Монгол Улсад төмөр замын салбар үүсэн хөгжсөн 79 жилийн ой, “Монголын төмөр замчдын өдөр” өнөөдөр тохиож байна.
1938 онд Улаанбаатар – Налайхын хооронд 43 км нарийн төмөр зам тавигдаж, уурын галт тэрэг давхиж эхэлснээс хойш эдүгээ 79 жил болжээ. Анхны төмөр зам нь Налайхын нүүрсээр нийслэлийн үйлдвэр аж ахуйн газрууд, байгууллага, хүн амыг нүүрсээр хангах зорилготой байв. Төмөр замыг барьж байгуулах болон ашиглах асуудлыг зөвлөлтийн мэргэжилтэн А.Ф.Чайковский, А.Н.Кудряшов, А.М.Кузнецов, И.Н.Коновалов нар удирдаж байсан юм. Тухайн үед ЗХУ-ын төмөр замын нэг жилийн курст 1938 онд 50, 1939 онд 63 хүнийг явуулан сургаж бэлтгэсэн байна. Дэлхийн II дайны үед 1938- 1939 онд улсын дорнод хязгаарт цэргийн зориулалттай төмөр зам барьсан нь өнөөгийн Эрээнцав- Баянтүмэн чиглэлийн 268 км зам юм.
Харин 1947 оноос хоёр жилийн хугацаанд барьсан Наушки-Улаанбаатарын 400 км зам анхны олон улсын чанартай төмөр зам билээ. Энэхүү төмөр замыг 1946 онд БНМАУ болон ЗСБНХУ -ын хооронд байгуулсан хамтын ажиллагааны тухай гэрээний дагуу барьжээ. Улмаар1955 онд ЗХУ-ын хөрөнгөөр Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд 700 гаруй км урт төмөр замыг барьж, ашиглалтад хүлээлгэн өгсөн байна. Ийнхүү Монголын умард хилээс өмнөд хил хүртэл 1115км төмөр замтай болжээ. Уг замын туршид 508 гүүр, 35 өртөө зөрлөг, 5 депо, Улаанбаатарт төв буудал барьснаас гадна, орон сууцны хороолол, эмнэлэг, сургууль, гуанз, дэлгүүр, клуб бүхий олон тосгон суурин бий болжээ.
Өнөөдөр Монголын төмөр замын сүлжээ 1520 км бөгөөд туслах болон салаа замуудыг нэмбэл 1815 болдог байна. Төмөр замаар жилд 20 сая гаруй тонн ачаа тээвэрлэдэг, 2020 он гэхэд 45 сая тоннд хүргэх зорилт тавин ажиллаж байгаа юм.
“Монголын төмөр замчдын өдөр”-ийн хүрээнд өнөөдөр УБТЗ-ын Удирдах газрын өмнөх талбайд “Ган зам” дууны хөшөөнд цэцэг өргөх ёслол болох юм. Мөн тус дууны үгийг зохиосон төрийн шагналт яруу найрагч Ч.Лхамсүрэн агсны амьдрал уран бүтээлийн тухай гэрэл зургийн үзэсгэлэн нээгдэнэ.