Categories
мэдээ нийгэм

ОБЕГ-т хандив тусламж үзүүлсэн иргэн, аж ахуй нэгжид талархал гардуулав

Энэ зун орон даяр гарсан түймрийн унтраахад ОБЕГ-ын алба хаагчдаас гадна иргэд аж ахуй нэгж, байгууллагууд гар бие оролцон хандив тусламж үзүүлсэн билээ. Одоогийн байдлаар ОБЕГ-т 770 гаруй иргэн аж ахуй нэгж байгууллагын 760 сая төгрөг цуглараад байгаа ажээ.

Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүх, ОБЕГ-ын дарга Хошууч генерал Т.Бадрал, ОБЕГ-ын дэд дарга, Бригадын генерал Г.Арвинбуян нар ОБЕГ-т хандив тусламж үзүүлсэн ААН, иргэдэд талархсанаа илэрхийллээ.
Улс оронд үүссэн гамшгийг даван туулахад чин сэтгэлийн туслалцаа үзүүлсэн Гал сөнөөгчдөд туслах фейсбүүк группын төлөөлөл, ЭХЯ, Петровис ХХК, Оюу Толгой ХХК, АПУ ХК, Шунхлай ХХК, ТЭСО групп, Эко Констракшн ХХК, Хас Банк, И-март, Атлан Дорнод ХХК, МИАТ ХК, ТЕГ-ын ТТХГ, Гутал ХК, Болор майнинг, Монос групп, Хүрээ ротари клуб түүнчлэн иргэн Б.Төгөлдөр, Ш.Солонго, Н.Чойжин, Д.Батсүрэн, Д.Цэлмэг нарын иргэн, аж ахуй нэгж байгууллагуудад талархлын бичиг гардуулсан юм.
“Гал унтраах үйлсэд халуус сэтгэлээр хандив тусламж үзүүлсэн нийт иргэд аж ахуй нэгж байгууллагууддаа баярлалаа. Орон даяр гал унтраах ажил явагдаж байх үед би ОБЕГ-ын гадаа нэгэн эмээтэй таарсан юм. Тэр эмээ нэг гар чийдэн барьчихсан тэрийгээ түймрийн голомтод ажиллаж байгаа хүмүүст өгөх гэсэн юм гээд явж байсан. Монголчууд байгаагаа барьдаг сайхан сэтгэлтэй ард түмэн. Хандив тусламжаар цугларсан мөнгөөр бид хоёр нисдэг тэрэг худалдан авах тухай ярилцаж байна. Худалдан авалт ойролцоогоор 30 мянган ам.доллар болох тооцоо гарсан” хэмээн Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүх онцлов.
Цагдаагийн байгууллага түймэр тавьсан байж болзошгүй 70 иргэнийг хуулийн дагуу 30 гаруй сая төгрөгөөр торгосон байна.
ОБЕГ-ын дэд дарга, Бригадын генерал Г.Арвинбуян “Одоогийн байдлаар Сэлэнгэ аймагт долоо, Булган , Хөвсгөл аймагт тус бүр нэг, нийт есөн түймэр асч байна. Түймрийн голомтод ОБЕГ-ын 300 орчим гал сөнөөгч ажиллаж байна” хэмээв.
Харин УЦУОШГ-аас авсан мэдээллээр сарын эхээр нийт нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байгаа учир ард иргэдийг болзошгүй үер усны аюулаас сэрэмжлэхийг ОБЕГ-аас анхаарууллаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *