Categories
мэдээ цаг-үе

Дэлхийн гарамгай найрагч Долгорын Нямаа

Д.Нямаа ах бид хоёр Дэл ууланд алхалж яваа нь

Ээлжийн амралтаа эдэлсэн шигээ сэтгэл амгалан байх үед төрсөн өдөр ч тохиож таарлаа. Гэргий хүүхдээ дагуулан Нямаа ахын зуслан руу гарч өгөв. Үе үехэн сүүн бороо цайрч шиврээд таатай сайхан. Монголын зохиолчдын халуун голомт Шадивлангийн зусланд яах ийхийн зуургүй туушиндаад буучих нь тэр. Биднийг ирэх сургаар Отгонбаяр эгч хуушуур хайраад сүрхий гэгч нь угтаж байгаа юм.

“Та юу аязагнаад байна даа” гэж эрхэм зохиолчоос асуухад, “Миний хийдэг ажил гэрийн гадаах сандал дээр суугаад урд уулыг харна. Урд уулын ар дээр жаахан хотгор хонхор газар бий. Түүнийг Ар хотгор гэнэ. Нэг өдөр гайгүй хэдэн үхэр, нөгөө өдөр нэлээдгүй олон үхэр гараад ирнэ. Тэгээд л Ар хотгорын бэлчирт арван хэдэн үхэр байна гэж харж, тоолж суудаг ажилтай. Хөдөөний хүн болохоор мал харах их дуртай. Мөн үүл бас харна. Дамдинсүрэн гуайн хэлснээр хувилгаан цагаан, хурмастын цагаан үүл, араг үүрсэн эхнэр бүжиглэж байгаа юм шиг, арслан цагаан барс хэвтэж байгаа юм шиг гэдэг лугаа үүлний байр байдлыг сониучирхан ажина. Энэ жил ёстой л “арслан барс” шиг үүл их гарч байна. Жигтэйхэн толгойлсон үүлнүүд байх юм” гэж ажлын тайлангаа тавих зуурт найрагчийн гэргий “Манай хүн чинь үүл юм уу, үхэр мал л харна. Намайг хардаг цаг өнгөрчээ” хэмээн цаашлуулаад Ховдын тарвас өмнө минь таваглалаа.

Нямаа ахын гэргий Ховдын Эрдэнэбүрэн сум цаст цагаан Цамбагарав хайрхны охин. Хоёр мянга нэг оны намар хадмынхаа нутаг цаст их Алтайд дахин дөрөө мулталжээ.“Нар тогтсон намрын шаргал өдрүүдэд Ховд голын хөвөө даган өөлд түмний бургасан уньтай цомбогор гэрийн хоймор өөд залагдаж, уулын сарлагийн идээ ундаагаар дайлуулан ураг садныхаа айлуудаар бууж мордож явлаа. Цаст Цамбагарав хайрхан баруун хойд талыг эзлэнхэн дүнхийж, үе үе сүүдэртээд тэргүүн дээрээ үүл татан байх нь сүслэн залбирмаар сүр бараатай. Ургах наран хамгийн түрүүн тэнд тусах нь Алтай сэрж галаа асаах мэт” гэж яг л шүлэг шиг нүдэнд харагдтал хэлж байна. Баруун Алтай бол үлгэр зүүдний юм шиг ер бусын газар орон л доо, аргагүй.

Мориор хоёр цаг гаруй явж туулдаг Ховд, Өлгий нутгийг холбосон Монгол Алтайн гол гудамж Шижигтийн хавцлыг гаталсан нь бий. Тэр тухайгаа “Хавцлын хоёр тал өөд байн байн харж явахад мянган жилийн нар салхи Алтайн эгц босоо улаан хаднуудыг өрөмдөөд орчихсон мэт энд тэндгүй нүх хонгил. Намрын сэрүү орсон хойно бол тийм нүхнээс уур цан гарч харагддаг төдийгүй амсар хавь нь цантсан үзэгддэг гэдэг. Хавцлын амаар гарч ирэхэд ямар нэг театр хүрээлэнгийн хөшиг нээчих мэт болов. Нүдэн дээр Алтайн арван гурван сантай гэх Дамжиг толгой эгнэж, Ховдын гол хэд салаалан урсаад нуга хөндийгөөр нь цагаан гэрүүд од мэт ярайжээ. Өмнө минь дуунд гараад байдаг Алтанхөхий уул. Тэртээ зүүн хойно Хархираа Түргэний цаст уулс зүмбэрлэнэ. Тийм зураг харсан Цэдэн ах “Ай, Алтай цаст буурал минь хөөрхий, хөөрхий” гэж явав. Намайг анх жаран хоёр оны зун цаст Цамбагаравын бэл хормойд хүрч очиход эмээлтэй морь хөтөлж ирээд тосч авсан хүн Цэдэн ах. Түүнийг дагаж би Алтайд гарсан” хэмээн өгүүлнэм буюу. Ингэж л баруун Алтайн бас нэг сайхан уул Цэдэндорж гуайгаар газарчлуулж Нямаа ах ханийнхаа төрсөн бууцанд нь очсон гэдэг.

Миний бие Урлагийн гавьяат зүтгэлтэн Дашдаваагийн Баттөмөрийн тухай хөрөг бичихсэн гэж хорхойсч, дотроос адгаад буйгаа дуулгаснаас үүдэн бид хоёрын яриа “Цэцэгт цэнхэр алчуур” дууны түүх рүү ороод явчихлаа. Үнэхээр тэр өдрүүдэд “Есөн эрдэнийн орон”, “Туулын урсгал шөнөдөө сайхан”, “Миний нутгийн бараа”, “Би хаана төрөө вэ”, “Дорнын цагаан саран”, “Цэцэгт цэнхэр алчуур” гээд сонгодог бүтээлүүдийн хөгжмийг туурвиж, Монголын дууны урлагт гантиг цагаан хөшөө босгосон эгэл даруу Баттөмөр ах миний зүрх сэтгэлд уянга халгиаж байв. Одоо чиг хэвээрээ л байна. Урлагийн гавьяат гэх цол нь жулдаж байгаа эл эрхэм, ард түмэн Ардын уран зохиолч хэмээн хүндэтгэн хайрладаг Долгорын Нямаа хоёул Дундговийн аараг манхан толгодын дунд хүмүүн заяаг олсон авьяастнууд билээ л. Далан есөн онд төрсөн уг бүтээлийн үүдэл санаа тэртээ тавин нэгэн онд арван хоёрхон настай хүүгийн тархиных нь бор хальсанд зурагдсан байх юм.

“Тэр намрын шувуудын олныг юу гэхэв. Нүүдлийн шувууд тийм олноороо цувсан өөр намрыг би санадаггүй. Унаган далиа халтал дэвж говь цөлийн уудмыг туулдаг биз. Холын тэртээ нутгийг зорьж явааг нь бодоод арван хоёр настай хүү би хонины дэргэд нүүдлийн шувуудын хойноос уяран уяран харж зогсдог сон. Зай завсаргүй шувууд зэллэсэн тэр намар нэг сонин юм надад ажиглагдсан. Үүл дундуур зэл татан өнгөрснөө төдхөн ханаран даялаад хонин дээгүүр минь гангар гунгар дуугарсаар эргэж ирнэ. Тэгээд далавч юугаараа баяртай гэж даллах гэсэн шиг санагдана. Эхлээд би гайхдаг байснаа сүүлд нь ийнхүү бодлоо. Манай нутгийн хоньд мөнгөн бөмбөг шиг цав цагаан. Сул асгасан сувд гэж дуулдаг биз дээ. Тийм болохоор усны шувууд талын цагаан хонийг нуур гэж андуурдаг байх. Түмэн цагаан хонины нуруу гүвэлзэн хөдлөх нь шувууд хөөрөх өндрөөс усны долгио шиг харагддаг биз. Шувууд эргэн хурган саатсаар тэр долгионыг магадалж хардаг байх нь. Энэ тухай санаанд явсаар байгаад хожим нь “Нүүдлийн шувууд” гэсэн шүлэг бичсэнд хөгжмийн зохиолч Баттөмөр ая хийснээр “Цэцэгт цэнхэр алчуур дуу” гарсан түүхтэй” хэмээн өгүүллээ. “Хонин дээгүүр минь нүүдлийн шувууд буцлаа…” гэж эхэлдэг тэр дуунд

“…Мянган цагаан хонь минь

Мяралзсан ус шиг харагдана уу

Цэцэгт цэнхэр алчуур минь

Цэн тогорууд шиг үзэгдэнэ үү

Хойтон хавар ирэхдээ

Хонин дунд минь буугаарай

Аясын салхинд намирсан

Алчуур дээр минь суугаарай”.

Ийн дуу хуур, баяр баясал болж суух зууртаа эрхэм зохиолчоос Галбын говийн нүүдлийг асуухуйд “Их баярлалаа. Сүүлийн үед тэр тухай асуух хүн ховордоод байгаа юм” гэж нүд нь гэрэлтээд ирдэг байна шүү. Одоогоос арван жилийн тэртээд сэн. Намар оройн жигтэйхэн налгар өдрүүдэд Дэл Хөнжлийн уулсын Нямаа, өмнийн шаргал говийн Эрэнжидийн Хархүү, баруун Алтай Сутай хайрхны Бямбажавын Хүрэлбаатар, догшин хутагтын нутаг, Улаанбадрахын Арлааны Эрдэнэ-Очир гэсэн Монголын их утга зохиолын эрдэнийн чулууд найрагчдын хамт Дорноговийн Хатанбулаг, Эргэлийн зоо, Сулинхээрийн хязгаарт хөл тавьж билээ. Тэр өдрүүдэд Нямаа ах элгэн далдуураа хайр урсгаж, цээжин цаанаа мэлмэрч явааг хорь гаруйхан настай жулдрай би үнэндээ мэдээгүй явж дээ.

Хатанбулагийн сууринд нар, салхи, элс, шүлэг найргаар хатаагдаж, чухам л Хорго хайрхан цагаан зандан шиг гэрэлтсэн Сономын Чулуу найрагч Эргэлийн зоондоо урилаа. Их говийн цагаан өвчүү гэгддэг Эргэлийн тэгш дөрвөлжин зоон дээр хурдны морьд уралдаж, шүлэг найргаар бялхам байх цаг дор Долгорын Нямаа найрагч их овоонд нь сүслэн мөргөв. Бүр тэр чигээрээ сөхрөөд уначихав. Жаахан халмаг байна даа гэх зүйл тухайн үед бодогдож байсан сан. Гэвчиг Хатанбулагаас ирсний дараахан их зохиолчийн “Тэнгэрийн хаяа”-тай золгож, “Бор нялхсаа гангануулан ботго тэмээдээ гунгануулан” явж туулсан Галбын говийнх нь нүүдэлд оюун санаагаараа агсагдан жаргасны учир Эргэл хайрханд сөхрөн унасных нь шүншиг ерөөлийг ойлгосон.Тэрбээр “Галбын говийн нүүдэл надад уянгын сэрэл мэдрэмжийг төрүүлсэн” гэж хэлэх дуртай.

Сүм суварга, Гурван хасар, Эргэлийн зоо, Ухаа заг, Онгон саглагар гээд газар усны нэр дөчин дөрвөн оны алдарт мичин жилийн зудны их нүүдэлд дөрөв, тавхан настай хүүгийн сэтгэлд тодоос тод үлджээ. Түүгээр ч үл барам, Зах гурван зээмэг, Заг сүүжийн говь, Модон тоонотын гол, Хаяа гурван бөхтэй, Цахиур таван толгой, Хярын гурван алтгана, Ингэн сэвстэй гэхчилэн ямар нэг шүлэг дууны нэр шиг сонсогдох говийн уул ус яруу найргийнх нь сэрэл мэдрэмжийг хөглөж, бүтэн амьдралынх нь туршид бүлээн бороо шиг сэлбэж явна чинээ хэн санах билээ дээ. Мөн энэ их нүүдэл балчир хүүгийн бодол оюунд тэнгэрийн хаяаг суулгаж өгсөн байдаг. “Холын холд тэнгэрийн хаяа газардаж, холхи хөндийн цэнхэр хязгаар алдрана, тэмүүлсэн сэтгэл түүний дээгүүр цойлж, тэмдгэн төдий үүлэн цөвдлийг ч давна” гэж тунхаглах аугаа их хүчийг тэрхүү нүүдлээс мэдэрсэн нь бий. “Манай говь талд тэнгэрийн хаяа нүүж явдаг. Түүнийг нэхэж яаж гүйцэх вэ. Гэхдээ “би энд явна” гэж даллаад байдаг нь сонин. Тэнгэрээр үүлс нүүдэг бол газраар бас үүл нүүдэг. Газраар нүүсэн үүл нь Монголын хээр талын нүүдэлчид” хэмээн ухаанаар зодож хэлдэг нь ийм учиртай ажгуу.

Хоёр жилийн өмнө, есдүгээр сарын аравдаар Нямаа ахын унаган нутаг Дэл Хөнжлийнх нь уулсад хамт очиж, намрын говийг зүрхээрээ мэдэрч явлаа. Яруу найргийнх нь онгод оргил Баянхайрханы барааг харан баясаж, төрсөн буурь Хирс таван толгойн үүдэн бууцанд нь үдэлсэн. Дурдмал говийн энхэр салхи илбэн байх агшинд домогт Шанхын хэцийг хараачлан, багширсан хүрэн улаан тэмээд нулимсан дунд дайвалзан байсан. Монголын говийн гайхамшиг Цагаан суварганд мөн л дөрөө мулталж, их утга зохиолд мөрийг нь түшиж явсан алдарт Дооровынх нь Дэлгэрхангай уул тэртээд хөхөртөн цэнхэрлэхийг үзээд сэржим өргөж байсан сан. Эл бүгдээ эргэн санан сэтгэл хөлөргөн суухдаа Баянхайрханы цахивартсан цагаан саарал дүрийг дахин үзэх шиг болов.

Өнгөрөгч хавар Нийслэлийн захиргааны шүүхийн хамт олон Долгорын Нямаа, Балжирын Догмид гэсэн хоёр аваргатай намайг хамт урьдаг юм. Цэнд-Аюушийн Ичинхорлоо шүүгч урьсан хэрэг л дээ. “Гийгүүлэн” тэргүүт хэд хэдэн номтой тэрээр Монголын зохиолчдын эвлэлийн шагналт нэгэн. Нямаа ах уулзалтын эхэнд “Бид гурвыг зэрэг урьсан нь надад их таатай санагдлаа. Догмид бид хоёр хэн хэнийгээ эртнээс эрхэмлэж яваа хүмүүс. Миний тухай “Самаркандын шөнө сар хээр хонодог” хөрөг нийтлэл сонинд хэвлүүлсэн. Сүүл үеийн залуучуудаас Гантулгад би их хайртай юм” гэж билээ. Догмидын хөрөг гэснээс Долгорын Нямаагийн өнөө “хүүхдийн бариувч” шиг хэрнээ гүн гүнзгий утга, яруу сайхны илэрхийлэл шүлэг найраг олон чиг хүмүүний зүрхэнд явдаг. Монголын сэтгүүл зүйн өрлөг ижий Дүгэрийн Амбасэлмаа гуай “Эх орныхоо торгон хилээр явж, хэдэн бор цэрэгтэйгээ уулзахдаа Нямаагийн “Аргалын уул”-ыг би уншдаг” гэдэг. Эрдэнэ-Очир ах бидний зүрхээрээ хоршин уншдаг шүлгийн нэг юм. Мөн Сандагдоржийн Пүрэвсүрэн сэтгүүлчийн тэмдэглэлд ч “Аргалын уул”-ын аялгуу эгшиглэн байна лээ.

“Бараа бараагаа харсан

Холын цэнхэр уул

Багаас миний хайртай

Хоёр цэнхэр уул

Зэрэглээ гүйсэн талын

Зэрэгцээ хоёр уул

Зээр цахилсан хөндийн

Сондгой хоёр уул

Саахалт хоёр айлын

Санаа нэг гэдэг шиг

Сайхан хоёр уулын

Салхи бас нийлнэ

Сайхан хоёр уулын

Салхи нийлэв гэхэд

Ботгон цагаан уулын

Бороо бас нийлнэ

Ботгон цагаан уулын

Бороо нийлэв гэхэд

Цэнхэр хоёр уулын

Цэцэг бас нийлнэ

Холын холоос бараатай

Аргалын хоёр уул

Хоёулаа байх нь жаргалтай

Амрагийн хоёр уул

Хэн хэнээсээ холдохгүй

Талын хоёр уул

Хэзээ ч гэсэн ойртохгүй

Дууны хоёр уул” гээд уншихуйд нэг л сайхан. Хайр ярууслын зөөлөн цагаан бороо бүлээн сүү шиг цээж рүү урсаад ирнэ. Үүнд л Долгорын Нямаагийн шүлэг найргийн үнэ цэн оршино.

“Сар чанх дээр нь хонодог

Самаркандын шөнө тагтан дээр суухад

Салхи сэм сэмхэн үлээж

Сайхан арц модны үнэрийг надад авчирна

Дэлхийн гэрэлт цэг Самарканд гэж

Дээр үеэс нүдэнд туссан газар

Дорно дахины их шүлэгчдийн

Домог цуутай яруу найргийн өлгий

Намрын шөнө сарны саруулд

Намайг танихгүй өвгөн хот налайна

Баргил ногоон цэцэрлэгийн дунд

Багачууд хүүхдүүд дуу аялна

Эрдэнийн чулуун хана туурга

Эртний түүхийн чулуун хуудас

Үлэмж тансаг Самаркандын шөнө

Үлгэрийн юмс амилж ирэх шиг болно…”.

Тиймээ, төрийн шагналт найрагчийн шүлгийг уншихад сарны гэрэлд ертөнц тэр чигээрээ тодорч, салхины үзүүрт говийн өвгөдийн ухааны учиг зангилагдах ажгуу. Мөн оддын дунд адуу янцгаах шиг болно. Тэгээд л

“Эртний домог шиг буурал тал

Эргэн тойрон чимээ алдрана

Алс замын алжаал тайлж

Аяны хүн талдаа хононо

Гүн харанхуйд тэнгэрийн заадал

Гүүн зэл шиг сунайн цайрна

Амгалан талын аяс хөндөж

Алдуурсан унага шиг од харвана

Эртний домог шиг буурал тал

Эргэн тойрон чимээ алдана

Оддын дунд ижлээ үзсэн юм шиг

Шөнийн талд адуу янцгаана” гэж Монголын хээр талд хүмүүн заяаг олсон бүхэн цээжиндээ баяр тээж уншдаг байлгүй. Ийм сонгодог бүтээлийг туурвиж ирсэн хүмүүн дэлхийн найрагч бололгүй ч яахав дээ. Тэр жил нутаг руугаа явахад энэ шүлгээ байн байн уншиж, ялангуяа “Оддын дунд ижлээ үзсэн юм шиг” гэх мөрийг тийм нэг тэсрэлттэй, дотроосоо булаг шиг оргилж уншихыг нь яг дэргэдээс нь хараад бахдаж байсан сан. Уул нь бол манай хүн чинь аядуу намуухан, говийн манхайсан хөх тэнгэр шигээ налгар нэгэн шүү дээ. Гэвч шүлгээ уншихад өөрийн эрхгүй ид хав нь сэргэж, дал мөрөн дээрээс нь гал бутарч байна уу гэмээр.

Шадивлангийн зуслангийн уулзалтаас хэдхэн хоногийн дараа дэлхийн яруу найрагчдын 37 дугаар их хурал Монголд болж, эл үеэр Дэл Хөнжлийн уулсын билэгт хөвгүүнд “Дэлхийн гарамгай найрагч”-ийн шагналыг гардуулсан юм. Ийнхүү молхи миний бие гучин дөрвөн насныхаа баяраар дэлхийн гарамгай найрагч Долгорын Нямаад үнсүүлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *