Categories
мэдээ цаг-үе

Л.Наранбаатар: “Coal Mongolia” Зүүн Азийн нүүрсний салбарынхны сонирхлыг татаад эхэлчихлээ

Уул уурхайн эдийн засагч, “Coal Mongolia” чуулганыг үүсгэн байгуулагч Л.Наранбаатартай ярилцлаа.

-Энэ жилийн “Coal Mon­golia” чуулга уулзалт нүүрс худалдан авагч тал буюу Хятадын бизнесмэн, хөрөнгө оруулагчид оролцохоороо нэлээд өгөөжтэй болох нь шиг байна. Чуулга уулзалтын онцлогоос ярилцлагаа эхэлье?

-Өнгөрсөн зургаан жил бид нүүрсний салбарт хөрөнгө оруулалт татах, үйлдвэрлэлийг их хэмжээгээр нэмэгдүүлэх зорилготой ажилласан. Зургаан жилийн ажлаа эргээд харахаар тодорхой зорилго маань биелсэн байна л даа. Зөвхөн нүүрс экспортын баримжаатай уурхайнуудын олборлолтын хүчин чадал гэхэд л нийлээд 60 сая тоннд хүрчихлээ. Гэтэл энэ хэрээр худалдаагаа хийж чадахгүй байна. 2016 онд 25.6 сая тонн нүүрс экспортолсон. Уул уурхайн салбарын 95 жилийн түүхэнд гараагүй рекорд. Гэтэл 2017 оны эхний хагас жилийн байдлаар 19.5 сая тонн нүүрс экспортоллоо. Оны эцэст 45 сая тоннд хүрэх төлөв бий. Энэ хэмжээнд хүрч цойллоо ч уурхайнуудын хүчин чадал, ашиглалт 70, 75 хувьтай байна. Худалдааг дэмжихийн тулд нүүрсний салбарын тээвэр, ложистик, хил гаалийн зохион байгуулалтыг сайжруулахгүй бол явахгүй нь анзаарагдаж байна л даа. “Coal Mongolia” –г өмнө нь зөвхөн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт гэдэг байсан бол энэ жилээс худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих нүүрсний салбарын олон улсын чуулга уузалт болгож зорилгоо томсгож байна. “Coal Mongolia” –гийн хувьд зөвхөн Монголд танигдсан хурал биш болчихлоо.

-Азийн зах зээлд танигдсан хурал болж чадсан гэж хэлэх гээд байна уу?

-Зүүн Азийн нүүрсний салбарын том хурлын нэг болж байна. Манай улсын нүүрсний экспорт энэ жил 40 сая тонн хүрч, яг энэ хэмжээний нүүрсийг Хятад руу экспортолж чадвал урд хөршид нүүрс нийлүүлж буй өрсөлдөгч улсуудыг ардаа орхиж номер нэг тоглогч болох мөрөөдлийн зорилтдоо хүрэх гээд байгаа юм. Тэр утгаараа зөвхөн Монголын хурал биш Зүүн Азийн сонирхол татах хурал болж шинэчлэгдэж байна.

-Оролцогчид нь урд хөршийн худалдан авагчид байгаа нь манайханд давуу тал шүү…?

-Өнгөрсөн жилийн “Coal Mongolia” –гаас хойш худалдаагаа дэмжих зорилгоор нэлээд ажиллалаа. Нүүрсийг илүү үнээр худалдаж авах худалдан авагч бидэнд ус агаар мэт хэрэгтэй байгаа. Өнгөрсөн жилийн чуулга уулзалтаас хойш нэлээд судалгаа хийж, хурал арга хэмжээнүүдэд оролцож, нүүрсний эцсийн хэрэглэгчидтэй уулзлаа. Нүүрсний үнэ, эрэлт нийлүүлэлт, ирээдүйн чиг хандлагын талаар хамгийн бодитой судалгаа, үнэ цэнтэй мэдээлэл тавигддаг, 30 гаруй мянган харилцагчтай Хятадын номер нэг вэб сайтыг ажиллуулдаг “Финвэй энержи” компанийн төлөөлөл ирнэ. Энэ компанийн хувьд Хятадад эрчим хүчний болон коксжих нүүрсний зах зээл, үйлдвэрлэлийн чиглэлээр сонирхолтой хурлууд зохион байгуулдаг юм. “Coal Mongo­lia” тэдэнтэй хамтарч байна. Хятад болон Зүүн Азийн орнуудаас ирэх оролцогчдын борлуулалтын суудлын хувиа “Финвэй энержи”-д өгч байгаа. Монгол, ОХУ, Европ, Америкийн чиглэлийг бид өөрсдөө хариуцаж байна. Хоёр улсын нүүрсний ассоциацууд манай хурлыг харилцан дэмжиж ажиллаж байгаа юм. Ингэж ажиллана гэдгээ өнгөрсөн дөрөвдүгээр сард тохирч дөрвөн жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Үүний үр дүнд оролцогчдын тоо энэ жил харьцангуй сайн байна. Хурал болох заалны багтаамжаас хамаараад 200 зочин хүлээж авах боломж бий. Жар гаруй компани үзэсгэлэнд оролцохоор бүртгүүлсэн. Өнгөрсөн жилийн “Coal Mongolia”-д 500-600 хүн оролцсоны ихэнх нь монголчууд байсан юм.

-Энэ жилийн 200 гаруй зочны ихэнх нь гаднаас уу?

-Ихэнх мандатыг нь гаднаас оролцож байгаа компаниуд худалдаж авсан. “Coal Mongolia”-гийн мандатны борлуулалт хагас сарын өмнө дуусчихсан учраас шинээр зочин хүлээж авч оролцуулахад хүндрэлтэй байгаа. Хурлын тодорхой хэсгүүддээ зөрүүлж оролцуулах гэх мэтээр зохицуулалтын арга хэмжээ авч таарах байх. Ийм шалтгаанаар багахан хэмжээний зочдыг хурал болох өдрөө бүртгэж авч оролцуулна.

-Онцлоод хэлэхээр ямар илтгэлүүд байна?

-“Финвэй энержи” компани нүүрсний чиглэлийн консалтингийн зах зээлд байр сууриа тодорхой эзэлсэн. Энэ компанийн дэд ерөнхийлөгч Сара Хятадын коксжих нүүрсний зах зээл, эрэлт нийлүүлэлт, үнэ өрсөлдөөний талаар илтгэл тавина. Коксжих нүүрсний зах зээлтэй холбоотой мэдээллүүдийг Сарагийн илтгэлээс сонсох боломжтой. “Shanxicoking coal”-ийн төлөөлөл илтгэл тавина. Хятадын хамгийн том коксжих нүүрсний үйлдвэрлэгч л дээ. Манай өрсөлдөгч гэж хэлж болно. Өрсөлдөгч маань ирж манай улсыг яаж харж байгаагаа ярина гэсэн үг.

-Манай нүүрсний компаниудтай хамтарч ажиллах боломжуудыг ярих болов уу?

-Тийм боломж байгаа юм билээ. Жишээ нь “Shanxi cok­ing coal”-ийн дунд чанарын нүүрстэй Таван толгойн сайн чанарын нүүрсийг хольж өөр брэндийн бүтээгдэхүүн хийж гурав дахь зах зээлд гаргах боломж харагдаж байгаа.

-Зах зээл талаасаа нэлээд сонирхолтой илтгэлүүд тавигдах нь ээ?

-Тэгнэ. Хятад, Индонези, Австрали, Канад, Америкт салбар оффистой дэлхийд гэж яригддаг консалтингийн компани болох “S&P Global plats”-ийг төлөөлж Эдвин Ёо гэж хүн илтгэл тавина. Энэ компанийн судалгаа мэдээллийг олон улсын нэр хүнд бүхий банкууд болон Засгийн газрууд авч өөрсдийнхөө таамаглалд ашигладаг юм. Эдвин Ёо Монголын коксжих нүүрсний чанар, Хятадын зах зээлд эзлэх байр суурь, боломжийн талаарх судалгааг танилцуулна.

-Манай нүүрсний тоглогчид бас илтгэлээ тавих байх…?

-Мэдээж тэгнэ. “Эрдэнэс Монгол” компанийн захирал Ц.Түмэнцогт, “Энержи ресурс” компанийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл, “Очир-Ундраа” группийн төлөөлөл гэх мэт олон газраас илтгэлтэй. Манай платинум ивээн тэтгэгчээр ажиллаж байгаа“Мера”-гийн захирал Т.Гантөмөр илтгэл тавина. Нүүрсний гэрээт олборлолт болон тэсэлгээний үйлчилгээгээр Монголдоо тэргүүлэх байр сууринд оччихсон компани. Мөн тоног төхөөрөмжийн зах зээлд өөрийн гэсэн байр сууриа эзэлсэн, хорь гаруй жил уул уурхайн салбарынхантай хамтарч байгаа “Вагнер Ази”-ийн ерөнхий захирал илтгэл тавина. Үүнээс гадна хамгийн чухал нэг илтгэл бий. Хятадын “Нүүрс” ассоциацийн ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Нүүрсний холбооных нь захирал Хятадын эдийн засгийн нөхцөл байдал, макро эдийн засгийн төлөв ирээдүйд ямар байхыг онцолно. Урд хөршийн одоо хэрэгжүүлж буй бодлого Монголын эдийн засагт яаж нөлөөлөх, Хятадын нүүрсний салбар хаашаа явах гэж байгаа талаар илтгэл тавина. Ганц модны боомт дээр нүүрс түгжирч байна гэж ярьдаг. Дөрвөн гарцаар нүүрс нийлүүлэхэд нэг гарцаар гаргаад байна гэсэн яриа анхаарал татаж байгаа. Луй Вей гэдэг хүн Хятадын Ганц модны өргөтгөл, шинэчлэл, худалдааны эргэлтийнх нь боломжийн талаар илтгэл тавина. Нүүрсний татвар хураамж, төлбөрүүдтэй холбоотой мэдээллийг ч хүргэнэ.

-Төр засгийн шийдвэр гаргах төвшний хэмжээнд ямар илтгэлүүдийг хаанаас тавих бол?

-Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл тээвэр ложистикийн шийдлийг оновчтой болгох талаар илтгэл тавина. Япон, Энэтхэгийн зах зээлийн боломжуудын талаар ч ярина. Монголд нүүрс боловсруулах, угаах асуудал анхаарал татаж байгаа. Одоогоор таван компани нүүрс угаах үйлдвэрийн төслийн ТЭЗҮ-ийг батлаад, зарим нь хөрөнгө оруулалтуудаа татаад үйлдвэрлэлийн барилга байгууламжаа барих ажлаа эхлүүлж байна. Монголын баяжуулсан нүүрсний бүтээгдэхүүн зөвхөн “Энержи ресурс” дээр яригдаж байсан бол одоо яригдаж буй таван компани нийлээд дор орчим арав орчим сая тонн нүүрсийг угааж боловсруулж гаргах хүчин чадалтай болох төлөв анзаарагдаж байна. Эдгээр компаниудад технологи нийлүүлэх компаниуд Хятадаас ирж байгаа. Чуулга уулзалтын хамгийн сүүлийн хэсэгт Эрчим хүчний яамны цаг гэж бий. Энэ үеэр салбарын сайд П.Ганхүү эрчим хүчний салбарт хэрэгжүүлж байгаа бодлогын асуудлууд, хэрэгжүүлэх томоохон төслүүдийн талаар мэдээлэл өгнө. Түүний дараагаар Шивээ-Овоо болон Багануурын цахилгаан станцын төслүүдийг танилцуулна. Хамгийн сүүлд нэлээд сонирхолтой илтгэл бий. Сингапурын компани манай улсад нүүрснээс нийлэг хий гаргах төслийн ТЭЗҮ-ийг өөрийнхөө хөрөнгөөр боловсруулж, яаманд танилцуулсан байгаа юм билээ. Цаашид энэ төсөлдөө хөрөнгө оруулалт хийх сонирхлоо илэрхийлж байгаа. Эцэст нь базаад хэлэхэд эрчим хүчний болон коксжих нүүрс, цахилгаан станц гэх мэт нүүрсний салбарын бүх л асуудлыг хамарсан 30 орчим илтгэл тавигдах гэж байна.

-Хурлын бэлтгэл хэчнээн хувьтай явж байна?

-Одоогоор 95 хувьтай байна. Долоо дахь удаа зохион байгуулагдах “Coal Mongolia” чуулга уулзалтын хувьд ирэх сарын 6-9-ний өдрүүдэд болно. Эхний өдөр нь нүүрсний уурхайн дунд шатны захирлуудад зориулсан сургалт семинартай. Дараа өдөр нь чуулганы үзэсгэлэн болон хурал эхэлнэ. 8-нд хурал нь дуусаад орой нь хүндэтгэлийн хүлээн авалттай.

-Нүүрсний салбарт тулгамдаад байгаа асуудал гэвэл та юуг онцлох вэ?

-Хамгийн түрүүнд дэд бүтэц хэрэгтэй. Олон жилийн турш төмөр замаа барих гээд чадаагүй. Шалтгааныг нь хүн бүр мэддэг болсон учраас нэмэлт тодотгол хиймээргүй байна. Хэрвээ төмөр зам барих нь тийм урт хугацааны шийдэж чадахгүй асуудал болчихсон юм бол одоо байгаа Таван толгойгоос Гашуунсухайт чиглэлд паралель, хүнд даацын шинэ авто замын тухай асуудлыг хөндөхөөс аргагүй. Одоогийн авто замын хүчин чадал хүрэлцэхгүй байгаа. Дээр нь засвар үйлчилгээ хийх шаардлага бий. Өнөөгийн замаар хамгийн ихдээ 65 тоннын даацаар тээвэр хийх хүчин чадалтай. Ингэж тээхэд өдөртөө 2000 машин гаргаж байгаа. Паралель замын хувьд даацыг нь нэмэгдүүлэх хэрэгтэй. Хүнд даацын өргөн авто зам барих шаардлагатай. Тээвэрлэлтийг нь 130 тонноос доошгүй болгомоор байгаа юм. Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн авто замын тээврийн өртөг 24-27 ам.долларын хооронд хэлбэлзэж байгаа. Паралель авто замын асуудлыг ярих юм бол жил хагасын дотор барьчих боломжтой. Нэг тонн нүүрсний тээврийн өртөг 6-8 ам.долларт хэлбэлзэх боломж байгаа. Өөрөөр хэлбэл паралель зам баривал тээврийн зардал буурна гэсэн үг. Бүр тодруулж хэлбэл төмөр замын тээвэртэй өрсөлдөж болохуйц давуу тал үүснэ.

-Нүүрсний үнийн өсөлт хэр хугацаанд үргэлжлэх бол?

-Энэ удаагийн цонх үе нэг хоёр жилээс хэтрэхгүй. Тээврээ богино хугацаанд шийдчихвэл бидэнд боломж бий. Тэр утгаар нь паралель зам гэж яриад байна л даа. Ер нь тэгээд дунд хугацаагаа харвал ганцхан төмөр замаар тээвэр хийвэл монополь байдал үүсэхийг үгүйсгэх аргагүй. Тэгэхээр өрсөлдөхөөр авто зам, тээвэр ложистикийн шийдэл бидэнд хэзээд хэрэгтэй. Ирээдүйд төмөр замын тээврийн тариф хэт өндөр болоод байвал түүнээс бага өртөгтэй авто зам байх нь ашигтай. Урт хугацаанд дан автозамаар асуудлыг шийднэ гэдэг бас л хүндрэлтэйг өнөөдрийн нөхцөл байдал бэлхнээ харуулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *