БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ
Лувсан өвгөн гэрээсээ гараад тэр чигтээ сураггүй болжээ. Тамхи авахаар ойролцоох дэлгүүр гарсан юмсанж. Дэлгүүрийн касс охинд зургийг нь үзүүлээд ч огт санадаггүй. Сураггүй болсон 74 настай өвгөнийг хэд хоног хайгаад хаанаас ч олсонгүй. Эмнэлэг, морг, хамаатан садан, траншэйн гээд сураглаагүй газар үгүй. Цагдаа эхэндээ сүрхий хайлцсан боловч долоо хоногийн дараагаас илэрхий идэвх нь буурчээ.
Өвгөн бараг тавин жил хамт амьдарсан чавганцтай, Гурван хүү, нэг охинтой ч тэд хэдийнээ бүгд эмээ өвөө болчихсон. Ач гуч олонтой, олонтой. Архи дарс уудаггүй томоотой нэгэн. Урьд нь ингэж гэрээсээ дайжиж байсан ганц ч тохиолдол үгүй. Гэрээсээ бараг нөмгөн гарсан болохоор хүн амьтанд дээрэмдүүлээд байх мөнгө цаас түүнд байгаагүй. Өвгөний араас нэхэл дагал болсон, сурагласан хэн ч үгүй.
Ингэсээр гурван жил өнгөрчээ. Чавганц нь өнгөрлөө. Хүүхдүүд нь ээжийгээ оршуулахдаа сураггүй болсон эцгийгээ хамтад нь оршуулахаар шийдсэн байна. Мэдээж шарил нь олдоогүй болохоор төлөөлүүлж эдэлж хэрэглэж байсныг нь оршуулна гэсэн үг. Бунхан дээр нь хоёулангийнх нь нэрийг бичив.
Лувсангийн том хүү эцгийгээ төлөөлөн оршуулснаас жил орчмын дараа гудамжинд аавтайгаа яг улаан нүүрээрээ тулан тааралджээ.
-Аав аа! – хэмээн цочирдон уулга алдав.
Харин “аав” нь юу ч болоогүй юм шиг хажуугаар нь зөрөн өнгөрлөө. Хүн андуурчихсан юм болов уу гээд эргэж ухасхийн өвгөний урдуур ороогоод:
-Аав аа, та миний аав мөн л байна шүү дээ.
Лувсан өвгөн хар залуугийн хөмсөгнийхөө дээр тод сорвитой. Үүнийгээ багадаа үхэрт мөргүүлчихсэн гэж тайлбарладаг байв. Үхрийн эвэр яагаад ч юм нүдийг нь арай онолгүй аяганых нь амсраас дээш сэжин хөмсгийг нь дайруулсан учир тэнд нь үс ургахгүй халцархай гялтгар сорви тод үлджээ.
Өвгөн илт дургүйцэн төвөгшөөсөн царай гаргаад хүүгээ хүчтэй түлхэн:
-Та хүн андуураа байлгүй, алив хойшоо!
Хүү нь ч мөчөөгөө өгөхгүй Лувсангийн энгэрээс зууран авч:
-Та чинь ямар сонин хүн бэ. Яахаараа биднийг хаяад алга болчихов? Ээж нас барсныг мэдсэн үү? Таныг хүлээж санаа сэтгэлээр унасаар хөөрхий үхсэн. Таныг бид оршуулсан…
Ноцолдож буй хоёр дээр хүмүүс шаваад ирлээ. Үнэндээ хэн ч харсан эцэг хүү хоёр гэмээргүй. Нас өндөр хоёр өвгөн л барьцалдчихсан, энгэр заамнаасаа зууралдана. Харин ч Лувсан хүүгээсээ ч толиотой харагдана. Ная шахаж байгаа тэрээр цэвэрхэн хослолтой, зангиатай, догь бүрхтэй, тулах гэхээсээ гангарч буй гэмээр таяг гартаа барьжээ. Тэгэхэд хүү нь эрээн хүүрчиг эв хавгүй өмссөн, толгой нүцгэн түүний халзан зулай наранд гялбана. Хүү нь аавыгаа ингэж дэгжин хувцасласан байхыг хэзээ ч үзээгүй. Лувсан заамыг нь атгасан гарыг таягаараа чанга цохин тавиулаад цугларсан олноос санаа зовсон бололтой нүүр буруулан хурдан алхан одлоо.
Хүү нь аавыгаа бүтэн өдөржин дагав. Хаана орогнож байгааг нь мэдэх гэсэн байх. Харин өвгөн араас нь дагаж буйг мэдээд мөн л өдөржин хотоор холхино. Үе үе гудамжны сандал дээр суун амрангаа зүүрмэглэнэ. Хүү нь бас л нас дээр гарсан хүний хувьд ядарчээ.
Бүрэнхий болсон хойно Лувсан өвгөн цэцэрлэгийн нэгэн сандал дээр суун амарлаа. Дагасан хүү нь нэлээд хол бас нэг сандал дээр суув.
-Эрдэнэ ээ, нааш ир! – хэмээн өвгөн гэнэт дуудлаа.
Эрдэнээ дөлсөөр ойртов.
-Зүгээр зүгээр, энд ирээд суу- гээд сандлаа зайчлав.
-Аав та яах гэж ингэж байдаг юм бэ?
-За ямар чиг байсан суу. Би чамаас юу ч асуухгүй. Ямар ч сонин чамаас сонсмооргүй байна. Харин би чамаас яагаад зугтаагаад байгаагаа тайлбарлая. Чи миний ярихыг сонсчихоод шууд эндээс яваарай. Дахиж надтай уулзах гэж оролдож болохгүй шүү. Би залуудаа нэг хүүхэнтэй явдаг байлаа. Бид биендээ их сайн. Гэрлэхээр шийдчихсэн байсан юм. Яг тэр үеэр би ээжтэй чинь санаандгүй учраад… чи олдсон. Энэ миний залуугийн нүгэл л дээ. Нэгэнт хүний үрийг жирэмсэн болгосон болохоор би ээжтэй чинь гэрэлсэн.
Бидний хооронд хайр дурлал байгаагүй байхаа. Гэхдээ би хүн чанартай нэгэн. Бид 50 жил хамт амьдарсан. Зовж шаналсан юм байхгүй. Иргэний сайн гэр бүл байсан. Би гэр орноо сайн авч явсан. Юугаар ч дутааж байгаагүй. Дөрвөн хүүхэдтэй боллоо. Ач гучтай боллоо. Та дөрвийг би бүгдийг нь боловсролтой, гэр оронтой болгосон. Би сайн нөхөр, сайн эцэг, сайн өвөө байсан. Би бүхий л үүргээ гүйцэтгэсэн гэж боддог. Чи худлаа гэхгүй биз дээ?
-Тэр үнээн, ааваа. Та бол үлгэр жишээ эцэг…
-Гэхдээ би иргэний, хүний, өрхийн тэргүүний, эцгийн хувьд үүргээ онц биелүүлж байсан ч насан туршдаа дотроо шаналж явсан. Би өөрийн буруугаас хайртай дуртай хүнтэйгээ гэр орон болж чадаагүй. Ингээд би та нараас нэг л өдөр холдсон. Би цаашид олон жил амьдрахгүй. Нэгэнт би та нарын өмнө үүргээ биелүүлсэн болохоор үлдсэн цөөхөн жилийг өөртөө зориулахаар шийдсэн юм. Би одоо тэр хүүхэнтэйгээ амьдарч байна. Та нарын хувьд би нас барсан. Өдий насалсан би тийм байж болно биз дээ.
-Та тэгээд одоо жаргалтай байна уу?-хэмээн Эрдэнэ ээрүүтэн асуув. Нүднээс нь нулимс сул урсана.
Өвгөн босоод:
-Баяртай хүү минь. Намайг битгий дагаарай. Надад өөрийнхөөрөө амьдрах богинохоон хугацаа өгчих- гээд таягаа сугандаа хавчуулан эргэж харалгүйгээр цааш алхан одлоо.
Эрдэнэ балмагдан суусан чигээрээ хоцров. Мөр тэгш, алхаа шулуун, залуу хүн шиг эрч хүчтэй эцгийгээ булан тойрон алга болтол нь араас нь ширтэн суусан тэрээр:
-Баяртай ааваа, үүрд баяртай- хэмээн амандаа бувтналаа.