Categories
мэдээ цаг-үе

Д.Даваасүрэн: Манайхан нэг л их урлагжсан, спортжсон, түүхжсэн хүмүүс болжээ

-ХИЛИЙН ЦААНА БАЙГАА ЖАНЧХАЛСАН ЛАМЫН ШАРИЛД ХЭДЭН МЯНГААРАА ОЧИЖ МӨРГӨӨД ХӨГЖИЛД НЭМЭР БОЛОХГҮЙ ГЭДГИЙГ УХААРМААР ЮМ-

Үндэсний их баяр наадмын өмнөхөн Байгаль орчны гавьяат ажилтан цол тэмдгээр шагнагдсан “Соёолж” компанийн ерөнхий захирал Д.Даваасүрэнтэй ярилцлаа.


-Соёолж компаниа хэрхэн үүсгэн байгуулж байсан бэ. Хэрхэн, хэзээнээс энэ бизнест орох болов. Энэ тухай яриагаа эхэлье?

-Би 1990 онд Хилийн цэргийн дээд сургууль төгсөөд Дорноговийн Сулин хээрийн заставт 10 сар ажиллаад цалин болох 6000 төгрөгтэй баян хүн амралтаараа хотод орж ирсэн юм. Гэтэл хотод ирсний маргааш нь Засгийн газрын 20-р тогтоол гэдэг юм гарч халаасанд байсан 6000 төгрөг маань 3000 төгрөг болчихсон тул яах учраа олохгүй гайхаж билээ. Хилийн цэргийн олон офицеруудын гар дээрээ хадгалж байсан цалин мөнгө нь хоёр дахин үнэгүйдэж хохирсондоо. Тухайн үед офицеруудад цалингаа банкинд хадгалуулах ямар ч нөхцөл боломж байгаагүй юм шүү дээ. Ингээд би 1992 онд “Монгол хоршоо” банкнаас ээж, ах дүү нартайгаа нийлээд 100 мянган төгрөгийн зээл авсан, тэр үеийн 100 мянган төгрөг нь тухайн үеийн ханшаар 500 орчим доллартой тэнцэнэ. Зах зээл дөнгөж эхэлж байгаа, хүнсний гол бүтээгдэхүүнүүд картын системээс гараагүй байсан тэр үед би цэцгийн дэлгүүр нээж ажиллуулж эхэлсэн. Тухайн үед бараг хэний ч санаанд орохооргүй бизнес байсан байх. Гэсэн ч би алдаагүй юм. Тэр үед компанийн тухай ойлголт байхгүй шахуу, хууль нь ч батлагдаагүй, хувийн бизнесийг улсын бүртгэлд хувиараа аж ахуй эрхлэгч, хоршоолол гэсэн хоёр ойлголтоор бүртгүүлж зөвшөөрөл авдаг байсан үе. Радиогийн өглөөний мэдээллээр, менежер, брокер, хувьцаа, бизнес төлөвлөгөө гэж юу болох тухай тайлбарлаж ярьдаг байлаа. Би бизнес хийж эхэлсэн цагаасаа өдийг хүртэл ногоон бизнес болох цэцэг ургамал, хүнсний ногоо, мод үржүүлэг, ойжуулалт зэрэг чиглэлээр үйл ажиллагааг өнгөрсөн хугацаанд явуулсан, 2000 онд хүлэмжинд тарьсан сарнай цэцгээ Оросын Эрхүү хот руу экспортлож байсан юм. Яг одоогийн нөхцөлд манай компани 200 гаран ажилчинтай мод үржүүлэг, цэцэг хүнсний ногооны үйлдвэрлэл, гадаад дотоод худалдаа, барилга үл хөдлөх хөрөнгийн бизнесийн чиглэлд үйл ажиллагаа явуулж байна.

-Ингэхэд та аль нутгийн хүн билээ. Яагаад заавал энэ чиглэлийн бизнес хийх болсон юм бэ?

Миний аав Ю.Дашцэрэн гэж Төв аймгийн Заамарын хүн, харин ээж Л.Жавзанпагма маань Лүн сумынх. Би өөрөө 1966 оны үерийн жил төрсөн. Бага нас маань Улаанбаатарын есдүгээр дэлгүүрийн урд талд Рашаантын гудамж, 100 айл, Сэлбэ гол, Цагаан даваа, Хайлаастын гудамжинд өнгөрсөн. Аав маань 1970 онд МУИС-ийг цахилгааны мэргэжлээр төгсч тэтгэвэрт гартлаа Улаанбаатарын мод боловсруулах үйлдвэрт цахилгааны инженерээр ажилласан хүн. Бурхан болоод 10 гаруй жил болж байна. Ээж Жавзанпагма маань таван хүүхэд төрүүлж өсгөсөн. Би айлын хоёр дахь хүүхэд. Ээж маань одоо 70 гаруй настай боловч манай компанид худалдааны ажил хийсээр байгаа тэнхлүүн сайхан хүн бий. Аав мод боловсруулах үйлдвэрт 25 жил ажилласны хүчинд манайх 1978 онд улсаас өгсөн циркийн зүүн талын хоёр өрөө байранд орж бид магнай хагартал баярлаж байсан юм. Тэр үед амьдралын үнэ цэнэ хатуу бөгөөд шударга байж. Миний хувьд 1984 онд нийслэлийн гуравдугаар дунд сургууль, 1990 онд Хилийн цэргийн дээд сургууль, 2004 онд бизнесийн удирдлагын магистр хамгаалсан. Гэр бүлийн хувьд эхнэр, зургаан хүүхдийн хамт амьдардаг. Хоёр том хүү маань тусдаа гарсан, хоёулаа “Соёолж” компанидаа менежер хийдэг. Цаг хугацаа гэж урсаж буй уснаас хурдан мэт өнгөрөх юм. Нэг л мэдэхэд хүмүүс намайг гуай гэх болжээ.

-Танайх сүүлийн үед мод үржүүлгийн ажил нэлээд хийх болжээ. Мод үржүүлэх ач холбогдол, саад бэрхшээл юу байна?

-Манай компани Төв аймгийн Баянчандмань, Сэлэнгийн Хушаат суманд нийтдээ 200 га талбайд мод үржүүлгийн ажлыг хийж байгаа. Бидний гол зорилго бол Монгол орны ойн санг нэмэгдүүлэх, ойжуулалтанд нэмэр болох, хот суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, түүнд шаардлагатай байгаа модлог ургамлыг тарьж үржүүлэх зорилготой юм. Ажил маань эхний гурван жилд бэрхшээлтэй байсан боловч өнгөрсөн жилээс өөрийн гэсэн арга барилаа олж нэлээд урагштай байгаа. Ер нь Монголын цаг агаарын хэцүү нөхцөлтэй газарт мод үржүүлгийн аж ахуй байгуулж ажиллана гэдэг байгальтай тэмцэлдсэн хүнд хэцүү хөдөлмөр гэдгийг ойлгосон. Одоогоор манай талбайд 15 төрлийн мод бутлаг ургамлын үржүүлэг байна. Иж бүрэн усалгааны систем усан хангамжийг шийдсэн мөн цаашдаа мод үржүүлгийн аж ахуйд хэрэглэгдэж байгаа, сүүлийн үеийн тоног төхөөрөмж, техникийг хэрэглэн ажиллахаар анхаарч байна. Сэлэнгэ аймгийн Хушаат суманд байгаа мод үржүүлэг нь нэлээд онцлогтой. Бид мод үржүүлгийн аж ахуйг ойн арчилгаа цэвэрлэгээтэй хослуулсан юм. Тухайн хэсэгт нарсан ойн хэт шигүүрэлтэй ой бий. Үүнийг өмнөх жилүүдэд сум дундын ойн анги улсын төсвөөс зардал гаргуулан шигүүрэлтэй ургасан хэсгийг үндэснийх нь дээгүүр огтолж хаядаг байсан, энэ нь хуучирсан арга технологи юм. Хэт шигүүрэлтэй ойд хөрөнгө оруулалт хийн, зөв технологийг хэрэгжүүлбэл ойн маш их хэмжээний баялаг болдог. Шигүүрэлтэй ургасан нарсан ойн ургах боломжтой модыг сонгон авч мод үржүүлгийн бойжуулах талбайн системд оруулан ургуулна гэсэн үг. Энэ ажил маш амжилттай явж байгаа. Ажлын үр дүнд, хуучин ойн цэвэрлэгээний аргаар устгагдах гэж байсан ойг аварч түүнийг мод болгон ургуулсан. Ингэж Монгол орны ойн санг нэмэгдүүлж байгаа нь их ач холбогдолтой. Энэ технологийг Канад улсад 1970 оноос хойш ойн салбарт өргөн ашигласан байдаг. “Технологийг шилжүүлэн суулгаж амьдрал бэлэглэх” гэж нэрлэдэг. Цаашид энэ технологийг Монгол орны шигүүрэлтэй ургасан бүх ойд хэрэгжүүлэх боломжтой. Тиймээс энэ чиглэлд бидэнтэй хамтарч ажиллах сум орон нутгийн захиргаа, ойн байгууллага, нөхөрлөл байвал надтай холбогдож болно.

-Сүүлийн жилүүдэд хур тунадас багасч, хуурайшилт ихсэх боллоо. Ийм үед ойжуулалтын ажил хамгийн чухал байна уу?

-Цаг уурын хувьд нэлээдгүй өөрчлөлт орж хур тунадас багасч байна, ялангуяа өвөл цас барагтай орохгүй болох нь байна. Өвлийн цас хур тунадасны хамгийн сайн хэлбэр. Зуны цаг агаарын тааламжтай хугацаа маш богино байдаг боллоо. Эдгээр нь ургамлын бүрхэвч цаг агаар улмаар эдийн засагт сөргөөр нөлөөлж байна. Төр засгийн газраас ойжуулалтыг дэмжсэн зоримог шийдвэрүүд гаргахгүй юм. Хий дэмий байгаль орчныг хамгаалах, ойгоо ярьсан хүмүүс их болж, зөв шийдлийг гаргаж ирж чадахгүй байна. Мод үржүүлгийн аж ахуйнуудад газрын төлбөрөөс өөр ямар ч дэмжлэг алга. Томоохон компаниуд болон гадны хөрөнгө оруулалтгүй ганц салбар нь мод үржүүлгийн салбар болж байна. Үүний учир тодорхой, мод үржүүлгийн аж ахуй бол хавар тариад, намар хураагаад авдаг төмс тариалангийн аж ахуйгаас огт өөр олон жилийн хүлээлт, уйгагүй хөдөлмөр шаардсан, үр ашгаа удаан хугацааны дараа өгдөг аж ахуй байдаг . Цаашид Монгол орны экологийн тэнцвэрт байдлыг хангахын тулд доод тал нь нийт газар нутгийн 25-30 хувийг ойжуулах хэрэгтэй.

-Улаанбаатарын өвлийн утааны асуудлыг шийдвэрлэх талаар танд санал байгаа гэж сонссон, чухам ямар санал төлөвлөгөө байна вэ?

-Энэ талаар бид эхнээсээ асуудлаа буруу нэрлэж байгаа гэж боддог. Утааг арилгах, утааны эсрэг тэмцэл гэх мэтээр буруу ярьж байгаа нь цаашид асуудлаа улам хийсвэр тэнэг болгож байна. Хий хоосон утаатай тэмцээд яаж дийлэх билээ. Зөв нэрлэж ярих нь цаашдаа зөв сэтгэж, зөв хийх хөрсийг бий болгоно. Утаа биш агаарын бохирдол гэж бичиж, ярих ёстой байхгүй юу. Утааг арилгана тэмцэнэ гэхээр хий хоосон юмтай тэмцээд дийлэх үү. Чухам ямар утаа юм аргалын утаа юу, түймрийн утаа юу гэх мэт. Миний санал бол хамгийн прагматик бодитой санал юм. Чухам юу гэхээр нийслэлийн агаарын бохирдлыг багасгах арга зам нь манай ойн салбарт байна. Манай орны ойд олон сая м3 унасан, хөгширсөн ой бий. Судалгаагаар ойн цэвэрлэгээ хийгээд түүнээс гарсан модыг нүүрсний оронд түлээнд ашиглавал доод тал нь Улаанбаатарыг 25 жил хангах нөөц хаягдал байгаа юм. Монгол хүн идэр есийн хүйтэнд монгол гэртээ нүүрс түлэхгүй аргал модоор галлаад өчнөөн жил амьдраад гэртээ хөлдөж үхэж байгаагүй ирсэн биз дээ. Үүнд ойн цэвэрлэгээний бодит төлөвлөгөө, бага зэргийн хөрөнгө оруулалт, хуулийн зарим дэмжлэг байхад энэ асуудал бүрэн шийдэгдэнэ гэдэгт би итгэлтэй байдаг. Хуулийн талаасаа нийслэлд чулуун нүүрс түлэхийг бүрэн хориглох ёстой. Гэхдээ мэдээж түлэх модоо бэлтгэсний дараа нь шүү дээ. Хэдэн жилийн өмнө Засгийн газраас нүүрс хөтөлбөр гэдэг гамшиг дээр гамшиг болсон зүйл хийж сүүлдээ авлигын асуудал нь сөхөгдөж хөгөө чирж байсан. Үүний оронд миний энэ санаа бол дэргэд нь алт шиг санаа. Тодруулбал, ойн цэвэрлэгээ хийж ойгоо цэвэрлээд түүнээс гарсан модоор нүүрсний оронд түлээнд ашиглаад агаарын бохирдлоо зогсоох ёстой. Цэвэрлэсэн ой түймэрт өртөх нь бага, нөхөж сэргэж ургахдаа сайн. Цаашлаад ойн хүрээнд хамаарахгүй гол мөрний урсац нэмэгдэх ан амьтад олшроход ч ач холбогдолтой. Сүүлийн үед ухаан муутай ч юм шиг орон гаран, мартамхай өчүүхэн юманд цочир догшин ууртай хаа сайгүй уурлаж хэрэлдсэн хүмүүс их байх болж. Энэ нь нүүрснээс гардаг олон төрлийн хорт бодист хордоод байгааг харуулж байгаа юм. Нүүрсний найрлаганд хүхрийн ба азотын давхар исэл, хар тугалга, мөнгөн ус зэрэг хүнд онц хортой химийн бодис агуулагдаж байдаг. Өнгөрсөн жил агаарын бохирдол эхийн урагт хүртэл ихээр нөлөөлж эхэлсэн байгааг хэвлэлээс зөндөө харж байсан. Бид ярьсаар л байна. Хорт утаандаа хордсоор л байна. Одоо шийдвэрлэх цаг болоод өнгөрчих гээд байна шүү дээ. Зөв шийдвэрийг хэн гаргах юм бэ. Тэр шийдвэрийг нь хэн яаж хэрэгжүүлэх вэ. Цаашдаа бид үхэр шиг тэнэг, хонь шиг номхон амьдарсаар байх уу. Үүнийг хийж чадах хүн байхгүй юм бол надад эрх мэдэл үүрэг хариуцлагатай нь өгчих. Тэгвэл би Улаанбаатарыг 24 сарын дотор агаарын бохирдолгүй болгож чадна гэж энэ асуудлыг амлан авч байгаагаа танай сониноор энэ ярилцлагаараа дамжуулан мэдэгдье. Олон жил хордлоо, олон жил шийдэгдэх байх гэж хүлээлээ, олон тэрбумыг дэмий үрлээ. Миний хувьд цаашид тэвчих хугацаа дууслаа. Та бид хордож оюун ухаан бие сэтгэл маань хэврэг болсоор байвал бидний хамгийн их санаа зовдог тусгаар тогтнол маань үгүй болох нь байна.

-Компанийн удирдагч татвар төлөгчийн хувьд одоогийн эдийн засгийн байдал ямар байна, та бүхэнд яаж нөлөөлж байна вэ?

-Эдийн засаг бол улс орон оршин тогтнох үндэс, тусгаар тогтнолын баталгаа гэж боддог. Манай том дарга нар хөгжлийн гарц уул уурхай гэж харж, ярьдаг. Гэтэл тэнд нь интернациал бүтэц бүхий авлига мафийн эзэмшилд орсон байгаа нь ил тодоор харагдаж байна. Уг нь бидний хөгжлийн гарц монгол хүний гарт байгаа юм. Гэхдээ сэтгэх оюунлаг чадвар, буруутай тэмцэх зориг зүрхгүй ,бүтээж хийх хүсэл эрмэлзэлгүй залхуу тэнэг хүмүүс бусдын колончлолд амьдрах тавилантай. Заримдаа улс төр эдийн засгаа харахаар монголчууд бид чинь үхэр шиг тэнэг, хонь шиг номхон амьдарч байгаа мэт санагддаг. 1000 төгрөгний бараагаа 100 төгрөгөөр зарахаар ухаантай байх уу. Тэнэг байх уу?. Төр нь улсаа зөв удирдаж чадахгүй болохоор улс төр хүн бүхэнд хамаатай болчихож байгаа юм. Дарга болгон жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлнэ. Ажлын байрыг нэмэгдүүлнэ гэж ярьдаг. Монголын нөхцөлд жижиг үйлдвэрүүд үнэндээ хөгжих боломж муу бараг байхгүйтэй адил юм. Жижиг үйлдвэрт зовлон их. Мэргэжилтэй ажилтан олох түүнийгээ тогтвортой ажиллуулах, технологи, борлуулалтын зардал, валютын ханш, тээвэр өрсөлдөх чадвар энэ тэр гээд олон бэрхшээлүүдэд жижиг үйлдвэрүүд сөхөрч байна. Өрсөлдөх чадварын хувьд тэрбум хүнд зориулж хэт олноор үйлдвэрлэсэн өөрийн өртөг нь маш хямд хөрш орны үйлдвэрүүдтэй өрсөлдөнө гэдэг бол том бэрхшээл юм. Хүн ам цөөхөн зам тээврийн сүлжээ тааруухан энэ байдалдаа таарсан үйлдвэржилтийн бодлогоо өөрчлөх цаг нэгэнт болжээ. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлнэ, ажлын байрыг нэмэгдүүлнэ гэдэг нь төрийн нам дарга болгоны хоосон уриа болж дээ. Тийм биш бол монголчууд ажлын байр эрж гадаадад дүрвэсээр байх уу. Ядаж сум дундын зах зээл ер нь л том үйлдвэрүүд монголын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ. Өрсөлдөх чадваргүй жижиг дунд үйлдвэрүүд гэсэн гоё малгай одоо цаг үедээ таарахаа больжээ. Банш, бууз, хэрчсэн гурилын 10 хүнтэй жижиг үйлдвэр 50 сая төгрөгийн зээлээ төлөх гэж таван жил болж байна.

-Ямар хэв маяг, үзэл бодол, юу биднийг хөгжилд хүргэнэ гэж та бодож байна вэ?

-Би ч гэсэн монгол хүн. Манайхан их л урлагжсан, спортжсон, түүхжсэн хүмүүс болжээ. Агуулга, зорилго муу урлагийн олон янз шоу уралдаан телевизээр гарах нь хэрээс хэтэрлээ. Эдгээр нь залуу үеийг улам ихээр хэврэг сэтгэхүйтэй, бүтээлч хандлага огт байхгүй, зүрх зориг муутай болгож байна. Уран зохиол, урлаг соёлд түүхийн талыг баримтлах нь хэт их байна. Сүүлийн үед олигтойхон үг, аятай дуу ч гарахаа больж. Номын дэлгүүр орохоор түүхийн сэдэвтэй баахан ном тэгээд цааш гадаадын орчуулгын номууд байх. Хэдий болтол өнгөрсөн түүхээрээ бахархаж амьдрах вэ. Бидэнд одоо цаг, маргааш, нөгөөдөр гэж байгаа биз дээ. Одоо байгаа бэрхшээл асуудлаа хамгийн их бичиж шиийдвэрлэж амьдрах орон зайгаа ажил үйлсээр олж авах нь монголчуудын хөгжил дэвшлийн гарц мөн. Айл өрх, хүн болгон унаатай, бүгд л интернет ашигласан гар утастай боловч эдийн засаг маань хэврэг, асар их байгалийн баялагтай хэрнээ олон тэрбум валютын гадаад өртэй ирээдүйдээ итгэл муутай амьдарч байна. Улс орны хөгжил гэж гудамжаар явж байгаа машины тоо, гар утас, интернетийн хэрэглээгээр, баригдаж байгаа барилгын тоогоор нь харах нь гэнэн ойлголт. Ухаалаг, зоригтой, ажилсаг байх нь бидний тусгаар тогтнолын баталгаа юм. Улс төр гэснээс дарга нарыг сайжруулах гэдэг нэг хэрэг. Харин монгол хүн өөрийгөө оюун ухаан, үзэл санааны хувьд хатуужуулан сайжруулах, чанаржуулах цаг болсон байна. Хилийн цаана байгаа жанч халсан ламын шарилд олон мянгаараа хэдэн ч удаа мөргөөд хөгжил дэвшилд тус нэмэр болохгүй гэдгийг бид ухаармаар юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *