Categories
мэдээ цаг-үе

Ц.Цэдэвдорж: Жолооч архи, согтууруулах ундаа хэрэглэнэ гэдэг хэзээ ч тэсэрч болох бөмбөг өвөртлөж яваа хүнтэй ялгаагүй

“Сайн ачлал” жолооны сургуулийн хууль, дүрмийн багш Ц.Цэдэвдоржтой ярилцлаа.


-Та хэдэн оны жолооч вэ. Тухайн үед жолооны сургалт ямар байсан бол. Ер нь Монголд жолооны сургалт анх хэдий үеэс эхэлсэн бэ?

-Би 1982 онд автомашин барьж сурсан хүн. Тухайн үед жолоонд гурван сар суралцаж, жолооны нэг, хоёрдугаар зэрэг олгодог байсан юм. Тэрнээс өмнө зургаан сар байлаа. Тэр үеийн сургалт, багш нарын заах аргазүй үнэхээр сайн байсан. Манай улсад анх хэдэн оноос жолооч бэлтгэж байсныг мэдэхгүй юм. Гэхдээ 1970-аад оны эхээр мэргэжлийн жолооч гэж бэлтгэж байсан санагдана.

-Таны үед жолооны сургалт гурван сар явагддаг байжээ. Харин одоо 45 хоног л сурч байна. Сургалтын хоног ингэж багассан нь жолоочийн мэдэх ёстой мэдлэг,чадвар дутуу олгогдох нь тодорхой байх…

-Мэдээж хэрэг сургалт дутуу явагдаж байгаа. Ер нь жолооч хүн гурван зүйл дээр өндөр хариуцлага хүлээж байдаг. Энэ нь хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө. Үүнийг одооны залуучууд, жолооч нар ойлгохгүй, ухамсарлахгүй байна. Мөн хувь хүний хариуцлага, ухамсар, соёл, тэвчээрээс их зүйл хамаарна. Тэгэхээр жолооч болох хүсэлтэй, сурч буй хүмүүс эдгээр ёс зүйг мөрдөх, баримтлах ёстой. Тэгэж байж жолооч хүн элдэв эрсдэлээс өөрийгөө болоод бусдыг хамгаалах боломж бий болно. Дээр үед жолооч гэдэг хамгийн өндөр боловсрол байлаа шүү дээ. Жолооч хүнийг монголчууд ихэд хүндэтгэж харьцдаг байсан. Харин одоо жолооч гэдэг мэргэжил биш болсон, энэ бол амьдралын энгийн хэрэглээ, бүгд л автомашин жолоодож чадна гэж ярих болжээ. Энэ бол нэг талаасаа маш буруу ойлголтыг нийгэмд төрүүлж байгаа хэрэг. Жолооч гэдэг мэргэжлийн үнэлэмжийг ингэж бууруулах нь маш сөрөг үр дагавартай. Бүгд л автомашин жолооддог, энэ бол энгийн л зүйл гэсэн сэтгэлээр жолооны ард суусан хүн хариуцлагатай байх, болгоомжтой байх гэдэг зүйлийг ойлгохгүй шүү дээ. Жолооч гэдэг амьдралын хамгийн нарийн мэргэжлүүдийн нэг гэж хэлмээр байна. Үүний цаана таны болон бусдын амь нас, амьдрал явж байгаа. Энэхүү боловсролыг л ойлгох, илүү сайн судалж, суралцаад цаг, минут бүр хариуцлагатай, болгоомжтой байх учиртай.

-Жолоочийн хэнэггүй зан, хууль, дүрмийн мэдлэггүйгээс шалтгаалж зам тээврийн осол аваарын тоо жилээс жилд нэмэгдсэн судалгаа бий. Жолооны багш хүний хувьд энэ талаар ямар бодолтой байдаг вэ?

-Сүүлийн үед жолоочийн нас залуужиж, унаж явах автомашин нь хурд, хүчтэй болсон. Үүнээс шалтгаалж зам тээврийн осол мэдэгдэхүйц нэмэгдэж байна. Мөн жолооны сургалтад сурч буй иргэд хууль, дүрмийн хичээлдээ анхаарахгүй, хэнэггүй ханддагаас болж хожим харамсах зүйлд хүрч байна. 45 хоног үлгэн салган ирж сурсан болоод л төгсөж байна. Энэ бол маш буруу үзэгдэл. Мөн практик мэдээлэл байхгүй байна. Үүнийг юу гэж ойлгох уу гэхээр зам тээврийн осол, аваарын мэдээ, мэдээллийг замын цагдаагийн газраас тогтмол өгдөг. Үүнийг суралцагчид мэдэж байх хэрэгтэй. Амьдрал дээр юунаас болж зам тээврийн осол гардаг вэ гэдгийг судалсан байх шаардлагатай. Манай улсад автозамын ослоор нас барсан хүний тоо Афганистаны дайнд амь үрэгдсэн хүний тооноос дутахааргүй байдаг гэж сонссон. Хэрэв энэ үнэн бол үндэсний ноцтой аюул шүү дээ. Энх цагт жил бүр ингэж олон хүн ухамсаргүй жолоочоос болж амь үрэгдэнэ гэдэг юутай гашуудалтай вэ.

-Гадуур жолооны курс, сургуулиуд их олон болсон. Жилд маш олон хүн жолооч болж байна. Ер нь манай улсын жолооны сургалт, стандарт ямар байдаг юм бол?

-Жолооны сургалт, стандартын хувьд суралцагчдад мэдлэг, дүрэм олгох гарын авлага, сурах бичиг хангалттай байдаг. Харин хууль, дүрмийн багш нарын хувьд дутмаг. Жолооны багшаар янз бүрийн мэргэжилтэй хүмүүс ажилладаг шүү дээ. Үүнээс мөн шалтгаалдаг болов уу гэж боддог. Ер нь жолооны багш хүн сэтгэл судлаач байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл жолооч болж буй хүний нас сэтгэхүйн онцлог гэж бий. Арваннаймтай залуу, тавь гарч нас тогтсон хүний сэтгэхүй, автомашин жолоодох арга барил өөр шүү дээ. Жолооны сургуульд нас насны хүмүүс ирж суралцдаг. Мөн их, дээд сургуульд жолооны багш бэлтгэдэг мэргэжлийн анги байхгүй байна. Энэ л их дутагдалтай байна даа. Одоогоор бол жолооны багш болох хүмүүс хэд хоногийн курст сууж, төгсдөг. Тэгээд л багш болно. Мөн жолооны хууль, дүрмийн болоод автомашин барьж сургадаг багш гэж хоёр хүн бий. Жолооны сургалтыг нэг багш биш хоёр багш заадаг.

-Авто ослын гол шалтгаан нь согтуу жолооч байдаг. Үүнээс үзэхэд жолооч хүнийг хэрхэн бэлдвэл зохих юм бол.

-Ер нь жолооч болохын тулд хувь хүний хариуцлага, тэвчээр, ёс суртахуун их чухал. Замын хөдөлгөөнд оролцож буй зарим жолооч хэдхэн секунд хүлээж чадаагүйгээсээ болж, эрсдэлд орж байна. Жолооч хүн тэвчээртэй, ухамсартай байх учиртай. Жолооч архи, согтууруулах ундаа хэрэглэнэ гэдэг хэзээ ч тэсэрч болох бөмбөг өвөртлөж яваа хүнтэй ялгаагүй юм. Өөрийнхөө амь нас амьдрал, бусдын эд хөрөнгөд асар их хохирол учруулж болзошгүй хүний ухамсаргүй үйлдэл шүү дээ. Жолооч хүн гартаа руль барихаас гадна өөрийн болон бусдын амь насыг атгаж явдаг. Үүнийг л жолооч нар үргэлж санаж, ухамсарлах хэрэгтэй. Хүн өвчин туссаныхаа дараа эмчлүүлэх биш тэрхүү өвчнийг тусахаас өмнө сэргийлэх нь чухал гэж эмч нар зөвлөдөг. Үүнтэй адил хэнэггүй зангаараа жолооны сургуульд сурч жолооч болоод өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулахасаа өмнө ухамсарлах хэрэгтэй юм. Автомашин хөдөлгөөд явж л байвал өөрийгөө жолооч болчихлоо гэж битгий сана. Жолооч хүн хором бүр болгоомжтой зорчих учиртай.

-Хамгийн хайртай дотны хүмүүсээ суулгачихаад хөдөө орон нутгийн замд өндөр хурдтай явдаг. Энэхүү болгоомжгүй хэнэггүй зангаасаа болж өөрийн хайртай хүмүүсээ хохироодог шүү дээ.

-Хөдөө орон нутгийн замд ч гэлтгүй ер нь авто замын хөдөлгөөнд оролцож байгаа л бол замын хөдөлгөөний дүрэмд заасан хурдыг тохируулж, анхаарал болгоомжтой явах хэрэгтэй. Таны хажууд хэн ч суусан хүний амь нас гэдэг нөхөж баршгүй зүйл шүү дээ. Сагсуурч хөөрч, биенээсээ илүү гарахын тулд автомашин унаж байгаа бол жолооны ард бүү суу. Би суралцагч нартаа хэлдэг юм. Та бүхний болгоомжгүй нэг секундын үйлдлээс болж хүний амь нас эрсддэг шүү гэж. Тэгэхээр зарим хүмүүс муу ёр гэж хэлдэг. Энэ бол тийм биш шүү дээ. Жолоо барьж яваад хэдхэн хормын болгоомжгүй үйлдлээсээ болж шоронгийн хаалга татдаг шүү. Хатуу ч гэсэн үнэн үг. Тийм учраас жолооч нар болоод жолооч болох гэж буй хүмүүс өөрийн ухамсартай л байх учиртай. Амьдрал гэдэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Амьдрал энгийн үйлдэл, дадал зуршлаас шалтгаалж сайн, муу тал руугаа алга урвахын хооронд л эргэдэг жамтай.

-Сүүлийн үед жолоочид ноогдуулах хариуцлага, хууль дүрэм чангарсан. Зарим жолооч нар дүрмээ мэдэхгүйгээсээ болж бусдад ямар нэгэн байдлаар ашиглуулдаг. Цагдаа хүрч ирээд торгоно гэхээр зөвшөөрдөг. Яг ямар дүрэм зөрчөөд ямар хариуцлага хүлээж байгаагаа мэдэхгүй жолооч нар их ээ. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ?

-Энэ үнэн л дээ. Би хуульч хүн. Үүнтэй адил хэрэг дээр өмгөөлөгч хийж байлаа. Тухайлбал, чигээрээ буюу гол замаар явж буй жолоочийг туслах замаар явж буй жолооч хажуугаас нь мөргөчихөж. Ингээд цагдаа хүрч ирээд хэн хэнээс нь мэдүүлэг авсан байгаа юм. Тэгсэн яг буруутай этгээд нь мэдүүлгээ маш зөв, эмх цэгцтэй, тодорхой өгчээ. Бас бүх бурууг хохирогч этгээд рүү чихчихсэн байж. Харин хохирогч цагдаад мэдүүлэг өгөхдөө “Би тэр үед их айж сандарсан. Юу болсныг мэдэхгүй байна” гэсэн байгаа юм. Айж сандарсан гэдэг бол хүндэтгэн үзэх шалтгаан биш л дээ. Ингээд дүрэм мэдэхгүйгээсээ болоод өөртөө хамаг буруугаа татчихаж байгаа юм. Ийм хэрэг дээр өмгөөлөгчөөр ажиллаж хохирогчийн буруугүй гэдгийг шинжээчийн дүгнэлтээр нотлуулж байлаа.

Энэ бол надад тохиолдсон явдал. Хууль, дүрэм мэдэхгүйгээсээ болж хохирогч нь буруутан болж, буруутан нь зөвтөн болдог тохиолдол их л дээ. Тийм болохоор жолооч болох гэж буй иргэд маань жолооны хууль, дүрмийн хичээлээ маш сайн судалж, давтах хэрэгтэй. Сургалт арга зүйн хувьд Замын цагдаагийн газраас жолооны сургуулиудад нэгдсэн сургалт, семинарыг төрөл бүрийн мэргэжлийн багш нараар хичээл заалгаж, жолооны багш нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл шүүгч, цагдаа, эмнэлгийн байгууллагын мэргэжилтэн, сэтгэл судлаач багш гэх мэт мэргэжлийн хүмүүсээр сургалт явуулах нь зүйтэй гэж боддог.

Э.МӨНХТҮВШИН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *