Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Багш нарын онц их хурлыг зохион байгуулж, ажил хаялт зарлах болно гэв

Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хорооноос дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тэд цалин нэмэгдүүлэх шаардлагыг Засгийн газарт хүргүүлээд нэг сар болж байгаа бөгөөд энэ удаад 21 аймаг, 365 сумын багш нарын төлөөлөл тэдэнтэй нэгдсэн байлаа. Багшийн цалин нэмэгдүүлэх түр хороо энэхүү тэмцлээ үр дүнд хүргэхийн тулд нийслэл болон бүх аймгуудад байрлах багшийн цалин нэмэгдүүлэх түр хорооны зохицуулагч, тэргүүлэгч нартай өчигдөр уулзалт зохион байгуулжээ. Улмаар Монголын нийт багш нарт хандаж уриалга гаргасан бөгөөд түүнийг Завхан аймгийн багш нарын төлөөлөл болж ирсэн Д.Пүрэвдорж танилцуулсан юм. Тэрбээр “Дэлхийн багш нарын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааны хүрээнд явагдах шагнал гардуулах, баяр тэмдэглэх зэрэг “цаасан малгай” өмсүүлсэн нэр бүхий үйл ажиллагаанд оролцохоос татгалзах болно. Харин цалин нэмэгдүүлэх төлөвлөгөөт үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, Монголын нийт багш нарын Онц их хурлыг ирэх аравдугаар сарын тавны өдөр зохион явуулах бэлтгэл хангаж байгаа. Бүхий л шатны үйл ажиллагаанд багш бүр идэвх, санаачлагатай оролцох, энэ тэмцлийн өрнөлөөр үүсч болох ажил хаялт, түүнтэй уялдан үүсэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, холбогдох бэлтгэлийг бүх шатанд хангахыг уриалж байна” гэсэн юм.

Ж.ЭНХБААТАР: БАГШ НАРЫН ЭДИЙН ЗАСГИЙН АСУУДАЛ МАШ ХҮНД БАЙНА

Мөн энэ үеэр сэтгүүлчид Засгийн газар огцроод байгаа энэ цаг үед та бүхэн шаардлагын хариугаа хойшлуулах боломжтой юу хэмээн асуухад багш нарын цалин нэмэгдүүлэх түр хорооны ерөнхий зохицуулагч Ц.Мөнхтуяа “Дараагийн засгийн газар томилогдтол энэ засгийн газрын үйл ажиллагааг орлон гүйцэтгэх хүмүүс байх ёстой. Тийм болохоор бид багш нар цалинг нэмэгдүүлэх шаардлагын хариугаа энэ сарын 15-ны дотор авах болно. Бидний цалинг нэмэгдүүлтэл бид зогсолтгүй тэмцэнэ. Хэрвээ бидэнд нааштай хариу өгөхгүй бол багш нарын онц их хурлыг зохион байгуулж, ажил хаялт зарлахад бэлэн байна” гэсэн юм. Харин Говь-Алтай аймгийн багш Ж.Энхбаатар хаа байсан Говь-Алтай аймгаас 1,400 км замыг туулаад өнөөдөр мэдэгдэл хийх гээд ирлээ. Цалинг нэмэхгүй бол 1000 километрийн холоос ч хамаагүй бид дахин ирэх болно. Өнөөдөр багш нарын эрх зүй, эдийн засгийн асуудал маш хүнд байна. Төр засаг үүнд анхаарлаа хандуулаач” гэж ярив.

Н.ЛХАГВАСҮРЭН: БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ЧАДВАРЛАГ ЭРЭГТЭЙ БОЛОВСОН ХҮЧИН ДУТАГДАЖ БАЙНА

Мөн Завхан аймгийн залуу багш Н.Лхагвасүрэн “Миний хувьд багшаар ажиллаад долоон жил болж байна. Өнөөдөр би залуу хүн, бас айл гэрийг авч явах ёстой гэрийн эзэн. Гэтэл би гэр бүлээ тэжээхэд цалин хаанаа ч хүрдэггүй. Өнөөдөр боловсролын салбарт багшаар ажиллах эрэгтэй боловсон хүчин дутмаг байна. Ихэнх чадвартай боловсролтой залуучууд цалин сайтай инженер, технологийн салбарын мэргэжил сонгож байна. Бидний гарт Монголын ирээдүй байдаг. Багш нарын цалин хангамжийн асуудал Монголын ирээдүйтэй шууд холбоотой. Тиймээс хамгийн түрүүнд хамгийн чухал салбар болох боловсрол эрүүл мэндийнхээ салбарт анхаараач гэж хүсье гэж байлаа.

Багш нар сая 600 мянган төгрөгний цалингаа хэрхэн зарцуулах вэ?

Багш нар түр хорооны уулзалтын үеэр тэдний цалинг нэг сая 600 мянган төгрөг болговол хэрхэн яаж зарцуулах тухай тайланг мөн гаргасан байв. Энэ талаар Дархан уул аймгийн багш Х.Алтанцэцэг танилцуулсан юм. Тэрбээр“ЕБС болон СӨБ-ын багш нарын ихэнх нь сард 570 мянган төгрөгийн зээлтэй байна. Ийм учраас багш нарын цалинг сая 600 мянган төгрөг болгох юм бол 570 мянган төгрөгөөр нь банкныхаа зээлийг төлнө. Нэг таваг хоолны үнэ хүрэхгүй 8000 төгрөгөөр гуч хоног амьдарна гэж үзвэл 240 мянган төгрөгийг хоол хүнсэндээ зарцуулна. Мөн тал модны үнэ хүрэхгүй 3000 төгрөгөөр өдрийн аж ахуйн зардлаа тооцвол сард 90 мянган төгрөгийг ахуй хэрэгцээндээ зарцуулна. 5000 төгрөгийг харилцаа холбоондоо зарцуулна. Нэг номын үнэ хүрэхгүй 5000 төгрөгийг боловсрол эрүүл мэнддээ зарцуулна гэж үзвэл 150 мянган төгрөг болж байгаа юм. Харин 300 мянган төгрөгийг хувцас хэрэглэлдээ зарцуулж, 100 мянган төгрөгөөр хуримтлал үүсгэнэ. Хэрвээ цалин нэмэгдвэл бид өмсөх иж бүрэн хувцастай болж, 36 сарын дараа 40 мянган банкны чанаргүй зээл байхгүй болж, 40 мянган өрх өрнөөс гарна” хэмээн ярилаа.

Б.НАРАН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *