Categories
мэдээ нийгэм

Эмч нарын цалинг нэмэхээс өөр аргагүй

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус холбооны гишүүд Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг 50 хувиас доошгүй нэмж, зардлыг 2018 оны төсөвт тусгахыг шаардаж байгаагаа мэдэгдсэн юм.

Тэдний тавьсан шаардлагад эмнэлгийн салбарт ажилладаг 20 мянган хүн гарын үсэг зурсан бөгөөд УИХ, Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Сангийн яам, Эрүүл мэндийн яамд өгөх гэнэ.

Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ “Одоогоор эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа хүмүүс өнөөдрийг хүртэл ажлаа цалгардуулахгүйн төлөө зүтгэсээр байгаа. Гэтэл тэдний дундаж цалин 520-620 мянган төгрөгийн хооронд байна. Үүнээсээ татвар, нийгмийн даатгал, цалингийн зээлээ төлөөд хармаанд мөнгө үлдэхээ байсан. 2015 онд 500 гаруй тэрбум төгрөгөөр эмч нарын цалинг нэмнэ гэж Засгийн газар хуурсан. Дараа жил нь 90 гаруй тэрбум төгрөг нэмнэ гэж дахин хуурсан. Саяхан Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө “Эмнэлгийн ажилчдын цалинг энэ ондоо нэмж чадахгүй, 2018 онд ч нэмэхгүй, 2019 онд нэмэх талаар ярьж болох юм” гэж Н.Номтойбаяр сайд хэлсэн. Бид 2019 он хүртэл бүсээ чангалж чадахгүй. Иймээс жагсаал цуглаан хийж хамтын тэмцэл, хөдөлгөөн өрнүүлнэ. Ажил хаялт хийх хүртэл тууштай тэмцэх болсноо мэдэгдэж байна” гэлээ..

Шаардлагын хариуг өнөөдрөөс эхлэн ажлын тав хоног хүлээх юм байна. байна. Мөн тэд эмнэлгийн ажилчид ердөө нэг цаг ажил хаяхад ямар байдалд хүрэх вэ гэдгийг сануулж байлаа. Хэрвээ тэдний шаардлагыг биелүүлэхгүй бол тэмцэлээ үргэлжлүүлнэ гэдгээ л мэдэгдлээ. Эмнэлгүүд нэг хоног ажиллахгүй бол нөхцөл байдал ямар болохыг бүгд сайн мэдэж байгаа. Тиймээс Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа хүмүүсийн шаардлагыг биелүүлэхээс өөр аргагүй юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *