Categories
мэдээ цаг-үе

​​Б.Серик: Начин цолондоо ханаж болохгүй шүү хэмээн захисан

Тулгар төрийн 2226, Их Монгол Улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадамд зориулсан хүчит бөхийн барилдаанд Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, “Таван богдын бүргэдүүд” дэвжээний бөх, сонирхогчдын сумо бөхийн дэлхийн аварга, Олон улсын хэмжээний мастер Бердимуратын Серик Улсын харцага Т.Баасанхүүгээр тав давж улсын начин цол хүртсэн билээ. Ингээд түүнтэй ярилцлаа.


-Улсын начин хэмээх эрхэм цол хүртсэн танд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Үндэсний их баяр наадамдаа Улсын начин хэмээх эрхэм хүндтэй цол хүртлээ. Хүчтэнүүд маань улсын цол хүртэх том зорилго өвөртөлсөөр жил, жилийн наадамдаа зодоглодог. Миний хувьд ч тэр улсын цол авчих юмсан гэсэн битүүхэн хүсэлтэй байлаа. Бэлтгэлээ ч санаандаа тултал сайн хийсэн. Ер нь заалны барилдаануудад ч алгасахгүй оролцож, чамлахааргүй амжилттай байлаа. Тиймдээ ч ойр дотнынхон маань цолонд хүрчих болов уу гэсэн нууцхан хүлээлттэй байсан. Ер нь тэгээд хүмүүс урам хайрлах бүрт хичээх ёстой л гэсэн бодол төрдөг дөө. Ямартай ч санасан, зорьсондоо хүрч улсын цолонд хүрсэндээ тун их баяртай байна.

-Уран барилдаант гэгддэг Т.Баасанхүү харцагатай тавын даваанд учраа таарсан. Ер нь барилдааныг нь хэр мэдэх вэ?

-Би хоёрын даваанд Увс аймгийн харьяат, аймгийн арслан Х.Оргилболдтой таарсан. Өмнө нь заалны барилдаанд нэг унасан. Хоёр дахь удаагийн учраа минь энэ байсан л даа. Ер нь бол их хүнд барилдаан хийсэн. Харин гурвын даваанд ямар улсын цолтон амлачих бол хэмээн эмээж байлаа. Ингээд Улсын начин Ш.Шинэбаяр намайг амласан. Урьд нь барилдаж үзээгүй бөх л дөө. Аль болох өөрийнхөөрөө шийдсэн мэхээ хийе л гэж бодсон. Харин дөрвийн даваанд улсын заан Т.Санчиртай, тавын даваанд Т.Баасанхүү харцагатай учраа таарсан юм. Т.Баасанхүү харцагын хувьд зайнаас ч хаяна. Ер нь элдэвтэй хүн шүү дээ. Тухайн үед Т.Баасанхүү харцагыг амлачихлаа гэхэд манай нутгийнхан, ойр дотнынхон маань “Бас л чанга бөх таарчихлаа, цол авч чадах болов уу” гэцгээгээд л, дээлний минь захыг мушгиад сууж байлаа.

Түрүү жил Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, Улсын арслан Э.Оюунболдтой учраа таарч өвдөг шороодсон. Тэр үед адилхан л аймгийн цолтой бөхчүүд улсын цолонд хүрч байхыг хараад их сайхан санагдсан даа. Дараа жил би ч мөн адил улсын цолонд хүрнэ дээ гэсэн том зорилго өвөртөлсөн юм. Тиймээс энэ жил өмнөх алдаагаа давтахгүй цол авна даа гэж бие, сэтгэлээрээ хичээсэн. Мөн улсын цолонд хүрчихээсэй хэмээн дэмжиж зогсоо хүмүүсийнхээ итгэлийг алдахгүйн тулд их мэрийсэн шүү.

-Улсын харцага О.Бахыт манай сонинд өгсөн ярилцлагадаа Баян-Өлгий аймгаас цол хүртэх бөхчүүдийн нэг бол яахын аргагүй Б.Серик хэмээж байсан…

-Баян-Өлгий аймгийн маань бахархал болсон эрхмүүдийн нэг нь яалт ч үгүй О.Бахыт харцага маань мөн. Начин болчихоод харцагатайгаа ярихад “Начин цолондоо ханаж болохгүй шүү. Түүнээс ч их амжилтыг бүтээгээрэй” гэсэн. Харцагатайгаа үргэлж ойр, дотно байж, суралцаж байдаг. Алдаатай зүйлсүүдийг минь гярхай ажиглаж, онцлон хэлдэгт нь их баярладаг юм. Ер нь тэгээд нутгийн бөхчүүд минь алхам тутамд л сургаж, урам хайрладаг.

-Үндэсний их баяр наадамдаа хэд дэх жилдээ зодоглож байна?

-Би 2013 онд улсын баяр наадмынхаа зүлэг ногоон дэвжээнээ зодоглож байлаа. Дөрөв дэх жилийнхээ босгон дээр улсын цолонд хүрлээ. Харин 2011 онд 17 настайдаа аймгийн заан цол хүртсэн бол хоёр жилийн дараа аймгийн арслан болсон.

-Энэ жил төрсөн нутагтаа очиж бэлтгэлээ базаасан гэж сонссон…

-Энэ жил нутагтаа арав гаруй хоног бэлтгэлээ базаасан. Баян-Өлгий аймаг, тэр дундаа төрж өссөн Улаанхус сумандаа очсон. Төрсөн нутагтаа очоогүй их удсан болохоор үнэхээр сайхан байсан шүү. Эмээ, өвөө минь баяр наадамдаа одтой, хийморьтой барилдаарай хэмээн ерөөлөө хайрласан. Тэдний минь ерөөл бат оршиж, хүү нь хийморьтой байлаа. Харин нутгаасаа ирчихээд “Алдар” спорт хорооны дасгалжуулагч, Улсын начин Зоригтын удирдлаган дор үргэлжлүүлэн бэлтгэлээ хийсэн. Ингээд долдугаар сарын 5-наас бэлтгэлээ зогсоогоод, амарч эхэлсэн дээ.

Бөхийн гараагаа хэрхэн эхлүүлж байв?

-Бөхийн спортод хүүхэд байхын л сонирхолтой байлаа. Харин манайх гэр бүлээрээ 2007 онд Улаанбаатар хотод нүүж ирсэн юм. Тухайн үед манай ах Т.Канат багш дээр дагуулж очсон. Улмаар кураш бөхийн тэмцээнд оролцож бөх болох гараагаа эхэлсэн дээ. Удалгүй Т.Канат багш маань Ц.Шийрэв багштай танилцуулж, түүнээс хойш жүдо бөхийн секцэнд хичээллэх болсон. Хамгийн анх дүүргүүдийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртчихээд, одоо жүдо бөхийн 90 кг-ийн жинд барилддаг Л.Отгонбаатартайгаа хамт баяр хөөр дүүрэн автобусанд явж байсан минь тодхон байна шүү.

-Та жүдо бөхийн шигшээ багийн тамирчин байсан. Харин сүүлийн үед үндэсний бөхөөрөө тууштай хичээллэж эхэлжээ. Энэ тухайд?

-Би 2015 онд жүдо бөхийн шигшээ багаасаа гарсан. Яахав жүдо бөхийн -100 кг-д гадна, дотнын тэмцээн, уралдаанд оролцдог байсан л даа. Гэхдээ үндэсний бөхөөрөө илүү тууштай хичээллэе гэж шийдсэн юм. Манай нутаг усныхан ч “Үндэсний бөхөөрөө барилдвал яасан юм. Баян-Өлгийд минь улсын цолтон төрвөл сайхан биш үү” гэдэг байсан. Ямартай ч Б.Баатарцол ах маань булган сүүлтэй байна. Ахынхаа араас Улсын начин цол хүртлээ.

-Сумо бөхөөр хичээллэж, тэр ч бүү хэл Асашёорюү Д.Дагвадорж аваргын дэвжээний багш нь цаашид барилдахаар урьж байсан гэлүү?

– Ер нь самбо, жүдо, кураш, сумо гээд чөлөөт бөхөөс бусад төрлөөр л хичээллэсэн дээ. О.Бахыт багштайгаа хамт Казахстан руу кураш бөхийн тэмцээнд хэд, хэдэн тэмцээнд амжилттай оролцсон. Самбо бөхөөр залуучуудын ДАШТ-ээс хоёр ч хүрэл медаль хүртэж байлаа. Харин 2012 онд сонирхогчдын сумо бөхийн залуучуудын ДАШТ-д оролцсон. Шийдвэрлэх барилдаанд Японы бөхтэй үлдэн түрүүлсэн санагдана. Түүнээс өмнө Японд жил бүр болдог Хакүхо аваргын нэрэмжит тэмцээнд оролцсон юм. Тэмцээний үеэр Хакухо аваргатайгаа хамт долоо хоног бэлтгэл хийсэн шүү. Бэлтгэлийн үеэр Д.Дагвадорж аваргын дэвжээний багш намайг тэндээ үлдэж, сумогоор барилдах уу гэж билээ. Д.Дагвадорж аварга зодог тайлж байсан жил юм байна. Сумо бөхийн бэлтгэл гэдэг тийм ч амар биш юм билээ. Үнэхээр л хүний хөлс, хүч бүх зүйлийг шавхдаг. Миний хувьд сумо бөхөөр хичээллэнэ гэдэгтээ итгэлгүй байсан болохоор нутаг буцсан даа.

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас таны багш Ц.Шийрэвт хурандаа, танд дэслэгч цол олгожээ.

-Багштайгаа хамт шагнууллаа. Үүнд маш их баяртай байна. Ц.Шийрэв багшдаа халуун баяр хүргэе. Надад жүдо бөхийн мэхнээс эхлээд хүнийг хүндлэх ёсыг хүртэл зааж сургасан багшдаа маш их баярлаж явдаг шүү. Мөн Шүүхийн шийдвэрийн 439-р анги, “Сүлд” спорт хороо, “Таван богдын бүргэдүүд” дэвжээ, төрүүлж өсгөсөн аав, ээж, нутаг усныхандаа талархаж байна.

-Хүнд, хэцүү бэлтгэлийн дараа шантарч байв уу?

-Ховор шүү. Хэдий хүнд, хэцүү бэлтгэлтэй үе олон ч багш минь урмын үг хайрлаж, хүч нэмдэг. Ер нь аливааг, давна туулна гэсэн эрмэлзлэлээр өөрийгөө хөглөж явдаг даа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *