УИХ-ын чуулган дээр гишүүд хэлэлцэж буй асуудалд өөр өөрийн байр суурийг илэрхийлж байна.
УИХ-ын гишүүн С.Жавхлан: Дараагийн томилгоог маш анхааралтай харна, ажиглана. Эх оронч залуучуудаа гаргаач гэж шахна
Засгийн газар улс орныг өнөөдрийн хүнд байдлаас гаргах итгэл харагдахгүй байгаа учир огцруулах саналтай байна. Бид багш нарын цалин нэмэх асуудлаар, үер усны асуудлаар ээлжит бус чуулган зарлахгүй яасан юм. Тэгсэн хэрнээ хэдхэн сарын өмнө бурхан шиг гаргасан хүмүүсээ өнөөдөр буг шиг болгоод сууж байна. Ямар ч хариуцлага тооцохгүй байна.
Татвар нэмсэн, батлан хамгаалахын салбарт цэрэг эрс амиа алдлаа. Энэ тайлангаа тавиач. Үүний цаана Монгол Улс хохирч байна. Дараагийн томилгоог маш анхааралтай харна, ажиглана. Эх оронч залуучуудаа гаргаач гэж шахна. Оффшор данстай, эх орноо боддоггүй хүмүүсийг гаргавал эцсээ хүртэл тэмцэнэ шүү. Монгол Улсын Ерөнхийлөгчийг энэ томилгоон дээр анхаарал тавьж, шахалт үзүүлж, хамтарч ажиллаач гэсэн саналуудыг хүргүүлнэ.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: Хүүхдийн мөнгө олгосны төлөө Засгийн газрыг огцруулах гэж байгаад харамсч байна
–МАН мөрийн хөтөлбөртөө хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох амлалт олгосон. Хүүхдийн мөнгө олгосных нь төлөө Засгийн газрыг огцруулах гэж байгаад харамсаж байна. УИХ-д үүссэн энэ бужигнаан орон нутаг, олон нийтийн эрх ашиг руу бүү халдаасай. Та бүхний шийдвэр мэргэн байгаасай гэж хүсэж байна. Тун удахгүй намын бага хурал, их хурал болно. Тэр хүртэл хүлээж болсонгүй юү.
УИХ-ын гишүүн О.Содбилэг: Засгийн газрыг огцруулах нь буруу
Биднийг 65 суудалтай болгосон хамгийн хүчтэй амлалт бол “Төрийг тогтвортой байлгана” гэсэн амлалт. Энэ амлалтаасаа буцаж байгаа нь харамсалтай. УИХ-аас гаргасан шийдвэрүүдийг Засгийн газар хэрэгжүүлж, ажлаа эхлэх гэж байхад огцруулах тухай ярьж байгаа нь буруу. Гадаад ертөнцөд ч Монголд итгэх итгэл алдарч байна. Ажил эхлүүлэх гэж байсан хүмүүс харзная гэж байна. Тиймээс Засгийн газрыг огцруулах нь буруу гэж үзэж байна. Ажлаа аваад ганцхан жил болж байна. Маш амаргүй цаг үе байсныг бид бүгд мэдэж байгаа гэв.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Шадар сайдаа тагнасан болоод, Ерөнхий сайд нь тагнаагүй гэсэн дүгнэлт гаргуулах гэж дэд хороогоо шахаад сууж байна
65 суудалтай эрх баригч нам Засгийн газраа огцруулах асуудлыг хөндөж оруулж ирсэн. Огцруулах, эсэх нь МАН-ын шийдэх асуудал. Ж.Эрдэнэбатын Засгийн газар байгуулахад би хамгийн түрүүнд Тагнуул, АТГ, Цагдаагийн газрынхаа дарга нарыг солиорой гэж хэлсэн. УИХ-ын гишүүдийг өдөр, шөнөгүй тагнадаг боллоо. Гүйцэтгэх ажил хяналтаас гарлаа. Гүйцэтгэх байгууллагынхаа дарга нарыг сольж чадахгүй бүтэн жил байсаар эцэст нь Засгийн газар чинь задарч, өнөөдөр өөрөө хавханд орлоо. Сүүлийн таван жилийн турш Монголын улс төрийн байгууллагуудыг хооронд нь муудалцуулдаг, сөргөлдүүлдэг ажлыг хийдэг боллоо. Элбэгдоржийн үед эхэлсэн, түүний найзууд хөгжүүлсэн. Амласан амлалтуудаа биелүүлээрэй гэж би жилийн өмнө захисан.
Өр нэмэхгүй гэж энэ Засгийн газар байгуулагдсан, эсрэгээрээ өр нэмсэн. Концесс, векселийг таслан зогсооно гэчихээд Засгийн газрынхаа сайд нарт концесс, вексель бичиж өгдөг болсон. Татвар нэмэхгүй гэсэн, долоон төрлийн татвар нэмсэн. Хүүхдийн мөнгийг хасахгүй гэсэн, хассан. Эргэж хургасан олон шийдвэр гарсан. Тагнах чагнах бол маш ноцтой асуудал. Өнөөдөр Шадар сайдаа тагнасан болоод, Ерөнхий сайд нь тагнаагүй гэсэн дүгнэлт гаргуулах гэж дэд хороогоо шахаад сууж байна. Шүүхийн гурван шатны шийдвэр гарсны дараа энэ асуудлыг ярихыг хүсч байна.
УИХ-ын гишүүн Л.Болд: 60 тэрбум бол концертийн билет юм. Үүний цаана өөр юу ч байж мэднэ
-60 тэрбум бол концертын билет юм. Үүний цаана өөр юу ч байж мэднэ. Үүнийг бүдэгрүүлээд булзайруулаад байгаа боловч үүнийг нэг тийш болгох хэрэгтэй. Хүүхдийн мөнгийг хууль бусаар олгосон нь Засгийн газрыг огцруулах үндэслэл боллоо. Хүүхдийн мөнгө олгосныг би буруутгахгүй. Хууль бусаар ч хамаагүй мөнгө нь хүүхдэд очиж байгаа нь сайн хэрэг. Харин одоо хүүхдийн мөнгийг хууль ёсны болгох хэрэгтэй.
Энэ их хурал ажлаа эхэлснээс хойш л хуулийн байгууллага энэ улс орныг удирдсан. Би УИХ-д таван удаа сонгодсон. Эрхийнхээ хүрээнд би эхлээд орох байнгын хороогоо сонгох ёстой. Гэтэл намайг Тусгай хяналтын дэд хороонд оруулалгүй, гишүүд нь бүрдсэн байсан. Яагаад? Би хүний эрхийн асуудлыг хурцаар тавьдаг. Н.Энхбаяр, Булганыг хоригдож байхад эргэсэн. С.Зоригийн хэргийг илрүүлэхийг шаардсаар байгаа.
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: Засгийн газар боловсон хүчний бодлогын алдаа гаргасан
Засгийн газар боловсон хүчний бодлогын алдаа гаргасан. Ерөнхийлөгчийн сонгуульд тааруухан дүн үзүүлсэн. Тэгээд концессийн гэрээ. Засгийн газар өөрөө дур мэдэн шийдсэн ажил нэг ч байхгүй. 65-ын бүлэг өөрөө Засгийн газрыг чиглүүлсэн. Тэгвэл МАН-ын бүлэг өөрөө ямар хариуцлага хүлээх вэ. Би Засгийн газар дангаараа буруу ажилласан гэж огт хэлэхгүй. Засгийн газарт хариуцлага тооцъё. Асуудлаа дотроо л шийдье, АН-ын оролцоогүйгээр шийдье. Хоёр сарын дараа намын Их хурал болно. Тэр үед намын даргаа шинээр сонгоно, тэр үедээ хариуцлагаа ярья. Хоёрхон сар хүлээчих.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Та нар өөрсдөө дотоод зөрчлөөсөө болж Засгаа унагаах тухай ярьж байна
Их ч юм болж байна даа. Хайран ч Монголын төр, хайран ч Монголын ард түмэн. Алтанхуягийн Засгийн газрын огцруулах үед хэлсэн сөрөг хүчний гишүүний үгийг би одоо хэлье гэж бодож байна. “Засгийн газраа олонх өөрсдөө унагаадаг юм” гэж хэлсэн. Та нар өөрсдөө дотоод зөрчлөөсөө болж Засгаа унагаах тухай ярьж байна. Эцэст нь хэлэхэд энэ Их хурал тарчихвал яасан юм. Нам дотроо амь нэг байж чадахгүй бол ард түмэнтэй ам нэг байна гэж байхгүй ээ. Манай нам үүнийг туулаад өнгөрсөн. Дараа нь намдаа шинэчлэл хийсэн. Энэ бүх талцал, зөрчлийн цаана бүгд мөнгө яригдаж байгаа.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Эрдэнэбат, Мөнхбат нар шуналаа татаж чадахгүй улс орныхоо эрх ашгийг хохироосон
Огцруулах саналаа танилцуулъя. Ерөнхий сайдын Засгийн газар Төсвийн тухай хууль зөрчөөд Концессийн гэрээг гишүүддээ өгсөн. Хууль зүйн сайд С.Бямбацогтын хувийн компанид 77.6 тэрбум төгрөг, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбатын хамаарал бүхий компанид 162.8 тэрбум төгрөгийн концессийн гэрээг нууцаар хийснийг бид шалгаж илрүүлсэн. Улс орон ард түмнийхээ эрх ашигт нйицэж ажиллаж чадаагүй. Долоон төрлийн татвар, нийгмийн даатгалын шимтгэл нэмсэн. Ачааны хүндийг ард түмэндээ үүрүүлсэн. Би намд элсээд 20 шахам жил боллоо. Нам бол нэр төр, итгэл үнэмшил нандин чанар гэж өдийг хүртэл явсан. Эрдэнэбат, Мөнхбат нар шуналаа татаж чадахгүй улс орныхоо эрх ашгийг хохироосон. Ийм Засгийн газарт хариуцлага тооцох ёстой, хариуцлага тооцож болдгийг харуулах гэж Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг гаргаж тавьсан юм.