Categories
мэдээ нийгэм

Зүүн хүрээ Дашчойлин хийдэд “Жахар цам” харайх ёслол болов

Зүүн хүрээ Дашчойлин хийдэд зуны адаг сарын шинийн 9 буюу өнөөдөр уламжлалт “Жахар цам” харайх болон сор залах шашны зан үйл боллоо.

Сүсэгтэн олон энэхүү билэгт сайн өдөр хүрэлцэн ирж, энэ болон хойд насаа даатган, муу үйл болгоныг тэвчин сайн сайхан бүхнийг даатган, нүглийг тэвчиж буяныг цаглашгүй ихээр хураах учиртай гэнэ.

Тус хийд 2003 онд “Хүрээ цам” ёслолыг анх санаачлан зохион байгуулсан бөгөөд өдгөө 15 дахь удаагаа цам гаргаж байна. Цам бүжиг хэрхэн дэлгэрсэн тухай цамын сурвалж бичигт дурдахдаа “Цаст Төвдийн орноо бурхны шашинг дэлгэрүүлэхээр анхны сүм дуган барихаар бэлдэх үед хар зүгийн лус савдгууд харшлан тотгорлож саад болсонд Энэтхэгийн их багш ловон Бадамжуннай нууц тарнийн ёсонд тулгуурлан, цам бүжгийг дэглэн гаргаж, улмаар цам бүжиглэх зан үйлээр хар зүгийн лус савдгуудыг номхруулан дарж, Төвдөд бурхны шашин эрдэнийг дэлгэрүүлэхийн эхийг тавьсан” тухай тэмдэглэсэн байдаг.

Жахар цам нь нууц тарнийн бясалгал дияаны зан үйл тул цам бүжиг хийх лам нар олон хоногийн өмнө Их аюулгагч Жигжэд бурхны үүднээс бясалгал дияан нянба дүва хийж, номын хүчээ лавшруулдаг уламжлалтай. Ийнхүү номын бүтээл хийсэн лам хуврагууд цам гарахаас дөрвөн өдрийн өмнөөс уг зан үйлд хэрэглэгдэх балин тахил, баг өмсгөл тэргүүтнээ адислан жанлав оршоох “Адислага” хэмээх хурал хурдаг ажээ.

Түүний дараах гурван өдөр жахар хэмээх эрлэг номун хаан Чойжил бурхны оршин залардаг хот мандал болон аливаа муу бүхний үндсийг тасдагч сорын балинг дүвлэн бүтээх жахар цамын хурал хурах ба өдөр бүр дотор цам гардаг.

Сүүлийн гурав дахь өдөр сая гадар цам гардаг байна.

Цамын эцэст аливаа муу бүхний үндэс болсон муу сэтгэлийг таслан дарахын бэлгэдэлтэй сорын балинг галд өргөснөөр жахар буюу хүрээ цамын зан үйл өндөрлөдөг.

Цамын зан үйлийг гүйцэлдүүлсэнээр орон нутагт ган зуд, гай гамшигийн хөнөөл амирлаж, хүрэлцэн ирсэн сүсэгтэн олныг зовлон зүдгүүрээс гэтэлгэж, амар амгаланг цогцлоох зорилготой юм гэж “Зүүн хүрээ” дээд сургуулийн багш, доктор Г.Мягмарсүрэн тайлбарласан юм.

Энэ жилийн “Жахар цам“-д сүсэгтэн олноор цугларсан бөгөөд Төвдөөс залуу лам нар хүрэлцэн ирсэн байлаа.

Б.ӨЛЗИЙБАЯР, С.НАРАНЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *