Categories
мэдээ нийгэм

У.Баатархуяг: Иргэд наадам үзэх соёлтой болжээ

Тулгар төрийн 2226, Их Монгол улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ойн их баяр наадам Үндэсний бөхийн зургаагийн даваагаар үргэлжилж байна. Наадмын үеэр цагдаа, хүчний байгууллагынхан өндөржүүлсэн бэлэн байдалд, баярлах ч завгүйгээр наадамчин олныхоо тав тух, амар тайван байдлыг ханган ажиллаж байна.

Тиймээс цагдаа нарын төлөөлөл болгон наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд ажиллаж буй “Иргэний агаарын тээвэр” -ийн цагдаагийн хэлтсийн жижүүрийн офицер У.Баатархуягтай ярилцлаа.

-Сайн байна уу. Баяр наадмын мэнд хүргэе. Та бүхэн наадам бүрээр л хамгаалалтад гарч байгаа байх. Жирийн иргэд шиг наадамлаж амжихгүй хэцүү байдаг уу?

-Өндөржүүлсэн бэлэн байдал зарласан үед цагдаагийн байгууллагын бүх бие бүрэлдэхүүн ажилладаг. Баяр наадам, цагаан сар зэрэг томоохон баяр ёслолын үеэр бид хамгаалалтын үүрэг гүйцэтгэдэг. Энэ ажлыг заавал хэцүү гэж ойлгож болохгүй. Бид Монгол улсынхаа төлөө зүтгэе гээд тангаргаа өргөчихсөн хүмүүс. Мөн энэ албан үүрэгтээ шигшигдэж, шалгагдаад, үлдсэн, энэ албанд жинхэнэ тохирсон хүмүүс ажилладаг. Өөрөөр хэлбэл, бид энэ мэргэжилдээ хайртай, сэтгэл зүтгэлтэй, төрийнхөө төлөө ажиллана гэсэн тангаргатай. Харин бидний эхнэр, хүүхэд хань ижил, аав ээж бидний ажлын онцлогийг ойлгож, хариуцлагатай ажил хэмээн хүндэтгэж, дэмждэг нь бидэнд их урам зориг ажлаа сайн хийх нөхцөл болдог.

Наадамчдын наадах соёл ямар байна. Та бүхний ажлыг хэр ойлгож байна вэ?

– Би цагдаагийн байгууллагад 10 дахь жилдээ ажиллаж байгаа. Жил жилийн наадам өөр, өөр онцлогтой байдаг. Нэг үеэ бодвол наадам тайван сайхан болдог болж байна. Наадамчин олон биднийг ажлыг ойлгодог, хүдэтгэлтэй ханддаг болчихож. Мөн маш ухамсартай, наадам үзэх өндөр соёлтой болжээ.

-Та энэ удаа шагайн харвааны асарыг хариуцаж буй юм байна. Шагайн харвааны онцлог эндэхийн уур амьсгал ямар байна вэ?

– Манайх “Иргэний агаарын тээвэр”-ийн цагдаагийн хэлтэс. Цөөхөн хамт олонтой учраас шагайн асар болон эндэхийн хэв журам, хөдөлгөөний аюулгүй байдлыг хариуцаж байгаа. Шагайн харваа сайхан сэтгэгдэл төрүүлж байна. Хуучин эрийн гуван наадам гээд л морь, бөх, сурыг илүү сонирхдог байсан бол жил ирэх тусам манайхан шагайн харвааг ихэд сонирхох болжээ. Үндэсний баяр наадмын шагайн харваанд оролцох хүсэлтэй залуус олон болсоор байгаа харагдаж байна.

-Та яагаад цагдаагийн мэргэжлийг сонгох болсон бэ?

-Манай аав насаараа Цагдаагийн байгууллагад ажилласан цагдаагийн ахмад, С.Уламбаяр гэж хүн бий. Аавыгаа дуурайгаад, өөрийнхөө хүсэл мөрөөдлөөр цагдаа болсон. Ажилдаа дуртай учраас шантарч байсангүй. Хэцүү гэж харах юм бол бүх л алба хэцүү, сайхан гэж харвал бүх л мэргэжил сайхан шүү дээ.

Н.ГАНЧИМЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *