Categories
мэдээ нийгэм

ХЭЛЭХ ЭРХИЙН ИНДЭР: Хотын дарга та дэргэдэх эмнэлгээ нэг анхаараач

СХД-ийн XXI хорооны өндөр настан З.Шарав

СХД-ийн нэгдүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв үйлчилгээ сайтай сайхан эмнэлэг. Энэ эмнэлгийн барилгыг хуучин нийгмийн үед ОХУ-ын барилгачид барьж, дотор тоног төхөөрөмж, эд хогшилтой нь бүрэн хүлээлгэж өгч байсан. Олон жил миний өвчинтэй тэмцэж ирсэн Д.Даваажав, Э.Энхтүвшин, Ц.Өлзий-Ундрах эмч нартаа баярлалаа. Анх элэгний С вирусын халдвар авснаа ч мэдээгүй байх үеэс өнөөг хүртэл хэвтэн эмчлүүлж байна. Нэгэнт энэ вирусын халдвар авсан л бол эдгэнэ гэж үгүй, ёрын өвчин юм. Уг эмнэлгийн байр нь хуучирсан боловч жил бүр арчилгаа тордолгоо хийдэг бололтой. Гэвч эмчлүүлэгчдийн ор дэр, өрөөний дотор тал нь л тохьгүй юм. Орны пүрш нь хугарч, үзүүр нь гудсан доороос нэвт гараад ирж. Ийм орон дээр өвчтөн удаан хэвтэх нөхцөлгүй ууц нуруу өвтгөнө. Түмпүүшиг нь эвдэрсэн, сандал байхгүй учир орон дээрээ сууж хоол ундаа иднэ. 00-ын шаазан суултуур дээрх таг байхгүй тул өвчтөн хүйтэн паалан дээр л сууна. Иймд эрүүл ахуй, ариун цэврийн хувьд үнэхээр тааруу. Намайг өмнө хэвтэж байхад хоолны чанар гайгүй байсан. Харин саяхан хэвтсэн чинь хоол гэж голдуу байцаа, төмсний шөл, будаатай бууз маягийн юм өгч байна. Төсвөөсөө улбаалж, үйлчилгээ нь ийм байдаг болов уу. Гэхдээ эмнэлгийн дотоод журам, эмч нарын ааш зан мэргэжлийн ур чадвар үнэхээр сайн. Бүх ажилчид нь байгаа боломжоороо л эмнэлгээ тордож, цэвэрлэж байна. Төв эмнэлэг дээрээ уламжлалын болоод Европын эм, тариагаар 10 хоног эмчлээд, Богд уулын ард “Богд уул” хэмээх сувилалтай. Тэндээ 10 хоног бариа засал, физик эмчилгээ хийж, сувилдаг. Ийм үйлчилгээтэй эмнэлэг Монголд ер байдаг болов уу. Иймд хотын дарга С.Батболд та өөрийн дэргэдэх ганц эмнэлгээрээ нэг орж, доторх орчинтой нь танилцаж, эмч нартай нь уулзвал зүгээр болов уу гэж мянга, мянган өвчтөнүүдийнхээ өмнөөс хүсч байна. Хотын дарга та энэ жилийнхээ төсвөөс АУЭСКТ-д хэдэн ор, ширээ, сандал, 00-ын суултуурын таглаа гэх мэт зүйлийг шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.

“Өдрийн сонин”-ы “Хэлэх эрхийн индэр”-т оролцон үзэл бодлоо илэрхийлэхийг хүсвэл 99650208 дугаарын утсаар холбоо барина уу. Тэмдэглэл хөтөлсөн Э.МӨНХТҮВШИН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *