Categories
мэдээ нийгэм

Оффшорчдын эсрэг тэмцэж, шударга ёсыг тогтоож, төрийг цэвэрлэнэ гэв

Өнгөрсөн долдугаар сарын сүүлээр Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор данстай хүмүүст 49 хоногийн хугацаа өгсөн. Энэ хугацаанд оффшор бүсэд хадгалуулсан мөнгөө эх орондоо оруулж ирэхийг хүссэн билээ. Харин Ерөнхийлөгчийн өгсөн хугацаа дуусгавар болоход мөнгөө оруулсан гэх нэг ч албан тушаалтны нэр дуулдсангүй. Тиймээс “Ард түмний онц түр зөвлөл”, ТББ-ууд нэгдэн тэмцэхээр болсон гэнэ. Тэд энэ сарын 23-ны 12.00 цагт Сүхбаатарын талбайд бүх нийтийн цуглаан хийх болсноо зарлалаа. Энэ цуглаанаар үзэл санаа, шударга ёс, аж үйлдвэржилтийн хувьсгал хийх уриалгыг дэвшүүлэх аж. Төрөө цэвэрлэхийн тулд хүмүүс өөрсдийн гэсэн үзэл санаатай байх ёстой. Энэ тэмцэл шударга ёсыг тогтоож, төрийг цэвэрлэнэ. Үүний дараа баялаг бүтээх үйлдвэрүүдээ байгуулж, хүн шиг амьдрах ёстой гэж хуралд оролцогчид мэдээллээ.

Ж.БАТДОРЖ: УИХ-ЫН ГИШҮҮД ГЭДЭГ ЧИНЬ ХЭДҮҮЛЭХНЭЭ ХУУЛЬ ГАРГААД, ЗАЛИЛАН МЭХЛЭЭД СУУЖ БАЙДАГ ХҮМҮҮС

Ард түмний онц түр зөвлөлийн хуулийн хэлтсийн дарга Ж.Батдорж: Энэ цуглаанаар УИХ-ыг тарахыг шаардана. Өнөөдөр энэ улсад хууль гэж байхгүйг та бүхэн харж байгаа. УИХ-ын гишүүд гэдэг чинь хэдүүлэхнээ хууль гаргаад, залилан мэхлээд сууж байдаг хүмүүс. Тэгэхээр Монголд ард түмний төр байхгүй болсон. Зөвхөн өөрсдийгөө хамгаалдаг хууль гаргадаг хязгааргүй эрх мэдэлтэй ноёд бий болсон. Тиймээс энэ УИХ тарах ёстой. 60 тэрбумын хэрэг бол нотлогдсон. Төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан зүйл заалтад зайлшгүй хамрагдана. Дээд шүүх энэ намыг тараах ёстой. Төрийн эрхийг хууль бусаар авах, завдахыг хориглоно гэж Үндсэн хуульд заасан байдаг. Мөн улс төрийн намын тухай хуулинд төрийн эрхийг хууль бусаар авах үйл ажиллагаа явуулсан намыг татан буулгаж, тараана гэж заасан байгаа. Гэтэл энэ асуудлыг яагаад шийдэхгүй байгаа юм” гэлээ.

Ц. НАРАНГЭРЭЛ: МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ОНЦ БАЙДАЛ ЗАРЛАЖ ӨГӨХИЙГ ШААРДАЖ БАЙНА

Ард түмний онц түр зөвлөлийн удирдах зөвлөлийн тэргүүн Ц. Нарангэрэл: Энэ сарын 23-ны өдөр оффшор бүс болон 60 тэрбумын эсрэг, авлигал, хууль бус үйлдлийн эсрэг жагсах гэж байна. Иргэд, төрийн албан хаагчдыг бидний энэхүү жагсаалд оролцохыг хүсч байна. Өнөөдөр Монгол Улс маань хөрөнгөтний, оффшорч, луйварчдын гарт оржээ. Төр эдгээр авлигачдаар дүүрсэн байна. Төрөө цэвэрлэж авахын төлөө удахгүй болох жагсаалд нэгдээсэй гэж хүсч байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийг онц байдал зарлаж өгөхийг шаардаж байгаа. Бид ерөн оноос өмнө үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжээд, дотоодынхоо зах зээлийг бүрэн хангаж чадаж байсан. Одоо төрөө цэвэрлэж чадвал бид өмнөх шигээ ажиллаж чадна.

П.ДАВААДОРЖ: ӨНӨӨГИЙН НИЙГЭМД ОНЦ БАЙДАЛ ЗАРЛАХ НӨХЦӨЛ НЬ БОЛ БҮРДЧИХЭЭД БАЙНА

Ард түмний онц түр зөвлөлийн дотоод ажлын албаны дарга: П.Даваадорж: Өнөөдөр бид төр, засагт шаардлага хүргүүлж, ард түмнийгээ соён гэгээрүүлэхийн төлөө нэгдэн энэхүү мэдээллийг хийж байна. УИХ, Засгийн газрын гишүүд, Төрийн эрх барьж буй нам, бүлэглэлийн гишүүд ард түмний эрх ашгийг уландаа гишгэж, улс эх орны эдийн засгийг элгээр нь мөлхүүллээ. Иймд бидний хамгийн эхний шаардлага Ерөнхийлөгчийг онц байдал зарлаж өгөхийг хүсч байна. Оффшорчдоос болж улсын эрх ашиг, тусгаар тогтнол, ард түмний аюулгүй байдал алдагдахад хүрээд байна. Ийм учраас бид онц байдал зарлах нөхцөл бүрдсэн гэдгийг Ерөнхийлөгчид сануулж байгаа юм. Гэхдээ өнөөдөр Ерөнхийлөгч маань онц байдал зарлах эрх зүйн үндэс, чадамж алга байна. Гэвч өнөөгийн нийгэмд онц байдал зарлах нөхцөл нь бол бүрдчихээд байна. Төрийн байгууллага, албан тушаалтнууд бүгд “65-ын бүлэг”-ийн дор ажиллаж байна.

Х.БАЯРСАЙХАН: ОФФШОРЧДЫН УИХ, ЗАСГИЙН ГАЗРЫГ ТАРААЖ, ТӨРӨӨ ЦЭВЭРЛЭХ ЁСТОЙ

Бэлтгэл дэд хурандаа Х.Баярсайхан: Улс эрх орны маань үндэсний аюулгүй байдал, бидний юугаар ч сольж болохгүй эрх ашгийг уландаа гишигсэн өнөөгийн энэхүү оффшорчдын УИХ, Засгийн газар, харьд уравсан эрлийз, хурлийзуудаас нэн даруй төрөө цэвэрлэж авах цаг нь болжээ. Тийм учраас цэргийн тангараг өргөсөн хүн бүрийг энэхүү цуглаанд оролцохыг уриалж байна.” гэлээ.


Э.МӨНХ

С.ОЮУНЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *