Нийгмийн эрүүл мэнд судлаач Ч.Чулуунбаатар
Шинжлэх ухааны нээлт, ололт, амжилт судалгаа, туршилтын үр дүн нотолгоо, шинэ технологид суурилсан бодлого, шийдвэр гаргах нь чухал болж байгааг дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын үйл ажиллагаанаас тодоор харагдаж байна.
Монгол оронд одоогийн байдлаар нийгмийн харилцааны бараг бүх асуудлыг шийдвэрлэх гэж хэсэг бүлэг дарга нарын саналаар нам эвслийн шийдвэр, мөрийн хөтөлбөр гэж цөөн хэдхэн хүний зохиож бичсэн зүйлийг л ярьж хэрэгжүүлэх гэж оролдож мунгинаж байна.
Дэлхийн ихэнх орнууд аливаа асуудлыг шийдвэрлэхдээ шинжлэх ухааны үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд өргөнөөр ашиглаж хурдацтай хөгжиж ололт амжилтанд хүрч байна. Монголын жирийн малчны хүү нэрт эрдэмтэн Хавтгайн Намсрай цөмийн физикийн салбарт, Жамбалын Шагж биологи анагаах ухааны салбарт “Хүн ба хөхтөн амьтны бүдүүн гэдсэнд дулаан үүсэх зүй тогтол” сэдвээр, академич Пагважавын Нямдаваа В гепатитийн эсрэг вакцин бүтээсэн бол Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Миеэгомбын Амбага амьд эсийн мембрант байгууламж, уурагт нэгдлийн хүрээнд дэлхийн хэмжээнд урьд өмнө шийдвэрлэгдээгүй байсан зүй тогтолтой төлөв байдлыг нарийвчлан судлан нээлт хийж дэлхийн шинжлэх ухаанд шинэ онол, зүй тогтлыг нээн илрүүлсэн бөгөөд энэ бүтээлүүдийг гадаадын орнуудад нийтэлсэн байна.
Шинжлэх ухааны салбарт эрдэм шинжилгээ судалгааны ажлын төсөв зардлыг жил бүр нэмэгдүүлэн, дэлхийн шинжлэх ухаанд нээлт хийсэн эрдэмтэн судлаач нарын зүтгэл бүтээл, гавьяаг үнэлж Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар хэмээх эрхэм цолыг эрдэмтэн докторуудад олгож байх саналыг иргэний хувьд өргөн дэвшүүлж байна.
“Өдрийн сонин”-ы “Хэлэх эрхийн индэр”-т оролцон үзэл бодлоо илэрхийлэхийг хүсвэл 99650208 дугаарын утсаар холбоо барина уу.
Тэмдэглэл хөтөлсөн Э.МӨНХТҮВШИН