Тулгар төрийн 2226, Их Монгол улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ойн их баяр наадам дааганы уралдаан, үндэсний бөхийн барилдаанаар үргэлжилж байна. Төв цэнгэлдэх хүрээлэнд наадамчин олон сайхан баярлацгааж, тэдний бяцхан хүүхдүүд бүр ч их юм үзэж нүд тайлж байна. Тиймээс буяхан хүүхэд багачуудын төлөөлөл болгон 79 дүгээр дунд сургуулийн 1д ангийн сурагч Г.Мөнхтэмүүлэнгээс зарим зүйлийг тодруулж, наадмын тухай сэтгэгдлийг нь хуваалцлаа.
–Сайхан баярлаж байна уу. Анх удаагаа наадам үзэж байгаа юм уу?
-Сайхан баярлаж байна. Өмнө нь ингэж Төв цэнгэлдэхэд ирж наадам үзэж байгаагүй. Аавтайгаа, эмээтэйгээ хуушуур идлээ, ундаа авч уулаа. Бас хүүхдийн тоглоом гээд үзэж гоё гоё юм олон байна.
–Наадмын юу нь хамгийн гоё байна?
-Сая эмээ нүүрэн дээр наадаг шивээс авч өгсөн. Нүүрэндээ наасан чинь ёстой гоё юм байна. Шивээс их таалагдлаа. Бас бөхийн барилдаан, хурдан морины уралдаан ч гэсэн гоё шүү дээ. Дугуй хуушуурнууд бас амттай юм байна. Бид хуушуур идсэн, одоо эмээ айраг авч байна.
Н.ГАН