа өргөх юм байна. Ийнхүү эртний уламжлалт уриа дуудлага бөөгийн сүр хүч, хөөмий, икэл хөгжмийн уянга орчин цагийн рок хөгжимтэй хэрхэн хоршин уусахыг ням гаригийн орой сонсч, мэдрэх боломжтой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *