Дагестаны алдарт бөх Али Алиевын нэрэмжит чөлөөт бөхийн олон улсыг тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд Каспийск хотод боллоо. Тэмцээний сүүлийн өдөр манай гурван бөх зодоглосноос 70 кг-ийн жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Ганзоригийн Мандахнаран хүрэл медаль хүртлээ.
Тэрбээр тэгшитгэлд Байболсен Курманбековыг, 1/8 шигшээд Ставрополийн хязгаарын Муслим Караев нарыг ялж, шөвгийн наймд “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт, 2015 оны Лас Вегасын дэлхийн аварга, Франк Чамизод 2:6-аар ялагдсан. Дагах барилдаанд Мурад Курамагамедовыг ялж, хүрэл медалийн төлөөх барилдаанд өнгөрсөн жилийн Оросын аварга Заурбек Сидаковтой барилдах ёстой байсан ч өрсөлдөгч нь бэртлийн улмаас дэвжээн дээр гараагүй байна.
Чансаа өндөр тус тэмцээнээс хамгийн сүүлд 2010 онд гавьяат тамирчин Баяраагийн Наранбаатар мөнгөн медаль хүртэж байв. Тэгвэл долоон жилийн дараа Г.Мандахнаран амжилтыг залгуулж хүрэл медалийг эх орондоо авчирахаар болж байна.