Categories
мэдээ цаг-үе

​Н.Жанцан: Үндсэн хуулийн цэцийн шийдвэр эрх баригчдад таалагдах албагүй

Үндсэн хуулийн Цэцийн гишүүн, Монгол Улсын гавьяат хуульч, доктор, профессор Н.Жанцантай ярилцлаа.


-Үндсэн хуулийн Цэцийн 25 жилийн ой тохиож байна. Та Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр 25 жил ажилласан ганц. Хамаг залуу нас гэдэг шиг ухамсарт амьдралаа та бараг л бүхэлд нь зориулсан хүн. Эргээд бодож суухад ямар бодол төрж байх юм?

-Үндсэн хуулийн Цэц байгуулагдаад 25 жил боллоо. Энэ өнгөрсөн 25 жилийг Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих байгууллага зайлшгүй чухал бөгөөд хэрэгцээтэй болохыг нотолсон он жилүүд гэж хэлж болно. Миний хувьд 1992 онд Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн байхдаа шинэ Үндсэн хуулийг боловсруулах, батлах үйл явцад хувь заяаны төөргөөр оролцож улмаар өөрийн баталсан Үндсэн хуулиа хамгаалах эрхэм хариуцлагатай үүрэгтэй золгосон юм. Үндсэн хуультай хувь заяагаа холбосон 27 жил бол үргэлж гэрэл гэгээтэй, хариуцлагаа мэдэрсэн он жилүүд байлаа.

Шинэ Үндсэн хууль боловсруулах тэр цаг мөчид хуульч гишүүдийн тоо ч цөөн байлаа. Тэр тусмаа ОХУ-д хууль зүйн доктор хамгаалаад ирсэн, олон улсын эрх зүйн талаар харьцангуй шинэвтэр гэх үү дээ мэдлэгтэй байсан учир юм юманд л дайчлагдаж байсан. Эргээд харахад бүх юм саяхан мэт санагдаж байна. Яах аргагүй миний хамаг залуу нас, хамгийн эрч хүчтэй цаг хугацаа Үндсэн хуульд л зориулагдсан. Үүндээ харамсах зүйл огтхон ч байхгүй. Харин ч бахархаж явдаг.

-Үндсэн хуулийн Цэц, Үндсэн хууль өнгөрсөн хугацаанд үүргээ хэр сайн биелүүлсэн гэж боддог вэ. Сүүлийн жилүүдэд Үндсэн хуулийн Цэц, Үндсэн хуулийг буруутган ярих хүмүүс олширсон л доо?

-Үндсэн хуулийн Цэц үүргээ чин шударгаар биелүүлж ирсэн. Зарим хүмүүс албан тушаалтан, эрх мэдэлтнүүдийн бүх зөрчлийг Үндсэн хуулийн Цэцэд хамааруулах гэж зүтгэдэг тал бий. Үндсэн хуулийн Цэцийн хил хязгаарыг Үндсэн хууль өөрөө тодорхойлсон. Тийм болохоор тэр хил хязгаарыг Үндсэн хуулийн Цэц ч зөрчиж болохгүй. Товчоор хэлбэл Үндсэн хуулийн зөрчил л бидэнд хамаатай. Үндсэн хуулийг буруутгах нь угаасаа хариуцлагаас зайлсхийдэг хүмүүсийн ажил. Харин Үндсэн хуулийн заалтыг засч сайжруулах тухай санал бодол бол өөр зүйл. Үндсэн хууль хүчинтэй байгаа цаг мөчдөө зөвхөн биелэгдэж байх учиртай. Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр бүх хүнд, ялангуяа эрх баригчдад таалагдах алба байхгүй.

-Цэцийн дээр хөх тэнгэр бий хэмээн ярилцдаг. Гэсэн ч Үндсэн хуулийн Цэц улстөрчдийн гар хөл боллоо. Улс төрөөс ангид шийдвэр гаргахаа больсон гэх дайралтууд их байна. Үүнд тайлбар өгөхгүй юу?

-Үндсэн хуулийн Цэц өнгөрсөн хугацаанд Улсын Их Хурлын гаргасан олон арван хуулийн заалтуудыг хүчингүй болгосон. Мөн Ерөнхийлөгч, Засгийн газрын гаргасан зарим шийдвэрийг ч хүчингүй болгосон. Үндсэн хуулийн Цэцийн эрх мэдлийн талаар дутуу ойлголттой зарим хүмүүс Улсын Их Хурал Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хүлээж авсангүй гэхээр Цэц буруу шийдвэр гаргаж ялагджээ гэх мэтээр ойлгодог. Гэтэл Улсын Их Хурал Цэцийн дүгнэлтийг хүлээж аваагүй тохиолдолд Цэц их суудлаараа уг асуудлыг хэлэлцэн эцэслэн шийдвэрлэдэг. Цэцийн шийдвэр эцсийн бөгөөд гармагцаа хүчин төгөлдөр болох тухай Үндсэн хуулийн заалт бий. Улстөрчид ихэвчлэн өөрт нь таалагдаагүй шийдвэр гарах тохиолдолд Цэц рүү довтолж ёстой нөгөө улс төрөө хийдэг. Би энэ мөчид Герман Улсын Үндсэн хуулийн шүүхийн шүүгч нэг доктор хүний хэлсэн үгийг саналаа. Тэрбээр “Танай Үндсэн хуулийн шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж улстөрчид нь аль хэр довтолж байна. Хэрэв их довтолж, бухимдаж байгаа бол та нар ажлаа зөв бөгөөд сайн хийж байна гэж бод. Харин та нарыг улс төрийн хүчнүүд магтаж сайшааж байвал бид чинь нөлөөнд орчихсон юм биш байгаа гэж мөрөө эргэж хар” гэж хэлсэн юм. Тэгэхээр Үндсэн хуулийн Цэц магтуулж байсан цаг үеэ санахгүй байна. Харин олон түмэн талархаж, баяр хүргэж байсан тохиолдлууд бол цөөнгүй бий.

-Цэц бол Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурорыг хянадаг байгууллага. Харин эдгээр хүмүүс хянуулах дургүй байдаг. Нэг үгээр хэлбэл хөл нь толгой болчих гээд байдаг гэмтэй. Энэ бүхэнд тааруулж шийдвэр гаргана гэдэг амаргүй байх. Тийм үү?

-Харин нэг сайшаалтай зүйл бол манай Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр туршлагатай, нэр хүнд бүхий хуульчид, улстөрчид удаа дараа томилогдон ажиллаж байсан. Энэ бол нөлөөнд автагдахгүй ажиллах нэг гол шалгуур байдаг юм. Нэг үгээр хэлбэл Үндсэн хуулийн Цэц шалгаж байгаа хүмүүсийнхээ гар хөл болох тухай ойлголт байхгүй, цаашид ч байхгүй. Тэгээд ч хүнд тааруулж шийдвэр гаргана гэсэн зүйл байхгүй гэсэн үг. Зөвхөн Үндсэн хуульд л тааруулж шийдвэр гаргана. Тодорхой хүмүүсийн тухайд Цэцийн шийдвэрийг аль өнцгөөс нь харж уншина тэр бол тухайн хүний эрхийн асуудал.

-Улсын Их Хурлаар батлагдсан хуулиуд Үндсэн хуулийн Цэц дээр очоод унах байдал их болсон. Их Хурал маань Үндсэн хууль зөрчсөн хууль батлаад байна уу, Үндсэн хууль маань цаг үеэсээ хоцроод байна уу. Эсвэл хууль батлагчид маань гологдоод байна уу. Ямар нэгэн учир шалтгаан байж л таараа?

-Үндсэн хуулийн зөрчил бол санаатай, санамсаргүй гэж хоёр хуваагддаг. Олон жилийн ажиглалтаас үзэхэд санаатайгаар Үндсэн хууль зөрчсөн хууль буюу хуулийн заалт батлах нь тун цөөхөн гэхдээ тохиолдлууд байсан. Ихэнх зөрчлүүд санамсаргүй, санамсаргүй доторх хайхрамжгүй ангилалд багтдаг юм. Ний нуугүй хэлэхэд Улсын Их Хурлын гишүүдийн зарим нь баталж байгаа хуулиа бүрэн уншиж учир начрыг нь тунгаагаагүй байж кнопоо дардаг юм билээ. Ийм шүүлтүүр дутсанаас хайхрамжгүй алдаа цөөнгүй гараад байдаг. Нөгөө талаас намын бодлого гэсэн дулдуйталтанд орж хууль батлах нь алдаа дагуулах бас нэг үндэс болдог. Түүнээс биш Үндсэн хууль цаг үеэсээ хоцрох тухай ойлголт байхгүй. Ер нь манай улсад цаашдаа байнга санаж бодож явах зүйлийн нэг бол Улсын Их Хуралд нэр дэвшигчдийн чанар чансааг анхаарах, ялангуяа оюуны чадавхи, амьдралын туршлага, төрд чанагдсан байдлыг тал талаас нь харж байж сонгох явдал чухал байна. Энэ бол сайн хууль төрөхийн нэг үндэс мөнөөсөө мөн.

-Ямар нэгэн ашиг сонирхлын үүднээс Цэцэд нөлөөлөх, та нарт саад болох, өөрсдийн гарын хүнийг Цэцийн гишүүнээр томилуулах хандлага ажиглагддаг. Энэ бүхнийг арилгах боломж юу байх вэ. Та бол хоёр ч удаа Цэцийн даргаар ажиллаж байсан болохоор энэ бүхнийг сайн мэдэх хүний нэг л дээ?

-Цэцэд сонгох хүнийг намын нүдээр, улс төрийн хүчинд нөлөөлөх утгаар харах нь дэндүү өрөөсгөл бөгөөд Үндсэн хуулийн үзэл баримтлалд харш зүйл. Тийм учраас цэвэр улс төрийн ажил эрхэлж байсан, намын сонгуультан байсан хүнийг биш хуулийн салбарт үе шатаараа ажиллаж ирсэн туршлагатай хүмүүсийг сонгох нь чухал. Үндсэн хуулийн Цэц бол Үндсэн утгаараа ямар ч эргэлзээгүй Үндсэн хуулийн шүүх. Энэ байгууллага бол үндсэн хуулийн эрх зүйн маргаан шийддэг дээд хяналт. Тийм болохоор Үндсэн хуулийн Цэцэд зөвхөн хуульчид ажиллах нь илүү тохиромжтой. Дэлхийн жишиг ч тийм байгаа.

-Үндсэн хууль руу дайрах, давшлах хандлага бий болчихоод байна. Цаг үедээ нийцүүлэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ёстой гэж байгаа. Өөрчлөлт оруулах цаг нь мөн үү. Сэтгэлийн хөөрлөөр л явуулчих гээд байх шиг. 25 жил Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр ажилласан хүний хувьд ямар бодолтой байгаа вэ?

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал уг хууль үйлчилж эхэлснээс хойш 25 жилийн дараа байж болох зүйл. Бидний гол асуудал бол өөрчлөх ёстой зүйлээ олж өөрчлөх явдал. Үндсэн хуулийн Цэцийн нэг үүрэг бол Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа Үндсэн хуульд тавьсан шаардлагыг хэрхэн хангаж буйд хяналт тавих явдал юм. Бид Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах явцыг одоо ч анхааралтай ажиглаж байна. Тийм болохоор Үндсэн хуулийн өөрчлөлтийн үйл явцын голд өөрсдөө орчихож болохгүй юм. Хэрэв яагаа ч үгүй хутгалдвал өөрсдөө хяналт тавих үүргээ биелүүлж чадахаа болино. Тийм учраас хууль тогтоогчдод Үндсэн хуульд өөрчлөлт оруулах үйл явцыг бид анхааралтай ажиглаж байгаа шүү гэдгийг хэлэх байна. Харин манай Үндсэн хуулийн Цэцийн нэг онцлог бол Үндсэн хуульд зааснаар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн талаар Улсын Их Хурал албан ёсоор саналаа өгөх ёстой.

-Үндсэн хуулийн Цэцийн 25 жилийн ойг яаж тэмдэглэх гэж байна вэ. Төсвийн мөнгөөр ой тэмдэглэж болохгүй л гээд байгаа…

-Үндсэн хуулийн Цэцийн 25 жилийн ойг даруухан бөгөөд үр өгөөж, үлдэцтэй тэмдэглэхийг хичээж байна. Ой угтаад бид Үндсэн хуулийн эрх зүйн тулгамдсан асуудал сэдвээр онол, эрдэм шинжилгээний хамтын бүтээл туурвилаа. Энэ бүтээлийг хийхэд Монголын өмнөө барих эрдэмтэн, судлаачид оролцсон. Мөн ойд зориулж Олон улсын бага хурал зохион байгууллаа. Энэ хуралд ОХУ, Герман, Өмнөд Солонгос, Туркийн эрдэмтэн судлаачид ирж илтгэл тавьсан. Үндсэн хуулийн цэцийн зарим голлох шийдвэрүүдийг англи хэлээр орчуулж товхимол гаргалаа. Харин энэ бүх ажлуудад ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сан үлэмж туслалцаа үзүүлсэнийг зориуд тэмдэглэх ёстой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *