Categories
мэдээ цаг-үе

Чөлөөт бөхийн төрөлжсөн сургалттай 73 дугаар сургуулийн шинэ байрны нээлт боллоо

Баянгол дүүргийн III дугаар хороонд байрлах чөлөөт бөхийн төрөлжсөн сургалттай 73 дугаар сургуулийн ашиглалтын хугацаа дууссан хуучин барилгыг буулгаж, 960 хүүхдийн суудалтай шинэ барилгын барихаар болсон билээ. Харин өнөөдөр тус сургуулийн хичээлийн шинэ байрны нээлтийн ёслол боллоо. Нээлтэд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, А.Ундраа, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Ц.Ариунбаяр, БГД-ийн Засаг дарга С.Одонтуяа болон холбогдох албаны хүмүүс, эцэг эхчүүд, багш сурагчид оролцов.

Нийслэлийн 73 дугаар сургууль нь 1953 онд 470 хүүхдийн суудалтай баригдсан бөгөөд сүүлийн жилүүдэд 940 гаруй сурагч суралцан, суудлын тоо хоёр дахин ихсэж, сурагчдын суралцах эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангахгүй болсон тул сургуулийн барилга байгууламжийг актлах, буулгах тогтоол гарч, улмаар 2013 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш өнөөг хүртэлдөрвөн жилийн турш сургуулийн сурагчид Баянгол дүүргийн 20, 51 дүгээр сургуулиуд, Төмөр замын хүүхдийн секторын харьяа дотуур байр гэсэн гурван газар хуваагдан хичээллэж байсан юм. Шинээр баригдсан сургуулийн барилга нь 7158 м2 ашиглалттай талбайтай бөгөөд гурван давхар, 30 анги танхим, 27 кабинет, 260 хүүхдийн суудалтай урлаг заал болон хоолны заал, 606 м2 спорт заал, чөлөөт бөхийн бэлтгэлийн өрөө, иж бүрэн номын сантай А, Б блок бүхий нийт 960 хүүхэд суралцах хүчин чадал бүхий барилга юм.

Нээлтийн үеэр хотын дарга “Эрхэм хүндэт багш сурган хүмүүжүүлэгчид, эрхэм хүндэт эцэг эхчүүд, хүүхэд багачууд аа. Монгол Улсын хөгжил дэвшлийн нүүр царай болсон хойч үе, хүүхэд бүрийн хөгжил, сайн сайхан амьдралын төлөө оюун ухаан эрдэм мэдлэг, сэтгэл зүрхээ зориулан ажиллаж байгаа багш нартаа болон эрдмийн оргилруу тэмүүлэн сурч хүүхэд багачууд та бүхэндээ халуун мэндчилгээ дэвшүүлье.

2017 онд нийслэлд төрийн өмчийн 10, төрийн бус өмчийн 11 сургууль ашиглалтад орж, хүчин чадал маань 10680 суудлаар нэмэгдсэн. Улсын төсвөөр 19, нийслэлийн төсвөөр 15, нийслэлийн төсвийн тодотголоор 17 сургууль цэцэрлэгийн их засьарын алыг 2.7 тэрбум төгрөгөөрхийж гүйцэтгэлээ. Өнөөдөр Баянгол дүүрэгт 960 хүүхдийн суудалтай 73 дугаар сургууль маань ашиглалтад орж байна. Ингэснээр “Оюуны Ундраа” цогцолбор сургуулийн ачаалал буурч, Хурд, Алтай хотхоны хүүхдүүд гэрээсээ ойрхон сургуульд явах боломж бүрдэж байна. Өнгөрсөн онд 31 ерөнхий боловсролын сургууль гурван ээлжээр хичээллэж байсан бол өнөөдөр 26 болж таван сургуулийг гурван ээлжээс гаргаж чадлаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт боловсролын чиглэлээр тусгасан 22 зорилтын хүрээнд “Нийслэлийн боловсрол-2020” хөтөлбөр батлагдан гарлаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд олон улсын болон гүнзгийрүүлсэн сургалттай сургуулийн тоог нэмэгдүүлэхээр заасан. 73 дугаар сургуулийн хувьд хичээлийн шинэ байртай болсноор сурагчдын авьяас чадварыг хөгжүүлэх, дугуйлан хичээллүүлэх, багш нарын ажиллах орчин сайжирч байгаад бид бүхэн баяртай байна. Та бүхний эрдийн гэрэлт зам тань дардан байж, ирээдүйн оюунлаг, хүчирхэг Монголын төлөө хийх их үйлс чинь үргэлж мандан бадрах болтугай гэсэн ерөөлийг дэвшүүлье” хэмээлээ.

Харин 73 дугаар сургуулийн захирал Ч.Чанцал “Бид та бүхний бүтээн байгуулж өгсөн шинэ сургуулиа ариг гамтай эдэлж, багшийн хөгжих хөгжил, сурагчдаа Монгол уламжлалт ёс заншилаа хүндлэн дээдэлсэн, чадварлаг, оюунлаг, Монгол хүн болгон төлөвшүүлэн хөгжүүлэхэд ихээхэн ахиц амжилтыг гаргаж та бүхнийхээ сонорыг мялаах болно” гэсэн юм.

Чөлөөт бөхийн төрөлжсөн сургалттай тус сургуулиас Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гурван хүрэл медальт, Ази тивийн аварга, МУГТ О.Насанбурмаа, Ази тивийн аварга, Универсиад наадмын хүрэл медальт ОУХМ, аймгийн арслан Д.Хүдэрбулга, Ази тивийн аваргын мөнгө, хүрэл медальт, ОУХМ аймгийн арслан Н.Золбоо, Ази тивийн аваргын хүрэл медальт, Дэлхийн залуучуудын аваргын хүрэл медальт, ОУХМ, Б.Анхбаяр, Ази тивийн аваргын мөнгөн медальт, Азийн тоглолтын хүрэл медальт ОУХМ Б.Батзориг нар төрөн гарсан байдаг. Мөн “100 буудалт даам”-ны Ази тивийн дөрвөн удаагийн аварга, ОУХМ О.Сэргэлэн, “Сагсан бөмбөг”-ийн Зүүн азийн наадмын хүрэл медальт, МУГТамирчин, Д.Эрдэнэбилэг гээд алдар цуутай тамирчид суралцаж байжээ.

Тус сургуулийн хуучин барилгыг буулгаж, шинээр 960 хүүхдийн суудалтай сургууль барих ажлыг “Монкон Констракшн” ХХК хугацааны дагуу хийж гүйцэтгэн 2017 оны есдүгээр сарын 04-ний өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн байна.

О.АРИУНЦЭЦЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *