Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн Засаг даргаас сумдын ЗДТГ-т тус бүр 50 тонн өвс, 20 тонн тэжээл, нийтдээ 1102 тонн тэжээлийн аюулгүй нөөц бүрдүүлэхийг үүрэг болгожээ.
Тус аймагт уулын хадлан ирэх сарын 1-нээс, голын хадлан 10-наас эхлэх бөгөөд аймгийн хэмжээнд 63050 тонн хадлан, 3710 тонн гар тэжээл, 7439,8 тонн эрдэст тэжээл бэлтгэхээр төлөвлөжээ. Үүнээс аймгийн хадлангийн бүс болох Ногооннуур сум хамгийн их буюу 13000 тонн өвс, 300 тонн гар тэжээл, 600,5 тонн эрдэст тэжээл бэлтгэх бол Цэнгэл сум 6600 тонн өвс, 400 тонн гар тэжээл, 996,3 тон эрдэст тэжээл, Баяннуур сум 5800 тонн өвс, 300 тонн гар тэжээл, 461,6 тонн эрдэст тэжээл, Алтай сум 5420 тонн өвс, 320 тонн гар тэжээл, 602,5 тонн эрдэст тэжээл тус тус бэлтгэх аж.
Түүнчлэн аймгийн тэжээлийн нөөцөд 300 тонн өвс нэмж авах ба аж ахуйн нэгжүүд 2500 тонн өвс бэлтгэхээр болсон байна.
Дашрамд хэлэхэд өнгөрсөн жилд аймгийн хэмжээгээр 62650 тонн хадлан бэлтгэх төлөвлөгөөтэйгөөс 65325.1 тонныг бэлтгэж, төлөвлөгөөгөө 2675.1 тонн буюу 4.3 хувиар давуулан биелүүлжээ.