Зуны дэлгэр цагт хөдөө орон нутагт иргэд амарч аялах нь ихэссэн. Үүнтэй холбогдуулаад байгаль орчноо бохирдуулж хог тарих нь хэрээс хэтрээд байгаа. УИХ-ын хаврын чуулганаар Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Уг хуульд хог хаясан хүмүүстэй хариуцлага тооцох хуулийн “чанга” заалтууд тусгагдсан байгаа. Тодруулбал, уг хуулийн 41.13 дахь заалтад хог хаягдал хаяж байгаа тухай мэдээллийг холбогдох байгууллагад нь өгч, тухайн асуудал нь баталгаажсан тохиолдолд мэдээлэл өгсөн иргэн хог хаясан байгууллагын торгуулийн дүнгийнх нь 15 хувьтай тэнцэх мөнгөн урамшуулал авах урамшууллын системийг тусгаж өгчээ. Харин иргэн, аж ахуйн нэгжийн хог хаяхдаа хэрэглэсэн тээврийн хэрэгслийг хурааж, зөрчил гаргасан хүнийг нэг сая төгрөг, хуулийн этгээдийг гурван сая төгрөгөөр торгох, нийтийн эзэмшилд зар сурталчилгаа байршуулах, шашны болон зан үйлийн эд зүйлс тавьж хог хаягдал үүсгэхийг хуулиар хориглож өгчээ. Хууль батлагдсан бөгөөд хэрэгжилтэд хяналт тавихад иргэд олон нийт, аж ахуйн нэгж байгууллагуудын оролцоо, идэвх маш их хэрэгтэй байгаа талаар холбогдох яамдаас анхааруулж хэлж байгаа. Батлагдсан хуулийн шинэчилсэн найруулгын бас нэг чухал ололт бол хог хаягдлын талаар иргэдийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн нэг бүлэг нэмж оруулж өгчээ. Тиймээс боловсролын байгууллагуудаар дамжуулан албан боловсролын сургалтын хөтөлбөрт хог хаягдлын асуудал бүхий агуулга оруулахаар болсон байна.
Б.ОД