Categories
мэдээ цаг-үе

Дроныг улс орнууд аюулгүй байдлаа хамгаалахын тулд өргөнөөр ашиглаж байна

Дрон буюу алсын жолоодлогот нисдэг төхөөрөмж нь дэлхийн I дайны үеэс үүсэлтэй. Тухайн үед нисгэгчгүй агаарын хөлгийг урьдчилан тогтоосон цэгт дэлбэлэх зорилготойгоор илүүтэй сонирхож байсан ч сүүл рүүгээ хүн төрөлхтний түүхэнд өрнөсөн бүхий л дайн тулаанд янз бүрээр ашиглаж иржээ. Өртөг өндөртэй агаарын хөлгөө сүйрүүлэхгүйн тулд нисгэгчгүй, алсын удирдлагатай төхөөрөмжөөр үүрэг гүйцэтгүүлэх нь ашигтай гэдэг санаан дээр дроныг сонгодог байсан бөгөөд он цаг улирахын хэрээр хийх үйлдэл нь улам боловсронгуй буюу нэг талаар илүү хорон болж ирсэн гэж болно. Вьетнамын дайны үед АНУ-ын тал олон мянган нисгэгч, агаарын хөлгөө алдсан бөгөөд тэр үед америкчууд дроныг түлхүү ашиглах нь хохирол багатай байх болно гэдэг дээр санал нэгдсэн байдаг. Энэ цаг үеэс дроны үйлдэл улам нарийсч хүчин чадал нь нэмэгдэж, олон үйлдэлтэй болжээ. 1980-1990 онд дроны технологийг боловсронгуй болгож, хэмжээг нь жижгэрүүлснээр олон улсад түгэх эхлэл нь тавигджээ.


ДРОНЫГ ДЭЛХИЙН 30 ГАРУЙ ОРОНД ЦЭРГИЙН ЗОРИУЛАЛТААР АШИГЛАЖ БАЙНА

Дэлхийн 90 гаруй оронд дроныг өргөнөөр ашиглаж байгаагийн 30 гаруй хувь нь цэргийн зориулалтаар ашиглаж байна гэсэн судалгаа гарчээ. Дроныг ерөнхийд нь үл үзэгдэгч дайны зориулалттай, том овортой, цэргийн тусгай зориулалттай, дунд оврын цэргийн болон арилжааны зориулалттай, сонирхогчдын зориулалттай гэж дөрөв ангилан үзнэ. Жижиг дрон нь 25 кг хүртэлх жинтэй бөгөөд 300 метрийн өндөрт таван цаг хүртэлх хугацаанд 111 км/цаг хурдлах боломжтой байдаг бол дунд оврынх нь хоёр тонн хүртэлх жинтэй байх агаад 5.5 км-ийн өндөрт цагт 185 км хүртэлх хурдалдаг юм байна. Ийм дрон агаарт 30 цаг хүртэлх байх чадвартай аж. Харин том оврын дроны хувьд дунд оврын дроноос үзүүлэлтийн хувьд 3-7 дахин илүү хүчин чадалтай гэсэн үг.

2010 оноос өмнө улс орнуудын хувьд дроны хэрэглээ бага байжээ. Ихэвчлэн Засгийн газар нь цөөн тооны дронтой байсан бол өнгөрсөн оноос энэ үзүүлэлт 2016 оноос огцом өссөн байгаа юм байна. 2028 он гэхэд Засгийн газар болоод иргэдийн сонирхогчийн журмаар худалдан авч байгаа дроны хувь хэмжээ тэнцүү хэмжээнд хүрч очно гэдгийг тогтоожээ.

ҮЛ ҮЗЭГДЭГЧ ДАЙНЫ ЗОРИУЛАЛТТАЙ ОНГОЦ БОЛ ДРОНЫ ХАМГИЙН АЮУЛТАЙ ХУВИЛБАР

Дроныг зөвхөн зураг авах зориулалттай тоглоомын зүйл гэж ташаарч болохгүй гэдгийг дээр дурдсан дөрвөн ангиллын эхний гурав нь цэрэг, дайны зориулалттай байгаагаас харж болох нь. Үл үзэгдэгч гэгддэг дайны зориулалттай онгоцууд чинь дроны хамгийн аюултай хувилбар нь. Том оврын, цэргийн зориулалттай дронууд нь ачаа, тээврийнх бөгөөд сум, зэр зэвсэг, цэрэг дайчдыг тээх зорилготой. Үүнийг нь ашиглаад карго, хүн тээвэрт ч дроныг ашиглаж байна. Карго, захидал илгээмж түгээх салбарт карго хэдийнэ нэвтрээд байгаа бол хүн тээвэрт ч дроныг нэвтрүүлээд байгаа юм. Хоёр, дөрвөн хүний багтаамжтай жижиг оврын онгоцуудыг таксины оронд явуулдаг байсан бол ийм багтаамжтай дронууд ч үйлчилгээнд нэвтрээд байна. Дроноор анааш, заан мэт циркийн амьтдыг зөөвөрлөх, гал түймэр унтраахын тулд ус зөөх мэтээр зөөвөрлөгч хийх болсон.

УЛС ОРНУУД АЮУЛГҮЙ БАЙДЛАА ДРОНДДААТГАЖ БАЙНА

Дроныг хувь хүмүүс, бизнесийнхэн байгаль хамгаалал, загас сонирхогч, газарзүйн зураглал хийх, хэрэглээний судалгаа, ашигт малтмалын хайгуул, газар тариалан, харилцаа холбооны радио релей, нефтийн урсгалын өөрчлөлт, байр талбайн хамгаалалт, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ, хэвлэл мэдээллийн түгээлт, кино зураг, фото зураг авалт, агаараас зар сурталчилгаа хийх, каргоны зориулалтаар ашиглахаар худалдан авч байгаа аж.

Харин Засгийн газрууд дроныг 2005 оны үед хил хамгаалах, атмосферийн судалгаа, ойн хамгаалалт, далайн авран хайх ажиллагаанд түлхүү ашиглаж байсан бол 2010 оноос хойш хууль хүчний байгууллагууд, хар тамхины бүлэглэлтэй тэмцэх, эрэн сурвалжлах, байгаль орчны хамгаалалт, агаарын тандан судалгаанд түлхүү хэрэглэх болжээ. Харин өнгөрсөн жилээс улс орныхоо аюулгүй байдалдаа анхаарч олон тооны дронтой болж байгаа юм байна.

ХАМГИЙН ЭРЭЛТТЭЙ ДРОНУУД 2.5-4 САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА

Дроны үнэ ханш хүчин чадал, зориулалт зэргээсээ хамаарч өөр өөр. Энгийн бидний хувьд зураг авчихаар дронтой болохыг хүсвэл нэг саяас 1.5 сая төгрөгтэй байх хэрэгтэй. Сонирхогчдод зориулсан дроны батерей 20-25 минут нисэх хүчин чадалтай учир нөөц зайтай байх шаардлагатай. Зай нь 200-600 мянган төгрөгийн үнэтэй. Харин бичлэг хийх дрон 1.8 саяас 100 мянган ам.долларын үнэтэй байна. Мэдээж үнэ нь нэмэгдэх тусам бичлэгийн чанар нь сайжирна гэсэн үг шүү дээ.

Монголд боломжийн дрон 2.5-6 сая төгрөгийн ханштай байгаа бөгөөд арилжааны банкууд дроны лизингийн үйлчилгээ нэвтрүүлээд удаж байгаа аж.

Дроны нислэгийн хугацаа нь урт, удирдах зай нь хол байх тусмаа үнэтэй бөгөөд дээр нь хурдтай, бичлэгийн нягтрал нь сайн саад бартаа мэдрэх чадвар нь өндөр байвал үнэ нь нэмэгддэг юм байна.

Phantom 4 pro дроныг захиалгаар авахад 3.8 сая төгрөгийн үнэтэй юм байна. 30 минутын турш нисэх боломжтой, долоон км-ийн цаанаас удирддаг энэ дрон нь 72 км/цагийн хурдтай. Саадыг 30 метрийн зайнаас мэдэрч бултдаг бөгөөд таван талдаа мэдрэгчтэй аж.

ДРОН НИСГЭХИЙН ТУЛД СУРГАЛТАД СУУДАГ

Дроны худалдаа, захиалга, засварын үйлчилгээгээр дагнасан газрууд Улаанбаатарт олон байна. Цахилгаан барааны дэлгүүрүүд ч дроныг худалддаг болсон. Дроны худалдааны газрууд худалдан авагчдадаа тусгай сургалт явуулж, дроны талаарх ойлголтыг маш сайн өгдөг гэнэ. Гурван тэнхлэгт хөдөлгөөн хийгддэг болохоор хавтгай дээр удирдахаас хэцүү учир машин барихаас хавьгүй их мэдрэмж шаардана. Аливаа хүн бүрэн сайн эзэмших хүртлээ дроныг дунджаар 2-3 удаа унагах буюу мөргүүлдэг гэнэ. Байшин барилга, хүн, машин тэрэг, шонгийн мод, цахилгааны утас зэргийг мөргүүлэхээс гадна байгалийн хүчин зүйлсийг ч мартаж болохгүй.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *