Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголын өнөөгийн байдлыг гадаадын хэвлэлүүд ийн дүгнэж байна

Related image

AGENCE FRANCE-PRESSE: УЛС ТӨРИЙН ТОГТВОРГҮЙ БАЙДАЛ МОНГОЛЫН БАЙНГЫН АСУУДАЛ БОЛЖ БАЙНА

Монголын парламент Ерөнхий сайдаа авлига, эрх мэдлээ хэтрүүлсэн гэх үндэслэлээр огцрууллаа. Санал хураалтад Улсын Их Хурлын 73 гишүүн оролцсоны 42 нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулахын төлөө санал өгчээ. Эрх баригч Монгол Ардын намын олонх нь Ж.Эрдэнэбатыг огцруулснаар 45 хоногийн дотор шинэ Ерөнхий сайдыг томилохоор болжээ.

Хууль тогтоогчид Ж.Эрдэнэбатыг Засгийн газрын сайд нартай холбоотой найман компанид 800 тэрбум төгрөгийн (328 сая ам.доллар орчим) концессыг олгосон, сонгогчдод хууль бусаар бэлэн мөнгө тараасан, олон нийтэд муу имиж харуулсан гэж буруутгасан байна. Харин Ж.Эрдэнэбат үүнийг эрс үгүйсгэж, Ерөнхий сайдаа огцруулах Монголын жишиг нь улс орны хөгжил, эдийн засагт хортой нөлөөтэй хэмээн мэдэгджээ. Тэрбээр “Бидний зарим нь гадны хөрөнгө оруулагчдыг эдийн засгийн алуурчид гэж чичилдэг боловч бодит байдал дээр улстөрчид бол эдийн засгийн дотоод алуурчид, өөрсдөө өсөлтөө боомилж байна” хэмээн мэдэгдсэн байна.

Ж.Эрдэнэбатын засгийн үед Монголын эдийн засаг сайжирч, Хятадын нүүрсний эрэлт нэмэгдсэнээр 2017 эхний хагаст гайхалтай өсөлтийг харуулсан. Гэвч улс төрийн тогтворгүй байдал Төв Азийн залуу орны хувьд байнгын асуудал болж байна. Монгол Улс 1992 онд Үндсэн хуулийг баталснаар коммунист засаглалыг халсан. Монголд өнгөрсөн хугацаанд 15 Засгийн газрын нүүрийг үзэж, нэг Засгийн газрын ажилласан хугацаа дунджаар 1.5 жил үргэлжилжээ.

Албан тушаалыг 25 сая ам.доллараар үнэлсэн гэх цуурхлын дараа хууль тогтоогчид Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах өргөдөлд гарын үсэг цуглуулж өргөн барьсан юм. 2016 оны парламентын сонгуульд Монгол Ардын нам УИХ-ын 76 суудлын 65-ыг нь авснаар ялалт байгуулж, Ж.Эрдэнэбатаар тэргүүлсэн Засгийн газрын байгуулсан юм. Гэвч түүнийг улс төрийн ашиг сонирхлын үүднээс намын гишүүдийг тандаж, чангасан хэрэгт буруутгажээ.

Эх сурвалж: AFP

ASSOCIATED PRESS: МОНГОЛ УЛС НЬ ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ТҮҮХИЙ ЭДИЙН ҮНЭ ХАНШААС ИХЭЭХЭН ХАМААРАЛТАЙ

Засгийн газрын гурван сайдтай холбоотой компаниудын 328 сая ам.долларын өртөгтэй концессын гэрээтэй холбогдуулан Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг авлига, хариуцлага алдсанд буруутган албан тушаалаас нь огцруулах санал хураалт боллоо. Эрх баригч Монгол Ардын намын хууль тогтоогчдын тал нь сөрөг хүчинтэй нийлэн 14 сарын настай Засгийн газрыг огцрууллаа. Санал хураалтад оролцсон 73 гишүүний 57,5 хувь нь огцруулах санал өгсний 33 нь Монгол Ардын нам, үлдсэн ес нь сөрөг хүчин, бие даагч байв. Шинэ Засгийн газрыг 45 хоногийн дотор дахин байгуулах бөгөөд тэр болтол Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдын албыг түр орлон гүйцэтгэнэ. Ардчилсан намын хууль тогтоогч Ж.Батзандан Засгийн газрыг авлигатай тэмцэж чадаагүй, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын захиргаа “хулгай” хийж байгааг буруутгажээ. Концессын гэрээнд барилгын хоёр том компанитай Хууль зүйн сайд, замын компанид хамаатай Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, гэр бүлийн гишүүн нь олборлолтын компанитай Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд нар холбогджээ.

2016 онд Ерөнхий сайдаар сонгогдсон Ж.Эрдэнэбат нь өнгөрсөн долдугаар сард болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө олон сая ам.долларын хүүхдийн мөнгө тараасан нь санал худалдан авах оролдлого хэмээн буруутгажээ. Гурван сая хүн амтай, далайд гарцгүй Монгол улс нь байгалийн баялгийн арвин нөөцтэй боловч гадаадын хөрөнгө оруулалт, түүхий эдийн үнэ ханшаас ихээхэн хамааралтай юм. Мөн Засгийн газар нь Рио-Тинто гэх мэт томоохон хөрөнгө оруулагчидтай маргаантай байна.

23 тэрбум ам.долларын өртэй Монгол улсын Засгийн газар энэ онд Олон улсын валютын сантай тохиролцож, 5.5 тэрбум ам.долларын сантай тусламжийн хөтөлбөрт хамрагдах болсон юм. Өнгөрсөн долдугаар сард популист бизнесмен, жудогийн аварга Х.Баттулга Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин ялалт байгуулжээ.

Эх сурвалж: Associated Press


REUTERS: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ЯЛАГДАЛ ХҮЛЭЭСНИЙ ДАРАА ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАВ

Монгол Ардын нам нь өнгөрсөн долдугаар сард болсон Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсний дараа парламентад есдүгээр сарын 7-нд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах санал хураалт явуулсан талаар эх сурвалжууд мэдээлж байна. Орос, Хятадын дунд хавчуулагдсан байгалийн баялаг ихтэй Монгол Улсад 2004 оноос хойш нэг ч Ерөнхий сайд дөрвөн жилийн бүрэн эрхийн хугацаагаа гүйцээгээгүй. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулахын төлөө парламентын 73 гишүүний 42 нь санал өгчээ. Тэрбээр Монгол улс сүүлийн 25 жилд 13 засгийн газрын нүүрийг үзлээ хэмээн мэдэгдсэн юм. “Ардчилсан парламентад Засгийн газрыг огцруулах нь хэвийн үзэгдэл, гэхдээ энэ хэрээс хэтэрвэл муу үр дагавартай” хэмээн Ж.Эрдэнэбат мэдэгджээ. Монгол улс нь 1990 онд парламентын ардчилалд шилжсэн. Монгол Ардын нам 2016 оны дундуур болсон парламентын сонгуульд Улсын Их Хурлын 76 суудлын 65-ыг нь авснаар ялалт байгуулсан. “Алтан бумба” санхүүгийн группын захиарл Дэйл Чой “Намын бага хурлаар шинэ Ерөнхий сайдыг сонгох бололтой. Би үүнийг Засгийн газрын тогтвортой байдал гэж бодохгүй байна. Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсний дараа намын дотор цэвэрлэх ажиллагаа явуулж байгаа нь энэ” хэмээн дүгнэжээ.

Ерөнхийлөгчийн сонгуульд эрх барих нам ялагдаж, Ардчилсан намын нэр дэвшигч Х.Баттулга ялалт байгуулсны дараа өнгөрсөн наймдугаар сард Улсын Их Хурлын 30 орчим гишүүн Ерөнхий сайдыг огцруулах өргөдөлд гарын үсэг зуржээ. Энэ ялагдал нь эрх барих Монгол Ардын намын хэмнэлтийн бодлого болон авлигын дуулианд ард түмэн хэрхэн хариу үйлдэл үзүүлснийг харуулж байна.

Монголын парламентын ардчилалд Ерөнхий сайд бол засгийн газрын тэргүүн, харин Ерөнхийлөгч нь хууль санаачлах, хориг тавих эрхтэй хязгаарлагдмал эрх мэдэлтэй юм.

Энэ он гарсаар нүүрсний үнэ өссөн нь байгалийн баялгаас хамааралтай эдийн засагт өсөлт авчирсан юм. Гэвч гадаадын хөрөнгө оруулалт зогсож, түүхий эдийн үнэ унаснаас Монгол Улс олон улсын валютын сангийн 5.5 тэрбум ам.долларын сантай тусламжийн хөтөлбөрт хамрагдах болсон юм. Ингэснээр хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, төсвийн алдагдлыг бууруулахыг зорьж байна.

Эх сурвалж: Reuters

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *