Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Тэнүүнболд: Өсвөрийн шатарчдын ДАШТ-д оролцож байхдаа таван сартай дүүгээ их санасан

Өсвөрийн шатарчдын ДАШТ-ээс хүрэл медаль хүртээд ирсэн “Монгол Оюун” цогцолбор сургуулийн гуравдугаар ангийн сурагч Б.Тэнүүнболдтой ярилцлаа. Тэрбээр энэ удаагийн тэмцээнд амжилттай оролцсоноор дэлхийн шатрын холбооны дэд мастерын болзол хангасан бөгөөд өдөрт таван цаг шатраар хичээллэдэг юм байна.


Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Бразил улсын Покос Де Калдос хотод зохион байгуулагдсан. Миний дүү энэ тэмцээнд хичнээн найзынхаа хамт оролцсон бэ?

-Манай улсаас долоон хүүхэд явсан. Хоёр найз маань тусгай байрын шагнал хүртсэн. Миний хувьд нийт 11 өрөг тоглосноос долоо хожиж, гурав тэнцэж, нэг хожигдсон. Нийт 11 оноо авахаас 8.5 оноо авч хүрэл медаль хүртсэн.

Өсвөрийн ангилалд хичнээн орны тамирчин оролцсон бэ?

-Өсвөрийн хөвгүүдийн ангилалд 30 орны 68 хүүхэд оролцсон.

-Энэ удаагийн тэмцээн дээр хамгийн хэцүү өрөг чинь юу байв?

-Оросын тамирчин Ветокин Савватай тоглох тоглолт маш хүнд байсан. Тэр өрөгт би заавал хожих ёстой байсан. Мөн Энэтхэгийн тамирчин Даевик Вадхавантай 5 цаг 20 минут тоглоод хожигдсон.

Тэгвэл хамгийн гоё хожлынхоо талаар хуваалцаач?

-Вьетнамын тамирчин Зүүн ази болон Ази тивийн аварга Пхам Тран Гиа Пукийг хожсондоо баяртай байгаа.

– Шатрын спортоор хичээллээд хэдэн жил болж байна вэ?

-Таван настайдаа шатар сурсан. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын “Алаг морьт” шатрын клубт Д.Ганбаатар багшаар анх шатар заалгаж дуртай болсон. Одоо дэлхийн шатрын холбооны мастер Н.Төвсанаа багшийн удирдлага дор Улаанбаатар хотын “Гобичесс” клубт хичээллэж байгаа.

-Дэлхийн аваргын хүрэл медалиас өмнө ямар тэмцээнүүдэд амжилттай оролцож байв?

– Нийслэлийн аварга, Өсвөрийн шатарчдын улсын аварга, сурагчдын улсын аварга, Азийн хүрэл, зүүн Азиас мөнгөн медаль тус тус хүртэж байсан.

-Шатар тоглохын юу нь гоё вэ?

-Бодоод хожих нь гоё.

-Шатрын мундаг мастеруудын хэнийг хүндэлж, тоглолтыг нь үзэх дуртай вэ?

-Магнус Карлсон, Сергей Карьякин нарын тоглолтыг үзэх дуртай. Тэдний уран нүүдэл хийж хожиж байгааг нь харахад сайхан санагддаг.

-Гэртээ хэн хэнтэйгээ амьдардаг вэ?

-Аав ээж, хоёр дүүтэйгээ амьдардаг. Энэ удаагийн тэмцээнд очоод таван сартай дүүгээ их санасан.

-Тэмцээнд явахдаа хэн хэнтэй хамт явсан бэ?

-Аав ээж хоёртойгоо хамт явсан. Өнгөрсөн жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ээж хамт яваагүй болохоор жаахан хэцүү байсан. Харин энэ удаад ээж маань “Зоригтой байгаарай” гэж хэлэхэд их сайхан байлаа.



Б.Наран

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *