Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулгын анхны албан ёсны айлчлал ОХУ-аас эхэлж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр анхны албан ёсны айлчлалаа эхлүүллээ. Тэрээр Дорнын эдийн засгийн форумд оролцохоор өчигдөр ОХУ-ын Владивосток хотод ирэв. Форумд оролцох манай улсын төрийн тэргүүнийг ОХУ-ын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч И.Е.Левитин, Гадаад хэргийн дэд сайд В.В.Моргулов, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа нарын албаны хүмүүс Владивостокийн нисэх онгоцны буудалд угтан авсан. Жилээс жилд цар хүрээгээ тэлж буй энэхүү форумыг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин гурван жилийн өмнө санаачилсан бөгөөд түүнээс хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж байгаа юм байна. Энэ удаагийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас гадна ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нарын төр, засгийн тэргүүнүүд оролцож байгаа. Мөн БНХАУ, Энэтхэг, Вьетнам, Индонез зэрэг орны албан ёсны төлөөлөгчид, Зүүн хойд Ази, Номхон далайн бүсийн орнууд, АНУ, Канад зэрэг орны бизнесийн 3000 гаруй төлөөлөгч оролцоно. Ерөнхийлөгч Х.Баттулгын тухайд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нартай уулзаж албан ёсны яриа, хэлэлцээр хийх юм. Түүнийг дагалдан Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг нарын албаны хүмүүс форумд оролцож байна.

Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд өнөөдөр дэлхийн далайн тээврийн хамгийн томд тооцогддог Восточный боомтын үйл ажиллагаатай танилцана. Энэхүү боомтоор манай улс нүүрсээ гуравдагч орнуудад гаргах боломжтой хамгийн дөт зам юм. Харин маргааш ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Солонгосын төрийн тэргүүн Мүн Жэ Ин, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нартай уулзаж албан ёсны яриа, хэлэлцээр хийнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *