Categories
мэдээ спорт

Азийн танхимын болон тулааны спортын V наадамд оролцох баг тамирчдаа үдэх ёслол болов

ЗурагӨнөөдөр Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны хурлын танхимд “Ашгабат 2017” Азийн танхимын болон тулааны спортын тав дахь удаагийн наадамд оролцох Монгол Улсын баг тамирчдыг үдэх хүндэтгэлийн ёслол болов.

Туркменистан улсын Ашгабат хотноо энэ сарын 17-27-ны өдрүүдэд болох тус наадамд энэ удаа Азийн 63 орны тамирчид спортын 22 төрлөөр хурд, хүч, ур чадвараа сорино. Харин Монгол Улсаас спортын 12 төрөлд 64 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцох юм. Монголын баг тамирчдын ахлагчаар МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ж.Түмэн-Аюуш томилогджээ.

“Ашгабат 2017” Азийн танхимын болон тулааны спортын V наадамд оролцох баг тамирчдаа үдэх ёслолд МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, БСШУСЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын газрын дарга С.Чинбат, МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган тэргүүтэй төлөөлөгчид оролцож баг тамирчиддаа Туркменистаны тэнгэрт Төрийн далбаагаа мандуулж өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөв.

Энэхүү ёслолын үеэр тус наадмыг зорих баг тамирчдаа төлөөлж жюү жицү спортын ОУХМ Б.Ариунцог, багш дасгалжуулагч Д.Энэбиш нар тангарагаа өргөсөн юм.

Дашрамд сонирхуулахад, Манай баг тамирчид анх удаа болсон 2005 оны наадмаас эхлэн тасралтгүй оролцож 2 алт, 7 мөнгө, 14 хүрэл нийт 23 медаль хүртээд байна. Тус наадам нь Батгкок хотноо 2005 онд, 2007 онд Макаод, 2009 онд Ханой хотноо Азийн танхимын спортын наадам нэртэй зохион байгуулсан. Харин 2013 онд БНСУ-ын Инчеон хотноо Азийн танхимын болон тулааны спортын наадам нэртэйгээр анх удаа болсон юм. Дөрвөн жилийн өмнө энэ наадамд Монгол Улсын баг 54 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож, нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *