Categories
мэдээ цаг-үе

Богдын Сэрүүн дэнж буюу Зуунмод хот

Зуунмод хот Манзуширын хийд талаас ингэж харагддаг.

Хүмүүс Төв аймгийн Зуунмод сум гэж ярьцгаадаг. Харин Зуунмодод нь оршин суугаа иргэд нь Зуунмод хот гэж ярих дуртай. Сум гэхээр бүхэл бүтэн аймгийн төвийг тэгж доош нь хийгээд байхдаа яадаг байна аа гэж дургүй байдаг юм.

Зуунмод үүсэн байгуулагдсан түүх нь Манзуширын хийдтэй салшгүй холбоотой.

1733 онд Манзуширын хийд байгуулагдсан цагаасаа тухайн үедээ л мандан бадарч он жил улирах тусам сүм дуган нэмэгдсээр ойр хавьдаа л томд тооцогдох шашны гол газар болсон байдаг. Хэдэн мянган лам цуглан хурал хурдаг байж. Ид цэцэглэж хүчээ авч байсан Манзуширын хийдийг 1937 онд нурааж буулгасан бөгөөд одоо тууриуд нь буй.

Бага хурлын Тэргүүлэгчдийн 1942 оны тогтоолоор Төв аймгийг Улаанбаатар хотоос Зуунмодны амны Сэрүүн дэнжид төвлөрүүлэх шийдвэр гаргасан бөгөөд Зосын давааны ард байрлаж байсан Сэргэлэн сумын төвийг нүүлгэн ирүүлж Засаг захиргааны харьяалал бий болгосноор Зуунмод хот үүсч хөгжих эхлэл тавигдсан гэж түүхэн сурвалжид бичжээ.

Манзушир хийд бол зуунмодчуудын бахархал. Хөдөө гадаанаас ирсэн зочид гийчдээ дагуулж очдог гол газар нь, мөн амралтын өдрүүд, зуны сайхан өдрүүдэд зугаалж, агаар салхинд гардаг ганц газар нь Манзуширын хийд, Зуунмодны ам. Хүүхэд байхдаа Зуунмод хот, Манзуширын хийд, Дондогдуламын рашаан, Бөхөгийн хөндий, Хөшигийн хөндий, Самдан баатар, Д.Нацагдорж, Мөнх алдарын талбай гээд л аймагтайгаа, хоттойгоо холбоотой үүх түүхийг нэг нэгнээсээ дуулж мэдээд өөр нэгэнд дамжуулж ярьцгаадаг байлаа. Зуунмодын сурагчид намар хичээл эхэлсний дараа эсвэл хавар улсын шалгалтын өмнө хойшоогоо Богд уул руу зугаалгаар гарцгаана. Зуунмод хотын төвөөс Манзуширын хийд хүртэл найман км. Далан давхар хэмээх гамбир, элсэн чихэр, маслотай талх, чихэртэй хар цай сэлтээ үүргэвчиндээ хийчихээд л ангиараа хойшоо гараад алхчихна даа. Зуунмодны амаар өгсөөд Манзушир руу орох гэхээр “Тасалбар ав” гэнэ. Бидэнд ямар мөнгө төгрөг байх вэ дээ. Хөөгдөн туугдан байж уул хадаар зугтаан Манзуширын хийд рүү очиж чадна. Гэхдээ байнга ингэж ой хамгаалагчтай хэрэлдэхгүйн тулд баруун талынх нь Айргийн амаар өгсөнө. Уг амаар оруут л ойн цэнгэг агаар цээж дүүргээд хөвч биш их далайд ороод ирсэн мэт толгой дээр моддын навчис давалгаалан шуугина. Дөрөвдүгээр сарын эхээр ойд хүйтэн. Ялангуяа шил газартаа цас, мөстэй. Гэсэн ч хавар эртийн яргуй, цэцэг гарчихсан л байдаг. Ингэж явахдаа хүүхдүүд хэнээс ч юм дуулсан аймшгийн явдал, болсон явдал ярьцгаана. Тойрч суугаад нэгнээ анхааралтай сонсоно. “Энэ Самдан баатар гэдэг чинь манай аймгийн хүү байсан юм билээ. Цэрэгт татагдаад самурайнуудтай тулалдаж галын шугаманд байлдаж байтал хажууд нь байсан нөхөд нь бүгд үрэгдчихсэн гэсэн. Тэгээд яахав ганц дайчин ганцаардахгүй гэдэг шиг Самдан чинь сумаа барагдтал шүршээд л байж. Сум нь дуусаад аргаа бараад ам нь улайссан буугаа барьж аваад арван хэдэн самурайг буугаар цохиод цааш харуулаад өөрөө ч нас барчихсан байсан гэсэн. Тэгээд буу нь гартай нь түлэгдээд наалдчихсан байсан болохоор буутай нь оршуулсан юм билээ. Ингээд энэ хүний хөшөөг сургуулийн хажууд босгосон нь тэр” гэж нэг нь яриут “Үгүй ээ. Арав биш, хорин самурайг буугаар цохиж алсан гэсэн” гэж мэтгэнэ. Сүүлдээ домогт баатраас болж муудалцахдаа тулж “Чи юу юм, дуугай бай” гэдэгтээ тулснаар түүхэн баатрын тухай яриа өндөрлөнө. Ингээд модод дундуур алхаад бух хар, мөлгөр хадаар дамжиж уруудсаар Манзуширын хийд рүү дээд талаас нь буугаад ирдэг юм. Манзуширын хийдийн туурины хажууханд томоос том тогоо бий. Тогооны дэргэд ирээд бас л хэн нэг нь мэдэмхийрэн “Энэ тогоонд чинь зуун ламын хоолыг хийдэг байсан гэдэг. Ёроол руу нь зоос шидвэл баяждаг” гээд л яриад эхлэхээр өөр нэг нь “Үгүй за, энд чинь 1000 ламын хоолыг хийдэг байсан гэсэн. Бүтэн үхрийн махыг чанадаг байсан” гэнэ. Тэгэнгүүт хэн нэг нь “Хэзээ лам нар мах иддэг байсан юм. Битгий худлаа ярь” гэх. Ингээд л дахиад бөөн хэрүүл. Хэрүүл ч гэх юм уу, юу ч юм. Тиймэрхүү яриа болоод өнгөрнө. Ингээд хийдээс уруудаад Зуунмодны аманд орж ирнэ. Мөн л өөр хоорондоо цэц хаялцаж эхэлнэ дээ.

-Энд нээрээ 100 ширхэг мод байдаг болов уу?

-Юу гэж дээ, хараажаар яавч 100 мод байхгүй. Ямар ч байсан 500, 600 мод байгаа. Худлаа гэвэл тоол.

-Энд чинь дээр үед аймаар тулалдаан болж байсан гэсэн. Та нар дуулаагүй юу. Зуунмодны тулалдаан гэж.

-Тэр чинь Тэрэлжид байдаг Зуунмод гэдэг газар болсон гэсэн ш дээ.

-Зуун ширхэг модтой байсан болохоор Зуунмод гэж нэрлээд урсч байгаа голыг нь Зуунмод, тэгээд хотыг нь ч бас Зуунмод гэдэг болж дээ, тийм ээ.

-Энэ Зуунмодонд самар байгаа болов уу?

-Хэзээ хавар самар ургаж байсан юм.

-Зүгээр л самрын мод байна уу гэж асуусан юм?

Хүүхдүүд төрөлх Зуунмод хотынхоо талаар сонссон мэдээ, сэлт, үүх түүхийг аялал, зугаалгын үеэр иймэрхүү л маягаар нэгэндээ ярина, нөгөөх нь илүү мэддэг болж мэтгэх гэж үзнэ.

Хичээл тараад гол руу гүйгээд оччихно. Харин 2000 он гараад Зуунмодны гол ширгэсэн л дээ. Хур ихтэй жил эсвэл үер буусан үед л урсч байгаа харагддаг. Ган олон жил дараалсныг “Өндөр довын наана байдаг тоосгоны үйлдвэрийн хятадууд гахайн толгой шатаагаад газар булчихсан гэсэн. Тэрнээс хойш манай Зуунмодод хур буухаа больсон” гэж хардацгаана. Зуунмод хотын төвийн хойд хэсгийг Энхтайван, голын цаадхыг Дэнж, зүүн урд талыг Тавдугаар хороо буюу Нацагдорж, төв зам дагуух урд хэсгийг Усны аж ахуй, баруун талыг Номт баг гэнэ. Сэргэлэн сум руу явдаг замын зүүн гар талд салсан зам нь Баянхошуу багт хөтөлнө. Зуунмод хот бол авсаархан, элдэв янзын зүйл байхгүй, зохион байгуулалт нь тун чиг ойлгомжтой газар л даа. Хоттой ойр болохоор иргэд нь хотоос хүнс хоолоо зэхчихнэ. Хувцас хунар ахуйн бүхий л юмаа хотоос аваад ирдэг болохоор худалдаа наймаа төдийлөн дэлгэр биш. Сүүлийн үед зам харилцаа нь сайжирчихсан болохоор хотоос Зуунмодод очиж ажлаа хийчихээд орой нь хот руу буцчихдаг хүмүүс их болсон. Үүнтэй адил Зуунмодоос Улаанбаатар хот руу ажил, хичээлдээ явдаг хүмүүс олон болсон шүү. Тийм болохоор Зуунмод хот зарим талаараа хоцрогдмол, хаягдсан мэт. Уг нь хотын хаяанд, урдхан талд нь байгаа сан. Гэтэл хөгжил дэвшил нь их удаан. Зуунмодод анх ирсэн хүмүүс. “Ямар сонин тайван газар вэ. Их жижигхэн юм аа. Хүмүүс нь тайван, хүмүүсийнх нь байгаа байдал яг л хөдөөнийх. Хүн амьтан ч сийрэг” гэнэ. Аливаа хот, сууринг авардаг ганц зүйл бол үйлдвэрлэл. Сүүлийн жилүүдэд энэ тал дээр дээр дооргүй л анхаарч өрхийн үйлдвэрлэл, газар тариаланг ихэд дэмжиж, хувиараа юм хийх гэсэн иргэдээ дэмжихийг хичээдэг ч тэгсхийгээд л намжчихдаг. Төрийн албан байгууллагын ажилтнууд, хэдэн настан, хүүхэд багачуул гудамж талбайгаар нь хөлхөж харагдах бол ид ажиллах насны залуус нь Улаанбаатар хотыг бараадаад явчихдаг болохоор Зуунмод хот ерөнхийдөө хоцрогдоод байгаа. Харин Майдар гэж том төсөл хэрэгжвэл бид ч гялайх нь дээ. Шинэ нисэх онгоцны буудал ашиглалтад орвол манай залуус ч тэтгэвэрт гартлаа санаа зовох зүйлгүй болно доо гэсэн мөрөөдөл төдий итгэл найдвараар л энэ хотынхон амьдарч байна.

1930-аад оны эхэн Манзуширын хийд. Лам нар.

Зуунмод хот бол Улаанбаатар хоттой 45 км хатуу хучилттай авто замаар холбогдсон, эрчим хүч, зам барилга зэрэг дэд бүтэц харьцангуй сайн хөгжсөн, үйлдвэрлэл технологийн парк, Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал, 100 мянган хүнтэй “Шинэ Зуунмод хот” төсөл хөтөлбөр, 2011-2023 оны “Зуунмод хотын хөгжлийн хөтөлбөр”, “Улаанбаатар-Зуунмод-Хөшигийн хөндий, Налайхын” хурдны авто зам зэрэг шинэ бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтийн эрин зуунтай золгох эхлэл тавигдаад байна гэж албаны хүмүүс нь ярьдаг. Зуунмодын ажилгүй иргэдийг ажлын байраар хангаад амьжиргааг нь аваад явчих томоохон хэмжээний үйлдвэр, компани байхгүй. Байлаа ч үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн сэлтээ Улаанбаатар руу зөөчихдөг. Иргэд нь газар ойр болохоор цалин хөлсөө хамж аваад л хот руу ороод ирдэг. Үнэндээ Зуунмодод гялалзаж гялтайж олон хүнийг татсан үйлчилгээний газар гэж үгүй. Нутгийнхаа буурийг сахисан хэдэн залуус л бизнес, хоршоо гэж хэд хэдэн юм ажиллуулдаг нь гойд их ашиггүй ч байж л байдаг.

Зуунмодын төв дэх таксины зогсоолын арын хуушуур, замын урдах банштай цайны газар бол эндхийн брэнд л дээ. Ээж хад, Манзуширын хийд рүү явж байгаа зам зуурын улс, зугаалагчид энэ хоёр цайны газрыг анддаггүй. Бас аймгийн музей нь тогтмол ажилладаг болохоор хэзээд ч орсон нээлттэй. Хүүхэд, багачуул аймгийнхаа болоод эх орныхоо түүх, байгалийн талаарх мэдээллийг эндээс л авдаг гэж болно. Аймаг өөрийн гэсэн телевиз, сонин, fm радиотой. Уг нь Төв аймгийн, Зуунмод хотын гэх тодотгол зүйлсийг гаргаж ирэх гэж хэн хэнгүй л зүтгэдэг. Ид хийж бүтээх насны залуусаа, өндөр боловсрол эзэмшсэн хүмүүсийг тогтоох, авч үлдэх зүйлгүйдээ л Зуунмод хот маань ийн даруухан харагддаг байх. Түүнээс биш хотуудад байдаг бүхий л юм байж л байна. Ямар нэгэн алдартан төрвөл аймгийн бусад сумд нь аав, ээжийнх нь уг гарвалаар “булаагаад” авчихна. Шанаган тав, шавхруу нь гурвынхан гэж бусад газрынхан жаахан дооёолох маягтай хэлдэг ч үнэндээ Зуунмодод Монгол Улсын газар газраас ирсэн иргэд амьдран сууж байна. Энд зах зээлийн зарчим л үйлчилдэг. Үгүй яахав, явган яриа нь явсаар их л харамч улсууд суудаг газар гэсэн бодол төрүүлчихсэн болохоос биш үнэндээ энд чинь харин ч өгөөмөр, тайван, элдэв янзын зангүй даруухан улсууд суудаг хот л доо. Эргэн тойронд нь том том бүтээн байгуулалтууд өрнөхийн хэрээр хотынхоо өнгө зүсийг тордож тэр их зах зээлд хөлөө дүрэх гээд л зүтгэж яваа ард түмэн.

Зуунмод зундаа аагим шаттал халахгүй. Дэргэдээ голтой, хойноо ойтой, уг нь. Дороо мөнх цэвдэгтэй учир өвөлдөө жиндүү. Салхины ам таарсан учир утаа униар тогтохгүй. Агаар нь сайхан. Тиймдээ ч Богд хаан, хатан Дондогдуламынхаа хамт Зуунмодод зусах гэж ирдэг байсан тухай нутгийн настайчуул ярьж байсныг сонссон л доо. Хойшоо Айргийн ам руу өгсч байхад нэг рашаан бий. Тэр рашааныг Дондогдуламын рашаан гэдэг. Тэгэхээр Богд хаан, хатантайгаа Зуунмодод зусч байхдаа тэр рашаанаас хүртчихээд хойшоо Манзуширын хийд гардаг ч байсан байж мэднэ л дээ.

Хотоос шинэ кино, дуучдын тоглолт ирнэ. Хэн ирснээс, ямар кино ирснээс хамаарч үзэгчдийн суудал дүүрэх эсэх нь хамаарна. Жавхлан, Баясгалан, Поп Сараа нарын акулууд ирвэл театрын суудал дүүрч, хаалга нь хаагдахгүй болтлоо чихнэ. Дээхнэ үед “Гала” хамтлаг ирж тоглолт хийх гээд хөшгөө нээтэл дөрөв тавхан үзэгч сууж байсан гэдэг. Бас “Халтар царайт” киноны жүжигчдээс Санта манай Зуунмодод хөл тавьж байсан удаатай. Харин Санта “Хоёр бөхтэй тэмээг чинь унаж үзье” гэж зуунмодчуудаас гуйтал тэр шөнөжингөө малчин залуус маань ийш тийш харайлгаж, сураг тавиад тэмээ олж чадаагүйдээ их л урамгүйхэн үлдэж билээ. Зуунмодныхон нийслэлийн дэргэд амьдардаг ч тийм цагаахан, сайхан сэтгэлтэй улс.

Д.ГАНСАРУУЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *