Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн хэмжээнд гэмт хэргийн гаралт 4.2 хувиар буурчээ

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдаанаар Улаанбаатар хотын өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлыг танилцуулав.

Нийслэлийн цагдаагийн газраас өгсөн мэдээллээр 14 хоногийн хугацаанд гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 3769 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 470 нэгж буюу 12.4 хувиар буурч, гэмт хэргийн шинжтэй 1845 үйлдэл бүртгэгдсэн нь 80 нэгж буюу 4.2 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Гэмт хэрэг үйлдэгдсэн нутаг дэвсгэрээр нь авч үзвэл Баянзүрх дүүрэгт хамгийн их буюу 551 гэмт хэрэг бүртгэгдэж, Багахангай дүүрэгт хамгийн бага буюу 2 гэмт хэрэг бүртгэгджээ. Хүний эрүүл мэнд, амьд явах эрхийн эсрэг болон залилангийн хэрэг өссөн бол дээрэм, хүчин, хулгайн гэмт хэрэг буурсан байна.

Дээрх хугацаанд Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, биеэ авч явах чадваргүй 1567 хүн саатуулагдсан байна. Мөн Зөрчлийн тухай хуулийн дагуу 1269 иргэнд 440 сая 750 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ ноогдуулж, Гудамж, талбайд үйлдэгдсэн 47 гэмт хэргийг үйлдэл дээр нь илрүүлж, таслан зогсоожээ.

Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, хурандаа Д.Эрдэнэбаатарын танилцуулснаар өнгөрсөн 14 хоногийн хугацаанд аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын 66 удаагийн дуудлагыг хүлээн авч, Гал унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 51, осол, аврах ажиллагааны 15 удаагийн дуудлагаар гарч үүрэг гүйцэтгэсэн байна. Эдгээр дуудлагыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад объектын гал түймэр 15.0 хувиар, техникийн холбогдолтой осол, аврах ажиллагааны дуудлага 46.4 хувиар тус тус буурч, нийт аюулт үзэгдэл техникийн холбогдолтой ослын тоо 25.0 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Үүнээс гадна Сонгинохайрхан дүүргийн 1, 22 дугаар хороонд малын гоц халдварт шүлхий өвчний голомт илэрч, хорио цээрийн дэглэм тогтоосноос хойш 34 хоногийн хугацаанд ариутгалын цэгээр нэвтрэн өнгөрсөн 6554 автомашиныг ариутгаж, 30 өрхийн 168 үхрийг зориудаар устгаж, зам, гарц болон устгалын цэгийн ойролцоох 1.131.560 м2 талбайд ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж гүйцэтгэжээ. 1, 2 дугаар голомтын бүсэд давтан вакцинжуулалтыг хийж бүрэн дууссан бөгөөд эрүүл бүсийн вакцинжуулалтын явц 92.9 хувь буюу 1276 өрхийн 81 мянга 610 толгой малыг хамруулсан байна. Голомтын бүсүүдэд өдөр бүр мэргэжлийн албадын нийт 116 ажилтан, албан хаагч, 43 нэгж, техник хэрэгсэлтэйгээр хорио цээрийн дэглэм тогтоож, ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж байгаа юм.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 14 хоногийн хугацаанд төлөвлөгөөт 45, төлөвлөгөөт бус 197, гүйцэтгэлийн 77, нийт 319 хяналт шалгалтыг хийсэн байна. Шалгалтаар илэрсэн зөрчилд нийт 13.5 сая төгрөгийн торгууль ноогдуулж, 52 хувийг нь барагдуулжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *