Манай сурвалжлах баг Хүй долоон худагт ажиллаж байна. Энэ үеэр МАКС-ын Д.Ганбаатарын хурдан хүлгийн галаар зочилж, түүнээс ийн ярилцлага авлаа.
–Үндэсний их баяр наадмын мэнд хүргэе. Та сайхан наадаж байна уу?
– Сайхан наадаж байна. Сайхан баяр наадам болж байна. Малчин монголчууд агуу их соёлтой, бахархал омогшилтой ард түмэн. Амьд явбал ирэх жилийн наадам үзнэ гэж ярьдаг шүү дээ. Монгол наадам бахархалтай. Морь хурдан сайхан байна, морьд уралдаанд сайн давхиад л ирэхэд сэтгэл тэнэгэр сайхан байдаг юм.
-Өнөө жил та хичнээн насны морьд уяж байна?
-Нас бүрт хоёр, гурван морь уясан.
–Энэ зун нэлээд гандуу байлаа. Танай галынхан хаагуур нутаглаж, хурдан морьдоо сойв?
-Тиймээ. Нэлээд гандуу байлаа. Төв аймгийн Баянжаргалан сумын нутгаар нутаглаж байна.
-Өнөөдөр уяачдын баяр өргөн дэлгэр сайхан болж байна?
-Бөхчүүд сайхан барилдаж байна. Морьд хурдан сайхан наадам болж байна. Энэ жилийн наадамд зээрд соёолон маань аман хүзүүдлээ. Монголчууд соёолонгийн тоосонд орохыг их бэлгэшээдэг. Манай МАКС групп олон ажлын байр бий болгохыг зорилгоо болгож байгаа. Соёолон үрээ минь хурдан байсан нь бидний зорилго биелэхэд хоёр алхам дөхсөн байх гэж бодож байна.
–Хүй долоон худагийн энд танайх хэр удаж байгаа вэ?
-Энэ буугаад 12,13 жил болчихлоо. Цаг хугацаа ч хурдан юм. Наадам бүрээр дөхөж ирдэг.
-Хөдөө орон нутгийн наадмуудад хурдан хүлгүүдээ уралдуулж байна уу?
-Дараагийн наадмууд хүлээж байна. Олон сайхан бүсийн наадмууд болно. Өврийн сайхан хангай буюу ээжийнхээ нутгийн наадмыг зорин очно доо.
-Сэрвээний өндрөөр нь ялгаад, энэ жилийн наадамд олон морьдыг эрлийз хэмээн хаслаа. Энэ хэр зөв бэ. Таны бодол?
-Яг нэг хэмжүүр байгаад, тэрийгээ мөрдөх ёстой. Хасагдсан адууны зарим нь монгол адуу байх шиг. Сайн адуутай больё гээд зүтгэсэн хүмүүсийн багадаа нэг, дээд тал нь 5,10 жилийн хөдөлмөр шүү дээ. Үүнийг нь үгүй хийж байна. Цаашдаа хуультай л болох ёстой байгаа юм. Хүнийг үзэмжээр нь харсан нь зүйд нийцэхгүй байгаа юм болов уу. Уяачдыг их талцуулж байна. Хуучны уяачид бие, биедээ хүндэтгэлтэй ханддаг сайхан байсан. Энэ жил гэхэд л 400 гаруй үрээ хасагдлаа. Ирэх жилээс бүгдийг ойлгомжтой болгоод нарийн хуультай болсон нь дээр байх. Нэг галаас гэхэд л 10 гаруй үрээ тэр чигээрээ хасагдаж байна. Нэг талаар их харамсалтай зүйл болж байна шүү дээ.
О.АРИУН
Э.МӨНХ