Categories
мэдээ нийгэм

Хүүхэд багачуудад зориулсан жолоодлогын сургалт болов

“Петровис” ХХК, “Porsche Улаанбаатар төв”, Цагдаагийн албаны Урдчилсан сэргийлэх хэлтэс хамтран 6-7 насны 200 гаруй багачуудад замын хөдөлгөөнд аюулгүй оролцох мэдлэг олгох сургалтаа Сүхбаатарын талбайд энэ сарын 9-нд амжилттай зохион байгууллаа. Тус арга хэмжээг зохион байгуулагчид нийгмийн хариуцлагаа ухамсарлан хоёр дахь жилдээ 6-7 насны хүүхдүүдэд автомашины зам болгон зассан талбар дээр хөгжөөнт тоглоомын аргаар замын хөдөлгөөний дүрмийн хичээл заасан байна. Энэ нь зам тээврийн ослын хор уршгийг хүүхэд багачуудад таниулах тэдэнд замын хөдөлгөөнд аюулгүй, зөв оролцох мэдлэг, дадал олгох, зам тээврийн осолд хүүхэд өртөж байгаа байдалд олон нийтийн анхаарлыг хандуулах, эцэг эх, асран хамгаалагчдын замын хөдөлгөөнд оролцогчдын үүрэг, сахилга хариуцлагыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой хэмээн албаны хүмүүс онцоллоо.

Оролцогч хүүхдүүд замын хөдөлгөөний дүрмийн хичээлээс гадна гар зураг, дүрс эвлүүлэх, хүрд дээр жолоодлого хийх зэрэг сонирхолтой уралдаануудад идэвхитэй оролцож байв. Хүрд дээр жолоодлого хийн уралдсан долоон настай оролцогч З.Тулга “Дугуй унахаасаа машин барих нь илүү сонирхолтой байлаа. Хамгийн чухал нь зам гарахдаа заавал явган хүний гарцаар гарах ёстойг ойлгосон. Хүүхдүүдээ замын хөдөлгөөнд болгоомжтой оролцоорой” хэмээн уриалсан юм. Мөн энэ үеэр эцэг, эхчүүд амралтын өдрөө үр бүтээлтэй өнгөрөөж, хүүхэддээ аюулгүй зорчих зохих мэдлэгийг өгч чадсанд сэтгэгдэл хангалуун байгаагаа илэрхийлж байлаа.Тус сургалтад хамрагдсан хүүхэд бүрт зохион байгуулагчдын зүгээс батламж бичиг болон гарын бэлэг гардуулав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *