Categories
мэдээ спорт

Монгол төрийн наадмын зүүний манлай

Image result for Дамдин аварга

Монголын төрт ёсны дээдийн бахархал, үндэсний их баяр наадам эхэлж байна. Дөнгөж өчигдөрхөн тангаргаа өргөсөн шинэ Ерөнхийлөгч төрийн их наадмаа нээж, Монголын тал нутгаар уртын дууны шуранхай, уухайн түрлэгтэй хосоллоо. Төв цэнгэлдэх хүрээлэнд хүчит бөхийн нэгийн даваа эхэлж буй энэ цаг дор Монгол төрийн наадмын зүүний магнай болсон хүчит аваргуудын тухай цухас өгүүлэхийг хүссэн юм. Мянган бөхийн манлай болж Монгол төрийн наадмын магнайд гарна гэдэг өндөр хувь заяа билээ. Үндсэндээ төрийн наадмын зүүний магнай гэдэг сүлд хийморийн билгэдэл, монгол бөхийн баяр бахдал билээ.

Image result for Намхай аваргаАрван засгийн даншиг наадамд Түшээт ханы ах дүү домогт аваргууд болох Намхай, Лувсанжамбаа нарын хүчитнүүд төрт ёсны наадмын зүүний магнайд босч байсан түүхтэй. Түүний дараагаар Их Монгол хэмээн алдаршсан Хасын Шаравжамц аварга, тэгээд ардын хувьсгалын эхний жилүүдэд Хан Хэнтийн босоо Самдан аварга, Лу гүний Вандан аварга гээд домогт их хүчтэнүүд зүүний магнайд гарч байсан.

Image result for Их Монгол Шаравжамц

1946 онд Ардын хувьсгалын 25 жилийн ойгоор Их Монгол Шаравжамц аварга 70 хэдэн насандаа Маршал Чойбалсангийн урилгаар ирж, Монгол төрийн наадамдаа зодоглож байсан. Их Монгол аваргыг зүүний магнайд босоход Буур Жамъян аварга цолыг нь дуудаж хүндэтгэл үзүүлж байсан түүх бий. Дөчөөд оноос хойших 30 гаруй жилийн наадмын зүүний магнайд Монгол Улсын даяар дуурсагдах дархан аварга, Үндэсний спортын ууган гавьяат мастер Бадамдоригийн Түвдэндорж аварга магнайлж босч байсан. Түүний дараагаар алдарт Дарийн Дамдин аварга, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул Шаравын Батсуурь аварга нар манлайлж байсан. Ингээд монгол бөхийн амьд домог Хоёр Мөнхтэй золгосон юм. Жигжидийн Мөнхбат, Хорлоогийн Баянмөнх аваргууд Монгол төрийн наадмын зүүний магнайд хичнээн жил босч ард түмнээ баясган, төрийн наадмын чимж барилдсаныг олон түмэн сайн мэднэ.

Image result for Мөнхбат БаянмөнхХоёр Мөнхийн дараагаар монгол бөхийн барилдааныг мэргэжлийн өндөр түвшинд хүргэсэн гэгддэг алдарт их аварга Дашдоржийн Цэрэнтогтох зүүний магнайг залгаж авсан. Тэрээр Бат-Эрдэнэ аваргын үед ч зүүний магнайг эзэгнэж байсан.

1994 онд Мөөеө аварга хөдөлмөрийн баатар цол хүртээд Дамдин аварга дээр очсон байдаг. Үндсэндээ Дамдин аваргадаа хүндэтгэл үзүүлжээ. Үүний хариуд Дамдин аварга “Хөдөлмөрийн баатрын алтан соёмбыг чинь би монгол төрийн наадмын зүүний магнайгаар шагная” гэж хэлсэн удаатай. Ингээд тэр жилийн наадамд Дамдин аварга зодоглолгүй өнжиж Мөөеө аварга хөдөлмөрийн баатар хэмээн цоллуулаад зүүний магнайд баяр бахдал дүүрэн босч байсан. Ерэн дөрвөн оны наадамд 768 бөх зодоглосон юм. Зүүний магнайд Мөөеө аварга, барууны магнайд Баянаа аварга, зүүний дагавар магнайд Цэрэнтогтох аварга, барууны дагавар магнайд Бат-Эрдэнэ аварга эрэмбээрээ зодоглож байв.

Image result for Дамдин аваргаДамдин аваргаас зүүний магнайг авсан Мөөеө аварга тэр жил 53 насандаа зургаа давж дунд шөвөгт шалгаран нэгэн онцгой амжилтыг үзүүлж байсан түүхтэй. Зүүний магнай гэдэг ийм л домогт их аваргуудын эрэмбээрээ хүртдэг соёрхол юм. Монгол наадам, түүгээр дамжаад Монголын их соёлын дархлаа юм.

Image result for Өсөхбаяр СүхбатХарин одоогоос хэдэн жилийн өмнө үндэсний бөхийн хоёр дархан аварга зүүний магнайгаа булаацалдаж, наадамчдын өмнө шившгээ дэлгэж байсан удаатай. Үндсэндээ зарлигаар дархан аварга болсон одоогийн Их хурлын гишүүн, Ардын намын А.Сүхбат зүүний магнайд хэл амтай, хэрүүл тэмцэлтэй гарч байв. Тэгээд зогсохгүй гурвын гурвын даваанд ижил дархан аварга болох Г.Өсөхбаярыг амлаж шуугиан тарьсан. Тэр жил бөхийнхөө эрэмбээр бол Гэлэгжамцын Өсөхбаяр аварга зүүний магнайд гарах байсан юм билээ. Гэвч нэгэн цагт зодгоо тайлж буйгаа наадмаар мэдэгдэн олон түмнийг уйлуулж орхисон Сүхбат тайлсан зодгооо дахин өмсөөд зүүний магнайг булаацалдсан нь тэр. Өнөө жилийн наадамд зодоглосон хүчит бөхчүүлийн зүүний магнайд дархан аварга Г.Өсөхбаяр эрэмбээрээ босч зодоглож байна. Мөн Монгол Улсын ардын багш, гавьяат дасгалжуулагч О.Балжинням аварга 57 насандаа зодоглож буйг дуулгая.

Ө.МАНЛАЙ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *