Categories
мэдээ нийгэм

Куба дахь АНУ-ын ЭСЯ-ны 16 ажилтан “Акустик халдлага”-д өртсөн гэв

ЗурагКуба дахь АНУ-ын ЭСЯ-ны ажилтнууд “акустик халдлага”-д өртсөн байх магадлал өндөр байна. ЭСЯ-ны 16 ажилтанд чих дүлийрэх, толгой байнга өвдөх зэрэг шинж тэмдгүүд илэрсэн гэж АНУ-ын Төрийн департамент мэдэгдлээ.

Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Хетер Науэрт өчигдөр орой мэдэгдэл хийхдээ “Куба дахь манай улсын ЭСЯ-ны 16 ажилтанд чих дүлийрэх, толгой байнга өвдөх зэрэг шинж тэмдгүүд илэрснээр эмчилгээ хийлгэж байна. Акустик халдлагыг одоо зогсоосон юм шиг байна. Бид энэ хэргийг анхааралдаа авч, нухацтай шалгаж байна” гэв.

Харин Кубын тал мэдэгдэхдээ “Манай улсын зүгээс гадаадын дипломатчдыг онилон ямар нэгэн халдлага үйлдээгүй. Бид энэ хэргийг шалгаж байна” гэлээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр, Куба дахь гадаадын ЭСЯ-нууд болон дипломат ажилтнуудын гэрийн гадна чимээ гаргалгүйгээр хүнийг дүлийрэхэд хүргэдэг дууны долгион ялгаруулдаг “хэт авианы төхөөрөмж” суурилуулсны улмаас ЭСЯ-ны ажилтнуудын сонсгол муудаж, дүлийрч байж болзошгүй.

Өнгөрсөн оны сүүлчээс эхлэн АНУ-ын ЭСЯ-ны ажилтнуудад дээрх шинж тэмдгүүд ажиглагдах болжээ. Канадын ЭСЯ-ны нэг ажилтанд ч адил шинж тэмдэг илэрсэн гэсэн мэдээлэл байна.

АНУ-ын дипломат ажилтнуудын зарим нь эмчилгээ хийлгэхээр нутаг буцсан бол заримыг нь Куба дахь америк эмч нар эмчилж байгаа гэнэ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон энэ хэргийг “эрүүл мэндийн халдлага” гэж тодорхойлов.

Вашингтонтай таагүй харилцаатай гуравдагч улс энэ хэргийн цаана байж магадгүй гэж шинжээчид үзэж байгаа аж.

Вашингтон болон Гавана хагас зуун жил дайсагнасан харилцаатай байсны эцэст ердөө саяхан гэхээр, тодруулбал 2015 онд харилцаагаа сэргээсэн билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *